Хар тамхинаас урьдчилан сэргийлэх Үндэсний хороог байгуулах цаг нь болжээ
Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь л дахин хэрэглэх тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн 80 хүн нь хар тамхинд татагдан ордог байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон төрийн бус байгууллагуудтай 2010-2012 онд хамтран хийсэн судалгаагаар 100 мянган хүн ам тутмын 2700 нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэдэг. Харин хэрэглэх санал ирсэн 21800 хүн байна гэсэн судалгааны тоо мэдээ байгаа юм. Гэтэл олон улсад хар тамхи хэрэглэгч нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж үзвэл манай улсад ойролцоогоор 40-70 мянган хэрэглэгч байж болзошгүй гэх судалгаа ч байдаг. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-25 настай байдаг нь хамгийн харамсалтай юм. Сүүлийн жилүүдэд хар тамхины асуудал манай улсад улам их газар авах боллоо. Тухайлбал, өнгөрсөн сард хар тамхины гурван ч бүлэг этгээдийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн шалгаж байна.
 
Тодруулбал, өнгөр­сөн сарын 21-22-нд шилжих шөнө хар тамхины томоохон хоёр бүлэглэл илрүүлсэн. Баянгол дүүргийн тавдугаар хороонд орших нэгэн зочид буудлаас долоон хүн, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах бас нэг зочид буудлаас таван хүнийг хар тамхи татан мансуурч байхад нь баривчилсан аж. Тэд 25-31 насны залуус байсан бөгөөд эдүгээ хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа. Тэгвэл маргааш нь буюу өнгөрсөн сарын 23-нд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хар тамхи зарж борлуулж, хэрэглэж байсан гурван этгээдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид хар тамхины төрлийн ургамал буюу каннабис гэх ургамлыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад борлуулсан, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гурван этгээдийг баривчилсан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.
 
Дээрх хүмүүс нь мөн л эд хийж бүтээх насандаа яваа залуус байсан байна. Тодруулбал, 1992 онд төрсөн Т, Л, 1991 онд төрсөн З гэх залуусыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сэжигтэн 3-ийн гэрт үзлэг хийхэд 515 грамм каннабис гэх мансууруулах төрлийн ургамал олсон аж. Харин 3,Т нарын хамсаатан болох JI-ийн биед хийсэн үзлэгээр нэг грамм тоосонцор, 253 грамм каннабис гэх ургамал илэрсэн байна. Улмаар цусны шинжилгээгээр өөрсдөө хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа гэнэ.
 
99 хүн хар тамхины хэрэгт холбогджээ
 
Ийнхүү хар тамхины асуудал аюулын харанга дэлдээд эхэлчихсэн байхад урьдчилан сэргийлэх ажил бараг хийгдэхгүй байгаад байгаа нь хачин. Учир нь 2010-2014 онд нийтдээ 149 гэмт хэрэгт 551 хүн хар тамхины хэргээр шалгагдсан. Тухайлбал, 2013 онд энэ төрлийн 37 гэмт хэрэгт 99 хүн холбогдон шалгагдаж байсан аж. Эдгээрийн хүмүүсийн 70 хувийг 19-25 насны залуус эзэлсэн байна. Харин он гарсаар 34 гэмт хэрэгт 99 хүн холбогдон шалгагджээ. Хамгийн гол нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт ихэвчлэн томчуудын хүүхдүүд, нэр нөлөө бүхий эрхмүүдийн залгамж халаа болсон залуус холбогдож байгааг албаныхан хэлж буй. Тухайлбал, 2012 онд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн 34.5, 2013 онд 40.7 хувийг ажилгүй залуус эзэлсэн байгаа юм.
 
Ер нь хар тамхины хэрэгт бага орлоготой гэхээсээ илүү нийгмийн дээд давхаргын буюу баячуудын хүүхдүүд холбогдох нь их байгаа. Тухайлбал, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд болж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн ул сын ахлах байцаагч С.Норжинсүрэн гэгчийн хүү Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи оруулахаар завдсан хэрэгт холбогдоод шалгагдаж байсан. Мөн “Монголбанк”-ны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбат хар тамхины хэргээр “аав”-ын хаалга татаж амжсан гээд дурьдвал олон хэрэг бий. Тиймээс хууль тогтоох эрх мэдэл бүхий шатанд ажиллаж буй нэр нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулчихвал энэ хэрэг нийгэм даяар тархахаас сэргийлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, баячуудын хүүхдүүдийн хэрээс хэтэрсэн “Тансаглал” хожмын нэг өдөр монголыг тэр чигт нь намаг, балчигт хутгах вий.
 
Уг нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг бодисын эргэлт, түүнд тавих хяналт хуулийн 14.5-д “урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна” гэж заасан байдаг. Гэтэл энэхүү Үндэсний хороо нь одоог болтол байгуулагдаагүй л байгаа. Үндэсний хороо байгуулагдах гэж “дунших” зуур бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр томчуудын хүүхдүүд дураараа дургисаар байгаа нь харамсалтай. Тэд нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлаж байгааг хэн таслан, зогсоох үүрэгтэй вэ. Үүний тулд Үндэсний хороог нэн даруй байгуулж, хар тамхины хэргийг “хүрээлэлд” нь дарж авахгүй бол хожмын хор хоноол нь хэний ч санаанд оромгүй байдлаар илэрнэ. Тиймээс харанга дэлдэж байгаа хар тамхины хор хөнөөлийн асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг нь болжээ.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.