Нэр дэвшигчдийн ХОМ задарч, Их дүйчин өдөр тохиосон долоо хоног болж өнгөрлөө
Өнгөрсөн  долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын тоймыг хүргэе.

529 айл, өрх орон сууцаа хувьчилж авна

Долоо хоногийн даваа  гарагт  Засгийн газрын ээлжит бус хурал болж өнгөрлөө. Энэ үеэр ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол батлав.
Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ын ажилтан албан хаагч нар болон бусад иргэд гээд нийт 549 айл өрх 1998 оноос хойш түрээслэн сууж байгаагаас 529 эзэмшигч нь орон сууцаа нь үнэ төлбөргүй хувьчилж авах боломжтой  болов. Эзэмшигчдийн мэдээллийг 2020 оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан байна.

Нэр дэвшигчдийн ХОМ задарлаа

Долоо хоногийн Лхагва гарагт УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдын ХОМ-ын хураангуй АТГ-ын цахим хуудсанд тавигдлаа. УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслээс 485, бие даан 121 хүн нэр дэвшээд байна. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын цахим системд анх удаа бүртгүүлсэн юм. Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлоготой танилцах, олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой болсон юм.

Их дүйчин өдөр тохиолоо

Долоо хоногийн баасан гарагт Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиосон билээ. Энэ өдөр Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаас ангижирсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр хэмээн нэрийджээ.

Энэ өдрийн хүрээнд өглөө МБШТ Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам гавж Чойжамц  нэг өдрийн тэтгэн ариусах сахил хүртээсэн. Мөн “Бурхан багшийн их дүйчин өдөр” баяр, амралтын өдөр болж хуульчлагдсан учраас үүнийг тэдэглэн 9:30 цагаас нээлтийн үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Энэ өдрийн хүрээнд тэргүүн хамба лам тэргүүтэй лам нар нээлтийн үгийг хэлж энэ өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг өгөх,  Бурхан багшийн төвийн чогийг айлдаж хурах үйл явдал болж өнгөрлөө.

Авсрали, Сингапураас 270 орчим иргэнээ татан авахаар болов

Долоо хоногийн баасан гарагт “Оюу Толгой” компани Австрали улс руу ажилчдаа хүргэх зорилгоор МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж, Сидней хот руу нислэг үйлдэх болсон талаар Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ.
Энэхүү онгоц нь зургадугаар сарын 6-ны шөнө Сидней руу нисээд даваа гарагт буюу наймны өдөр Улаанбаатарт газардах юм байна. Австрали улс руу МИАТ компани анх удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд хол зайтай учраас дунд нь онгоц зайлшгүй газардаж, шатахуунаар цэнэглэх шаардлагатай байгаа аж. Тиймээс буцахдаа Сингапурт хүнд байдалд байгаа 34 иргэнээ авахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа юм байна. Тиймээс тус онгоцоор нийт 270 орчим иргэн эх орондоо ирэхээр боллоо.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus