Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэх болж Ганнам дүүрэгт гурван хаустай сайдын шуугиан дэгдсэн долоо хоног
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар  216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 17.404.000  хүн өвчилж, 677.000 хүн нас барж, 10 сая гаруй  хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 282 мянган хүн коронавирусийн халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойш хамгийн олон халдвар тархсан өдөр болж байна. Манай улсын хувьд батлагдсан нийт тохиолдол гурваар нэмэгдэж 291 болсон бөгөөд 230  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 61 хүн  эмчилгээнд байгаа, 58 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Цэцэрлэг, сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ
 

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу:

-  Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01

-  Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14

-  Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов.

Долоо хоногийн хугацаанд 956 иргэнийг татан аваад байна

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн /2020/07/27/ тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт тусгаарласан.
 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 427 иргэн эх орондоо ирсэн бөгөөд /2020/07/28/ эхний 262 иргэний хувьд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна. Дараагийн /2020/07/29/ 165 хүнтэй нисэгийн тухайд 6 улсаас 165 иргэн ирж байгаа бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид буудалд, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан.

Сидней -Улаанбаатар чиглэлийн /2020/07/30/ тусгай үүргийн нислэг нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү аралаас ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд тус тус тусгаарласан байна.



Ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд товлогдлоо

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд хуралдахаар боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гол асуудал нь төсвийн тодотгол хийх. Монгол Улсын 2020 оны төсөв. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байсан улсын төсөв 2020 оны эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа.

Мөн энэ сарын 29-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа төгсгөлд  “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя" гэж хэлсэн. Тэгэхээр зээлийн хүү бууруулах тухай асуудал ч мөн хэлэлцэгдэнэ.

Наймдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарь гарлаа

Улсын онцгой өнөөдрийн хуралдаанаар ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэлээ.

08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар

08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар

08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна.

Ганнам дүүрэгт гурван хаустай сайд хэн бэ


БНСУ-ын нэр бүхий мэдээллийн сайтуудад "Монголын сайд Ганнам дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг” гэсэн мэдээллүүд тарсан.  Юутай ч уул уурхайн ордын асуудалтай нэр холбогдсон сайдын асуудлыг мөрдөн шалгах үеэр БНСУ-ын Ганнам дүүрэгт худалдаж авсан гурван хаус нь илэрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. БНСУ-ын Ганнам дүүрэг бол амьжиргааны хувьд хамгийн өндөр өртөгтэй, баячууд л амьдардаг газар юм. Хэн гэдэг сайд болох нь удахгүй тодрох биз ээ.


Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

М.Энхсайханд оногдуулсан ялыг хэвээр үлдээв
 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.07.30-ны өдрийн хуралдаанаар М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.


С.ТАЙШИР

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-08-02 03:50:50
    МаАН баячуудын нам учир сайд, дарга, эрхэм гишүүд бүгд баячууд. Хамгийн ядуу нь 500 саяын хадгаламжтай шүү дээ. Өөрсдөө 50 мянган төгрөгөөр баячуудыг сонгочоод ...
  • гайхахгүй 2020-08-01 22:15:19
    3 хаустай сайд гэхэд гайхахгүй. ЦӨӨХӨН байна. ОЛОН үйлдвэрээ хувьчлал нэрээр устгаж баяжсан луйварчдад их хөрөгө байгаа. ТОЛГОЙТын АЛТыг гадныханд өгч ухуулсан ...
  • шүүхэд 2020-08-01 09:20:43
    Дамбаочирыг тэр жигд бүх насаар нь хорих ял ѳгѳѳд зайлуулсан дээр эдийн засшийн маш том гэмт хэрэгтэнэ шүү