Сонгуулийн шударга, Ч.Содномцэрэнгийн цагааныг түүх шүүнэ

Бид Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох “ардчилсан” сонгуульд найман удаа санал өглөө. Сонгуулийн тоо өгсөх тусам “Сонгууль шударга болов уу, үгүй юу” гэдэг эргэлзээ улам нэмэгдсээр байна.

Өмнө нь ганц нэг тойрог дээр хэрүүл будлиан гарч, хууль шүүхдээ тулдаг байсан бол одоо нийтээрээ эргэлзээтэй болж ирэв.

Намууд судалгаа хийдэг. Сонгуулиас өмнө, сонгуулийн сурталчилгааны үеэр гээд зогсоо зайгүй “тестэлдэг” болчихсон. Дээрээс нь сонгогчдын мэдээлэл авдаг суваг олширч, сайн муу мэдээлэл авах боломж харьцангуй нээлттэй болсон.

Иймээс сонгуулийн “агаар”-ыг улс төрийн хүчнүүд ч, ард иргэд ч мэдэрчихсэн байдаг гэхэд болно.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хэт ханарсан дүн гардаг болж, дээр хэлсэн эргэлзээ тээнэгэлзээ, сонгууль шударга бус болж байна гэх ойлголт нийгэмд дэлгэрээд байна. Бүр барим тавим баримтуудаар ч шударга бус сонгуулийг батлах болов.

Гэхдээ энэ бүхэнд шүүх, эсвэл СЕХ ямар нэг байдлаар цэг тавилгүй явж ирлээ. СЕХ-ны зүгээс сонгууль шударга болж байгаа гэж хэлдэг. Гэхдээ шударга гэдгийг баталдаггүй.

Ялсан намаас бусад улс төрийн намууд, нийгмийн бүлгүүд, ард иргэд сонгуулийн дүнд эргэлзсээр хоцордог. СЕХ, Ерөнхийлөгч, шинэ УИХ өөрөө ямар нэг байдлаар “хурдалж”, бүрэн эрхээ баталгаажуулж авдаг. Ингээд “Бандан тас” болгоод дөрвөн жил явчихаж байгаа юм.

Уг нь дөрвөн жилд нэг удаа болдог УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийг ойлгомжтой, цэгцтэй, шударга, ил тод, хамгийн гол нь эргэлзээгүй явуулах үүрэг нь СЕХ-нд байдаг. Хэд хэдэн хуулиар эрхийг нь ч, үүргийг нь ч олгочихсон.

СЕХ-г 2012 оны аравдугаар сарын 5-наас хойш Ч.Содномцэрэн толгойлж байна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав 2012 оны УИХ-ын сонгуулийг  өнгөрөөгөөд өргөдлөө өгч  оронд нь Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Содномцэрэн томилогдож байлаа.

Ч.Содномцэрэн АН угшилтай, тус намаас УИХ-д нэр дэвшээд хоёр удаа сонгогдож байв. Тэрээр УИХ-ын ХХАА-н байнгын хорооны дарга, Ёс зүйн байнгын хорооны дарга, Засгийн газрын ХААҮ-ийн сайдаар ажиллаж байсан. 

Ингээд 2008 онд УИХ-д сонгогдож чадалгүй 2009 оны нэгдүгээр сараас СЕХ-ны Нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.

Харин СЕХ-ны дарга болсноос нь хойш 2015 оны хоёрдугаар сарын 25-нд УИХ-аас энэ ажилд нь улираан томилсон байдаг юм.

Ч.Содномцэрэн СЕХ-ны даргаар ажиллаад 2012 оны Орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулаад байна.

Ерөөс Ч.Содномцэрэнг СЕХ-ны дарга болсноос хойшхи сонгуулиудын дараа “Сонгууль шударга бус боллоо” гэдэг хэл яриа илүү ихээр гардаг болжээ.

2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг байдаг юм. Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ хэдэн сарын өмнө “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан байгаа юм. Тэр нэвтрүүлгийн зочин нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ байв.

Б.Бат-Эрдэнэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшээд “өвдөг шороодсон”-ыг та бүхэн мэднэ. Нэвтрүүлэгт хөтлөгч Х.Баттулга, зочин Б.Бат-Эрдэнэ хоёр Бурхан Халдуны өвөрт үстэй дээл, булган лоовуузтай сууж байгаад хөөрөлдсөн хэсэг гардаг. Тэгэхэд Х.Баттулга “...Хоёулаа ингээд суухад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан юмнууд яригдана аа. Тэр Ерөнхийлөгчийн сонгууль дээр бол би бодож явдаг юм. Энэ чинь улс төрийн намуудын хоорондын тэмцэл шүү дээ. АН УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөө гурвууланг нь авчих санаатай зүтгэж байсан. Намын даалгавар гэх юм уу даа. Ер нь бол тэр халуун цэг дээр нь ажиллаж байсан хүний хувьд бол аварга маань гарчихсан шүү дээ. Энүүгээр би юуг бодсон гэхээр Монголын ард түмэн бол бөхийн ард түмэн юм байна гэдгийг баталсан байхгүй юу. Яагаад гэвэл яг МАН бол Б.Бат-Эрдэнэ аварга дээр 100 хувь ажиллаагүй шүү дээ. Нөгөө талд яасан гэхээр бид нар Б.Бат-Эрдэнийг алдчихлаа гээд бөхөөр бол ам мэх, ямар мэх, бүх мэхүүдээ хийж байж нэг юм гаргасан даа. Энэ бол түүх юм даа. МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэйг дэвшүүлэх гэж янз бүрийн л юм болсон. Миний найз энэ дээр янз бүрийн юм боддоггүй биз дээ. Энэ чинь намуудын л юу юм чинь тийм ээ” гэж хэлж байв. Яг ингэж ярьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга “...Тэр сонгуульд аварга маань гарчихсан шүү дээ” гэжээ.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй байхдаа 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн халуун цэг дээр ажиллаж Б.Бат-Эрдэнэ аваргын “гарчихсан”-ыг мэдсэн. Маш ноцтой нь “...Нөгөө талд бид нар Б.Бат-Эрдэнийг алдчихлаа гээд бөхөөр бол ам мэх, ямар мэх, бүх мэхүүдээ хийж байж нэг юм гаргасан даа” гэж их нухацтай хэлж байгаа юм. Халуун цэг дээр ажилласан хүний үг шүү дээ.

Ерөнхийлөгчийн үгийг маш товчоор ойлгоход, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон юм байна.

Нөгөөтэйгүүр Ч.Содномцэрэнгийн СЕХ-ны даргаар ажиллаж байх үеийн бүх сонгуулиас нэг хүнийг байнга хассаар ирсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр дэвших буюу сонгогдох эрхэнд халдсаар иржээ. Ямар нэг аргаар хаалт хийсэн, нэр дэвшүүлэхээс татгалзсан бичиг үйлдчихээд байдаг.

Хамгийн сүүлийн 2020 оны УИХ-ын сонгууль юу болсныг бүгд харсан.

СЕХ-ноос нэр дэвших эрхээ авчихсан зургаан нэр дэвшигч шоронд хоригдлоо. Тэд тэндээс “өрсөлдөж” нэг нь УИХ-ын гишүүн болсон.

“...Муусайн гэмт хэрэгтнүүдийг ингэх хэрэгтэй” гэдэг PR хүчтэй явсан. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хэнийг нь гэм буруутайд тооцохгүй. Энэ бол хууль, бас хүний эрх. Тийм ч учраас СЕХ-ны зүгээс “...Та УИХ-д нэр дэвших эрхтэй” гээд тогтоолоо гаргаад, үнэмлэхээ бичээд өгчихсөн .

Ингээд хуулийн дагуу нэр дэвшигч болчихсон хүмүүсийг нь шүүх барьж аваад л хориод байв.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” гэсний 35.2-т “...Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 35.2.1-д “...эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан.

Шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт, С.Баярцогт нарыг бариад л хорьчихсон. СЕХ таг чиг өнгөрсөн.

СЕХ ингэж шүүхийн шийдвэрийг ягштал дагадаг юм уу гэхээр үгүй юм. Шүүхээс Ц.Сандуй, Л.Наранбаатар нарын нэр дэвших эрхийг санал хураалтаас өмнө нээж өгсөн. СЕХ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Бас л сонгогдох эрхийг нь “...Түй” гээд нулимчихсан.

Өөр бусад баримт сэлтүүд ч их байна. Улс төрийн нам, эвслүүд, бие даагчид 2020 оны УИХ-ын сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсээр байна. Харин Ч.Содномцэрэн “...Би хар машиндаа итгэдэг. Эргэлзээ байвал шүүхэд ханд” гэж пээдийгээд л сууж байна.

Ер нь тэгээд Ерөнхийлөгчийн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг дээр ярьсныг шалгавал таарна. Маш ноцтой асуудал шүү. Тэр сонгуулийг Ч.Содномцэрэн л зохион байгуулсан.

Саяын сонгуулиар шүүхээс нэр дэвших эрхээ нээлгэсэн хоёр хүний тогтоолыг гаргаж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох СЕХ-ны албан тушаалтан утсаа салгаад гурав хоног зугтчихсан гэх яриа гудамжаар дүүрэн яригдаж байна. Тэр албан тушаалтны дарга нь Ч.Содномцэрэн шүү. Түүний СЕХ-г толгойлсон үеийнхээ хариуцлагыг үүрч таарна шүү дээ. СЕХ-ны дарга гэдэг бол Ерөнхийлөгчөөс, УИХ-ын даргаас, Ерөнхий сайдаас том албан тушаал юм. Ард түмний нэрийн өмнөөс сонгуулийг удирддаг хүн байгаа юм. Ийм өндөр дээр албан тушаал учраас өндөр хэмжээний хариуцлагатай байж таарна.

Нөгөө талаас СЕХ гэж яадаг байгууллага вэ. СЕХ-ны дарга гэдэг хэн юм бэ?!

Эдгээрийг Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар тодорхой хуульчилчихсан.

СЕХ бол Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд зааснаар  УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн. Түүнчлэн СЕХ нь үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулах хуулийн эрхтэй. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ч СЕХ нь сонгуулийг зохион байгуулж явуулахдаа энэ хууль болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд заагдчихсан.

Өөрөөр хэлбэл, дөрвөн жилд нэг удаа, ганцхан өдөр ард түмэн төр барихын тулд СЕХ-г байгуулж ажиллуулдаг.

Ч.Содномцэрэн улс төрийн намуудын тохироон дээрээс УИХ-аар орж томилогддог албан тушаалтан болохоор үйлчлэх хүрээгээ өөрөөр ойлгож байж болох юм. Тийм болохоор гаргасан тогтоол шийдвэрээ “...Зөв” хэмээн үзэж байгаа биз. Үгүй юм. Хэрэв Монгол Улсын нэг л иргэний сонгох, сонгогдох эрхийг СЕХ хууль бусаар зөрчсөн, сонгуулийг будлиантуулсан нь тогтоогдох юм бол ямар ч хэргээс илүү шийтгэлтэй байх ёстой. Улсын мөнгө, орд газар хулгайлснаас илүү хор хохирол энд л тооцогдоно.

Тэгэхээр Ч.Содномцэрэн хар машиндаа биш ард түмэнд итгэж, сонсох ёстой. Олон нийтэд эргэлзээ төрүүлээд шүүх рүү хөөх биш өөрөө ямар ч гацаа түдгэлзээгүй сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтан юм. Тэгэхээр ард түмэн болж өнгөрсөн сонгуулийн араас босохгүй, тэмцэхгүй, хүлээн зөвшөөрч байвал Ч.Содномцэрэн ажлаа хийж чадсан, харин “...Сонгууль шударга бус боллоо” гэвэл үүргээ гүйцэтгэж чадаагүй байна л гэсэн үг.

СЕХ-ны даргаар хуулиа барьж, үүргээ гүйцэтгэж ажилласан С.Лхагвасүрэн гэж хүн бий. Тэр хүний үлгэрийг Ч.Содномцэрэн авах л хэрэгтэй.

Ч.Содномцэрэн энэ ажлаа зөв төртэй, цагаан мөртэй хашиж гэмээнэ буусан хойноо ард түмнийхээ дунд толгой өндөр алхаж чадна. Төрд биш өөртөө зүтгэчихээд өнөөдөр олны дунд гараад явж чадахгүй болсон хүмүүс зөндөө л байна. Тэд хэзээ, хаанаас “дуудах” бол гэдэг айдастай амьдардаг гэдэг юм шүү. Үнэн ч биз. Эцэст нь хэлэхэд, сонгуулийн шударга, Ч.Содномцэрэнгийн цагааныг түүх л шүүнэ шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Н 2020-06-29 13:38:49
    Сонгуулийг будлиулдаг хзмүүс нэр дэвшигчид өөрсдөө шүү дээ
  • зочин 2020-06-29 05:34:26
    Уг хүн нь ноён нуруутай,туйлширдаггүй эв эеэ олоод яваа учраас л үймээн самуунгүй хэдэн сонгуулийн ард гарлаа
  • Зочин 2020-06-29 04:13:02
    Дамдин-Очироо сонгууль будлиантай болсон бол нотлоод өг л дөө Сэтгүүлч та ард түмнийг буруу тийш нь битгий ...