МҮОХ-ны ерөнхийлөгч тодорч, дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилхээр болов
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн цар тахал 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж 20 сая гаруй хүн уг өвчнөөр халдварлаж, 752 мянган хүн нас бараад байна. Манай улсын хувьд 293 тохиолдол бүртгэгдээд байсан бол энэ долоо хоногт 4-өөр нэмэгдэж 297 болсон юм. Үүнээс 269 нь эмчлэгдсэн, 46 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 16 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 270 хүн, ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Олимпийн аваргатай болсон түүхэн өдөр тохиолоо

Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан өдөр бол наймдугаар сарын 14-ний өдөр билээ.  Тодруулбал, одоогоос яг 12 жилийн өмнө буюу “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр Казахстаны бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон билээ.
 
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.

Өмнөговь аймгаас 230 ээж ''Эхийн алдар'' одон хүртлээ

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэрээ Өмнөговь аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулсан билээ. Энэ жил Өмнөговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 230 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 9, Хоёрдугаар зэргийн одонг 221 ээжид одон хүртээж байгаа юм.

''Фронт'' хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймагт ажиллах үеэрээ Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээсэн юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.
 
С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан билээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулж, Биеийн тамир, спортын улсын хороотой болов

Энэ сарын 12-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав. Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “”Алсын хараа-50”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амтьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм.
 
Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.
 
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулав. Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж, 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж заасан.
 
Энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1168 тоот тушаалаар иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоохоор шийдвэрлэлээ.
 
2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нь Ням гараг тул иргэд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу Баасан гарагийн ажлын цагт багтаан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийг анхаарна уу.

Тусгай үүргийн нислэгийн үеэр төрсөн ихрүүдэд МИАТ бүх насаар нь үнэгүй үйлчилнэ

Өнгөрсөн сарын 9-нд Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгийн үеэр жирэмсэн эх амаржиж, ихэр охид мэндэлсэн. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр  тэдний тусгаарлалтын хугацаа дуусч, ихэр охид ээжийн хамт ХӨСҮТ-ээс гарлаа. Энэ үеэр МИАТ ТӨХК-иас ихэр охидод  тус компанийн онгоцоор бүх чиглэлд насаараа үнэгүй үйлчлүүлэх батламжийг гардуулсан юм. Ихэр охидод Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр  өгсөн юм.

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр сонгогдлоо
 
Энэ сарын 14-ний өдөр болсон Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгосон. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хуралд оролцсон нийт гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар ялалт байгуулж  Монголын үндэсний олимпийн хороог удирдахаар болсон. Н.Түвшинбаяр нь 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль, 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль тус тус хүртэж байсан юм.

Тусгай үүргийн нислэгээр 250 иргэн эх орондоо ирлээ
 
Энэ сарын 11-ний өдөр БНЧУ болон зүүн Европын зарим орноос иргэдээ татан авах Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  250 иргэн эх орондоо ирсэн. Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж нислэг юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар 192 иргэн ирж байгаа бол Чех, Унгар, Австри, Польш улсуудаас бага насны хүүхэдтэй гэр бүл-21, эрүүл мэндийн шалтгаантай-3, ахмад настан-4, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 32 иргэн ийнхүү ирсэн. Тус онгоцоор ирсэн иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарласан.
 
Дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар  дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийсэн.
 
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргалаа. Өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ” гэв.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд: “Замын хөдөлгөөний дүрэмд “Бүс” хязгаарлалтын тэмдэгийг 2019 оноос эхлэн шинээр оруулсан. Дугаарын хязгаарлалтын эхлэл рүү “Бүс” тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд “бүсчлэлийн төгсгөл” гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй л бол жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байна гэж ойлгох хэрэгтэй. Дугаарын хязгаарлалттай бүсийн эхлэл, төгсгөлийн хэсгийг тоймлон хэлэхэд хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм. Мөн Нарны зам бүхэлдээ хамаарч, 120 мянгатын Тэмээтэй хөшөөтэй уулзвараас хойшхи хэсэг, Механик инженерийн сургуулийн уулзвараас хойд чиглэл бүхэлдээ дугаарын хязгаарлалтад орно. Ингээд Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвараас хойд чиглэл, Саппорогийн уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар хойшоогоо 32-ын тойрог гэсэн маршрутаар дугаарын хязгаарлалт үйлчилнэ.  
 
Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал, 
 
Даваа гарагт 1, 6
 
Мягмар гарагт 2, 7
 
Лхагва гарагт 3, 8
 
Пүрэв гарагт 4, 9
 
Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.
 
Дугаарын хязгаарлалттай өдөр бүсчлэл дотор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох заалт бий.
 
Мөн 2020 оны наймдугаар сарын 17-ноос бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дуусах тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан хэлж байна.
 
 С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.