Х.Баттулга: УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо бараа сонгохоос илүү цензур тавьж, сонголтоо хийхийг хүсье
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 17:00 цагт Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр очиж УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан үг хэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.

Тэрбээр "Монгол Улс өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульдаа саналаа өгч байна. 1990 онд Монгол Улс ардчилсан улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 жил болж байна. Энэ хугацаанд бид алдаж, онож, олон замыг туулсан. Энэ удаагийн сонгуульд ард түмэн, ялангуяа залуус идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж хүсье.

17:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байна. Харин Улаанбаатар хотод илүү идэвхтэй буюу ирц 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ авлаа. 22:00 цагт санал өгч дуусна.

Тиймээс залуустаа хандан хэлэхэд, Та бүхний санал улс орны хөгжилд их чухал юм шүү.

Энэ бол бидний УИХ-ын найм дахь удаагийн сонгууль. Бид гэр орондоо, өөртөө хүнс, бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. Тэгвэл Улсын Их Хурлыг бага ард түмэн гэж хэлдэг. УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо бараа сонгохоос илүү цензур тавьж, сонголтоо хийхийг Та бүхнээс хүсье.

Мэдээж санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг асуудал. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлье” гэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus