Анхдугаар чуулганаар ямар асуудал шийдвэрлэх вэ?
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав.

УИХ-ын тухай хуулийг 2020.05.07-нд шинэчлэн баталж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Энэ хуульд анхдугаар чуулганаар юу хэлэлцэх вэ гэдгийг ингэж бичсэн (https://www.legalinfo.mn/law/details/15441?lawid=15441):
 
"17.1.Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.
 
17.2.Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна.
 
17.3.Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
 
17.3.1.шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
 
17.3.2.Улсын Их Хурлын даргыг сонгох;
 
17.3.3.нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
 
17.3.4.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
 
17.3.5.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
 
17.3.6.Ерөнхий сайдыг томилох;
 
17.3.7.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн батлах;
 
17.3.8.Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
 
17.3.9.шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
 
17.3.10.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.
 
17.4.Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно."
 
Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийг 2019.11.14-нд дараах байдлаар өөрчлөн найруулсан (https://www.legalinfo.mn/law/details/367) нь парламентын засаглалыг бэхжүүлсэн маш чухал агуулга:
"1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
 
2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
 
3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
 
4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө."
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-07-01 03:25:56
    салбадай нар эхлээд ойлгох гэж 3 жил 11 сар болно. сүүлийн нэг сард л жинхэнэ утгаараа ажиллах байх даа
  • иргэн 2020-06-30 05:23:18
    шүүхиийн тухайх хуулиа хэзээ хэлэлцэх вэ