Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр гаргав
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа.
 
Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэжээ.
 
Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
 
Нөгөөтэйгүүр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансад байршуулсан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus