С.Хулан: Энэ хүн чадаж байгаа юм чинь би чадахгүй байна гэж юу байсан юм гээд зүтгэдэг байсан даа
Дөрөвхөн настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэж шантрах үедээ бичлэг үзэн өөрийгөө зоригжуулдаг байсан С.Хулантай түүний ирээдүйн зорилго хийгээд морин циркийн манежин дээр юу хийж сурахыг хүсдэг талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Намайг Сүхийн Хулан гэдэг. Одоо 18 настай. Арван жилээ төгсөөд нэг жил болж байна. Айлын том дороо хоёр, хоёр ихэр дөрвөн дүүтэй.

-Анх хэзээнээс эхэлж уран нугаралтаар хичээллэх болсон бэ?

-Анх дөрвөн настайгасаа эхэлж нугарч сурсан. Нийт 10 жил уран нугаралтаар хичээллээд дөрвөн жилийн өмнө бага зэргийн бэртэл аваад нугарахаа больсон. Тэгээд хоёр сарын хугацаанд гэртээ байж  байгаад морин циркт явж эхэлсэн. Одоо морин циркээр хичээллээд дөрвөн жил болж байна.

 -Мэдээж нугарана гэдэг ганц оролдоод сурчихаар зүйл биш гэдгийг хүн бүр мэднэ. Чиний хувьд 10 жилийн хугацаанд шантрах тохиолдол гарч байв уу?

- Бусад хүмүүс их амархан гэж хардаг боловч яг ч тийм амар зүйл биш. Тав, зургаан жилийн хичээл зүтгэл, бэлтгэлд тулгуурлаж нэг бүтэн номер гардаг болохоор. Шантарч байсан тохиолдол олон байгаа. Бага насныхыгаа бол сайн санахгүй байна. Найм, есөн настай үед тиймэрхүү тохиолдлууд зөндөө байдаг байсан. Яг хамт бэлтгэл хийж байсан хүүхдүүд надаас бүр илүү сайжирчихсан болохоор шантардаг байсан. За за энэ угаасаа надаас дээр болчихсон юм чинь би энэнээс илүү дээшилж чадахгүй юм байна гэж боддог байсан.

 -Шантарлаа яаж даван туулж байсан бэ? Гэр бүлийхэн нь хэр дэмждэг вэ?

-Гэр бүлийнхэндээ огт хэлдэггүй байсан. Нэг их гэр бүлтэйгээ нээлттэй биш. Найз нөхөд гэвэл ганцхан л байдаг. Тэмцээний бичлэг үздэг байсан. Тэгээд ялагч болсон хүмүүсийн царайг хараад яг тэр хүний оронд өөрийгөө байгаа юм шиг төсөөлөөд уйлчихдаг байлаа. Тэгээд энэ хүн чадаж байгаа юм чинь би чадахгүй байна гэж юу байсан юм гээд зүтгэдэг байсан даа.



-Оролцож байсан тэмцэнээсээ дурьдвал?

-Арван жилдээ урлагийн үзлэг, улсын наадам зэрэгт оролцдог байсан. “Алтан цом” гэдэг нугаралтын тэмцээн байдаг. Тэрэнд хоёр жил дарааллаад оролцсон. Эхний жил хамтлаг уран нугаралтаар тэргүүн байр эзэлсэн. Дараагийн жил нь ганцаарчилсан төрлөөр хоёрдугаар байранд орж байсан. Тоглолтуудаар их явдаг. Морин циркт ороод 2017 оны шилдэг уран бүтээлч болж байсан.

-Анхны тайз хэр байсан? Айж сандарч байсан зүйл бий юу?

-Жижиг тайз болохоор харьцангуй сандрал багатай байсан. 2016 оны Шилийн хотын тайз хамгийн анхны гадаад дахь тайз байсан. Тэр үед эхний гурван тоглолт л маш их айдастай явагдаж байсан. Дөрөв дэх тоглолтоосоо гайгүй дасаж эхэлсэн.
           
-Нугарч эхэлснээс хойш чамд ямар ямар чадвар нэмэгдсэн бэ?

-. Нэг мэдэхэд сунгалттай болсон дараа нь гаран дээрээ тогтдог болсон байсан даа. Ер нь бусад хүмүүсийг бодвол хамаагүй сунгалт сайтай болж,  биеэ авч явах чадварт суралцсан.

-Нууц биш бол ирээдүйн зорилгынхоо талаар хуваалцаач?

- Зорилго мэдээж байлгүй яахав. Морин циркед манеж гэдэг бөөрөнхий тайз байдаг. Тэрэн дотор нэг хүнээр бай бариулаад морин дээрээ нугарч байгаад хөлөөрөө нум сум харвана. Энэ бол ойрын таван жилийн зорилго байна даа. Өөр нэг зорилго гэвэл энэ жил сургалтынхаа төлбөрийг олоод Хятад руу явж гаалийн байцаагч мэргэжилээр сурах гэж байгаа. Тэндээ дөрвөн жил сурч ирээд гаальд ажиллана. Энэ нь ойрын 10 жилдээ багтаад болчих байх аа.

-Яагаад заавал гаалийн байцаагч гэж. Өөр бусад гоё мэргэжлүүд бий шүү дээ?

-Хамгийн ирээдүйтэй мэргэжил. Манай өвөө хилийн цэрэгт 50 жил ажилласан.Өвөөгийнхөө дүрэмт хувцасыг, дээрх медалуудыг нь харахаар их гоё байдаг. Өвөө маань дүрэмт хувцасаа өмсөхөөрөө цаанаасаа гэрэлтээд л явчихдаг. Багадаа өвөө шигээ хүн болно гэж боддог байсан. Тэгээд одоо зорилго тавиад гаалийн байцаагч болно гэж бодчихсон байгаа.








 
Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.