Монголын хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон

Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Э.Авирмэдтэй ярилцлаа.

 

-Монгол орны нам цэгийг хэзээ, яаж тогтоосон юм бол?

-Монгол орны хамгийн нам цэгийн талаар газар зүйн оргил бүтээлүүд 1952 онд хэвлэгдэж байсан. Э.М.Мурзаевын “БНМАУ” номонд хамгийн нам дор цэгийг Хөх нуурын түвшин 532 метр гэж бичсэн бол академич Ш.Цэгмидийн 1969 онд хэвлүүлсэн “Монгол орны физик газар зүй” номонд 552 метр гэж бичсэн байдаг. Сүүлд 1980 онд СНЗ-ийн 149 дүгээр тогтоолоор хамгийн нам цэг нь Дорнод аймгийн Хөх нуурын түвшин 560 метр гэж баталгаажуулсан байдаг юм. Хөх нуурын түвшинд Х.Санзай, М.Саандар, Б.Өлзий нар есөн жил хэмжилт хийж Б.Рагчаа удирдан өндрийг нь тогтоожээ. Харин Хөх нуурын түвшин Улзын гол үерлэх үед Тээлийн голын усны түвшин нэмэгдсэнээс Хөх нуурын түвшин байнга өөрчлөгдөж байснаас дунджаар 560 метр гэж авчээ.

-Нам цэгийг дахин тогтоосон нь ямар учиртай юм бэ?

-Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоож баталгаажуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сарын 9-20-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Монгол орны хамгийн нам цэгийг 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ хоёр долгионы TRMBLE R8 model 4 GNSS-ийн иж бүрдэл хүлээн авагчийг ашиглан статик хэмжилт хийж Алтай сумын төвд орших  Гравиметрийн цэг болох ГР077 цэгээс үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж тогтоосон. Бидний тодорхойлсон энэ нам цэг Говь-Алтай аймгийн Алтай сумын Номингийн говийн Элс хотгор юм. Далайн түвшнээс дээш 526.745 метрийн өндөртэй цэг. Хойд талаараа Элс сайрын ар улаан толгой /661метр/, зүүн талаараа Хурц уул /725.5 метр/, Өмнөд талаараа Номингийн говийн хойд хар хушууны Элс өндрийн хүрэн толгой /762 метр/, баруун талаараа Хятад улсын хил, Номингийн говьтой залгасан Элс сайрын урд салааны сайрын өмнө хэсэгт орших цэг 526.745 метрийн өндөртэй цэг юм. Энэ цэг нь Номингийн говийн баруун талын төгсгөлийн хэсэгт орших хойноосоо урагшаа 8.5 км, зүүнээсээ баруун тийш 11.3 км урт үргэлжилсэн, орчны гадаргуугийн өндрөөс доош 150 метр орчим нам хотост оршиж байна. БНХАУ-ын хилээс 300, Хилийн тоот баганаас 560 метр зайд оршино.  Байгалийн бүс бүслүүрийн хувьд цөлийн бүсийн хэт гандуу цөлийн бүсэд оршино.  Энэ цэг нь одоогийн Монгол орны хамгийн нам цэгээс даруй 34 метрээр нам байгаа юм.

-Хэрхэн баталгаажих вэ?

-Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний өдрийн эрдмийн зөвлөлийн хурлаар “Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон” ажлын багийн тайланг хэлэлцээд Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон судалгааны арга зүй, үр дүнг зөв зүйтэй гэж үзээд холбогдох дээд байгууллагад нь танилцуулж баталгаажуулахыг  даалгасны дагуу Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт асуудлыг оруулж танилцуулсан. Барилга, хот байгуулалтын яам өөрийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргуулахаар болсон байгаа.

Монгол орны хамгийн өндөр, нам цэг баруун бүсэд тогтоогдож байгаа юм. Энэ нь аймаг, орон нутаг, Говийн их Дархан цаазат газрын сурталчилгаанд чухал хувь нэмэр оруулах бөгөөд аялал жуулчлалын болон орон нутгийн танилцуулгад шинээр орох юм. Ийм сонин содон газар нутаг нь дэлхийн аль ч улс оронд тухайн газрын сурталчилгааны брэнд болж байдаг. Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 420 метрт орших Сөнөсөн тэнгисийн эрэгт “Та далайн төвшнөөс дээш 420 метрийн өндөр цэг дээр байна” гэсэн сурталчилгааны самбар бий.

Хээрийн судалгааны явцад Монгол орны нийт нутгаар цаг агаар тогтворгүй, цасан болон шороон шуурга ихтэй байв. Хээрийн хэмжилт судалгаа хийх явцад зарим үед үзэгдэх орчин 2-3 метр болж шороогоор шуурч, ажиллагааг түр завсарлахаас аргагүйд хүрч байсан. Монгол орны хамгийн нам дор цэгийг шинээр нээн илрүүлж баталгаажуулах ажилд мэргэжлийн болон удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн туслалцаа үзүүлсэн ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга н.Батбаяр, газрын албаны дарга М.Ууган-Эрдэнэ, Байгаль орчны газрын дарга н.Батмагнай, Алтай ЗДТГ, Засаг дарга Д.Цэрэвсамбуу, орлогч Т.Баярцэцэг, Тамгын газрын дарга н.Батбаяр, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Оюунзул

 

Бусдад түгээх
  • gplus