Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа хэн юу хэлэв
УИХ-ын 2020 оны сонгууль өчигдөр буюу зургадугаар сарын 24-нд орон даяар явагдаж дууслаа. Улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 иргэн саналаа өгч, улсын хэмжээнд ирцийн мэдээ 73.64 хувьд хүрлээ. 2000 оноос хойш сонгууль бүрээр тогтмол буурч байсан ирцийн үзүүлэлт анх удаа сэргэж, 73.64 хүрсэн энэ аж.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62, АН 11, "Зөв хүн элекрат" эвсэл 1, "Та бидний эвсэл" 1 бие даагч 1  суудал тус тус аваад байгаа юм. 
Сонгуулийн дүнг СЕХ өнөөдөр нэгтгэж, тогтоол гаргах юм. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүст үнэмлэхийг нь гардуулах бөгөөд түүний дараа УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг ерөнхийлөгчид өргөн барина.

Тэгвэл сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа хэн юу хэлэв.
 
МАН 62 суудал авснаа зарлав

 
Монгол ардын намаас УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулж 00:30 цагт мэдээлэл хийлээ.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллийнхээ эхэнд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62 нь ялалт байгуулсан гэдгээ онцлов
Тэрбээр “ Хүчээ нэгтгэж, бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын мянга мянган гишүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах захиа даалгавраа өглөө. Дэлхийн нийтэд тархсан цар тахлын үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороонд талархал илэрхийлж байна. Мөн сонгуульд шударгаар өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даасан нэр дэвшигчдэдээ баярлалаа. МАН олон түмний дэмжлэгийг хүлээсэн, нэр цэвэр, эх орноо гэсэн гишүүдээ нэр дэвшүүлсэн. Хэн олон нийтийн дэмжлэгийг хүлээж чадах вэ гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, МАН шинжлэх ухааны үндэслэлээр нэр дэвшигчдээ тодруулсан. Бид бодлогын бүтээлч өрсөлдөөнийг бий болгохыг зорьсон. Цаашид Монгол төрийн сонгууль шударга, цэвэрхэн, бодлогын өрсөлдөөн байх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн жилүүдэд олон асуудлыг шийдсэн. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон  ард иргэддээ баярлалаа.  Итгэл бүхний зүтгэлээр хариулах үүрэг бидэнд ирлээ. Сүүлийн 30 жилд анх удаагаа нэг нам 2 дахь удаагаа Засгийн эрх барих гэж байгаа анхны тохиолдол болж байна. Бид өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна.  Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Т.Ганбол: Бохир хакер ажиллагаа

УИХ-ын 2020 оны сонгуульд “БИД 76” буюу 76 бие даагчид нэгдэн оролцсон юм. Удирдлагын чиг үүргийг Т.Ганболд гүйцэтгэж байв. Гэвч тэд урьдчилсан дүнгээр парламентад ганц ч суудал авсангүй.
Урьдчилсан дүнгийн дараа Т.Ганбол өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бие даагч бүрийн санал эхэлж таван оронтой тоо руу орсон тохиолдолд нэр нь нэгт гармагцаа эхний тоо алга болж дөрвөн оронтой ардаа таслал бий болж унасан үзэгдэл гарсан байна. Хүн бүр болон хуулийн байгууллага анхаарна уу. Бохир хакер ажиллагаа .
1. Бие даагчид дээр саналын тоо 4 оронд шилжихэд таслал нэмэгдэж байна!!
2. 4-оронтой хэрнээ 5- оронтой 2 мөрийг даван 1 рүү оров!!Программын хувьд боломжгүй!!
3. 4минутын дараа таслал алга болж саналын тоо хэвээр 4 рүү уналаа!!
4. Зөвхөн яагаад бие даагчид дээр таслалаар кодлов?!!” хэмээн бичжээ.
 
Одоогоор бусад нам эвслээс ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus