Хүүхдийн мөнгийг он дуустал хэвээр үлдээж, Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
Манай улсын хувьд коронавирусийн цар тахлын нийт батлагдсан тохиолдол 293 үүнээс 260  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д 33 хүн эмчилгээнд байгаа. Мөн цар тахалтай холбоотой гаргасан эдийн засгийн шийдвэрүүдийг үргэлжлүүлэхээр болсон.  Энэ мэт өнгөрсөн  долоо хоногт болж өнгөрсөн  үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Долоо хоногийн даваа гарагт 2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийсэн. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар бүртгүүлж болно.

Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм.
2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байгаа аж.

Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хаслаа

Долоо хоногийн мягмар гарагт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн шүүх хуралдаан болж түүнийг  гэм буруутайд тооцлоо. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Батзоригт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийсэн.

Яллагдагч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрснийг шүүхээс хүлээн авч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд: Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Хүүхдийн мөнгийг он дуустал 100.000-аар олгоно

Долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс 1,2 их наяд төгрөгөөр буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Ингэхдээ:
-  Иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих
-  КОВИД-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай цогц арга хэмжээг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх /109 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх/
-  Экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх /1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх/
-  Төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох зорилгоор цахим шилжилтийг хурдасгах
-  Гэрээ байгуулаагүй, үр ашиггүй төслийг хасах
-  Дараа он руу шилжих болон гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулах зарчим баримталжээ.
 
Дараах гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.

ААНОАТ: Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ.

Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноож, Д.Сэргэлэнг цагаатгалаа

Долоо хоногийн пүрэв гарагт “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдаан болж өнгөрсөн.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэлэлцээд:

Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой

үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгалаа.

2020-2021 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулах шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй болсныг мэдэгдсэн.

Шинээр элсэх 5 болон бусад насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-оос 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд; Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулах болсон байна.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.