Бейрут хотод гашуудал зарлалаа

Ойрхи Дорнодын Швейцарь гэгддэг Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод мягмар гаригт томоохон хэмжээний тэсрэлт болж хамгийн багадаа 100 хүн нас барж, 4000 гаруй хүн гэмтээд байна.  Дэлбэрэлтийн улмаас байшин барилга нурж, цонх нь хагарч, машинууд осолдож, хүмүүс нурангид дарагджээ. Ерөнхийлөгч Мишел Аун зургаан жилийн турш аюултай газарт хадгалсан 2750 тонн аммонийн нитрат задарч, дэлбэрэлт үүссэн гэжээ. Тэрээр өчигдөр парламентаа шуурхай хуралдуулж хоёр долоо хоног  онц байдал зарлалаа. Өчигдрөөс гурван өдрийн туршид тус хот гашуудал зарлана хэмээн албаны хүн мэдэгджээ. Ерөнхийлөгч Аун Засгийн газраас 100 тэрбум лир буюу 66 сая ам.долларыг түргэн тусламжид зарцуулахаа мэдэгдлээ.

“Бид маш том гамшгийн гэрч боллоо. Шархадсан хохирогчид хаа сайгүй байна. Одоогоор 100 хүн амиа алдсан. Бид үргэлжлүүлэн хохирогчдыг хайж, шархадсан хүмүүст тусламж үзүүлж байна” гэж Ливаны Улаан Загалмайн тэргүүлэгч Жорж Кеттани ярьжээ. Албаны хүмүүс дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж байна. 
Ливаны Батлан хамгаалах яамны дээд зөвлөл хариуцсан хүмүүс буруутанд ногдуулж болох хамгийн дээд шийтгэлийг онооно гэжээ. Энэ аммонийн нитратыг гаалийн байгууллага хураан авсны дараа 2013 онд тус боомтны агуулахад хадгалжээ.  Дэлбэрэлтээс үүдсэн гашуудалтай зэрэгцэн маргааш хуучин ерөнхий сайд Рафик Харириг хөнөөсөн хэргийн ял оноох шүүх хурал болно. Дэлбэрэлт ерөнхий сайд асан Хариригийн машиныг дэлбэлсэн хэргийн газрын ойролцоо болжээ.  

Энэ дэлбэрэлт тус хотоос 240 километрт байрлах Кипр аралд мэдрэгдсэн бөгөөд тэд үүнийг газар хөдлөлт гэж боджээ. Ливан улс  Израйльтай хилийн маргаантай байгаа ч энэ дэлбэрэлтэд Израйль хамаагүй гэж албаны хүн мэдэгдсэн байна. Эрх баригчид лхагва гаригийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Должинжав
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.