УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж  УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
 Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,Монгол Улсын найм дахь удаагийн Их Хурал анхны ээлжит бус чуулганаа хуралдахаар хуран цуглаад байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурлын анхдугаар чуулган чуулж, гишүүд тангаргаа өргөн, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулж, зохион байгуулалтын асуудлыг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэснээр төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, ажилдаа шуурхай орсон.
Анхдугаар чуулганы завсарлагаар УИХ-аас нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, засаглал, нутгийн удирдлагын шинэчлэлийн чиглэлээр Ажлын таван хэсэг байгуулан ажиллаж, тодорхой шийдлийн төслүүдийг боловсрууллаа. Зээлийн хүү бууруулах, төсвийн тодотгол хийх, банк санхүүгийн шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр, хил гаалийн шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт зэрэгтэй газар дээр нь танилцаж, холбогдох шийдвэрүүдийн төслийг боловсрууллаа. Төмөр замын бүтээн байгуулалт гэх мэт гацааж зогсоосон байсан стратегийн бүтээн байгуулалтууд эрчээ аван, эрчимтэй өрнөж байхад үйлдвэржүүлэлт, инновац, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шийдвэрлэвэл зохих асуудлууд хуримтлагдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл бидэнд хийх ажил их байна.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.  Цар тахал дэлхийн бараг бүх улсад тархаж, халдвар авсан хүний тоо 22 саяыг давж, 772 мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр л байна. Манай төр засаг, ард иргэд маань цар тахлаас сэргийлэх оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлж байна.

Ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын тэргүүн нар цахимаар оролцож байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг  ардын сайхан үг бий. Ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үед Монголын ард түмэнтэй ойр дотно байж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, Япон, Европын холбоо, Герман, БНСУ, Энэтхэг, Унгар, Турк зэрэг орнуудаас Монгол Улсад суугаа  Элчин сайд нар, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын бусад байгууллагын тэргүүн, хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

Цар тахлын нөлөө дэлхий дахинд, улмаар манай улсын эдийн засагт хүнд сорилт болж буй энэ үед хоёр талын болон олон талын хамтын итгэлцэл нэмэгдэж, бие биедээ туслах сайхан сэтгэл, харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж өргөжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Улсынхаа эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийг ужгируулахгүй байх, хямралаас эдийн засгаа, баялаг бүтээгчдээ, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль, тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь бидний үүрэг гэж үзэж байна.



Та бид энэ удаагийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батална. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх эхний алхам болох юм.

Ирэх он жилүүдэд улсын төсөв, санхүүд ямар бодлого, чиглэл баримталж, юуг зорьж, ямар үр дүнд хүрэх талаарх макро эдийн засгийн үндсэн зорилт, чиглэлүүдийг ч бас хэлэлцэнэ. Макро эдийн засгийн бодлогыг тодорхойлоход микро эдийн засгийн төлөв, нөхцөл байдлыг зөв тооцоолж, төлөвлөх нь зүйтэй байна. Микро эдийн засаг баялаг бүтээгчдийн санаачилга дээр тогтдог.

Баялаг бүтээгч буюу “Энтрепренер” гэдэг үгийн томъёолол хувьсан өөрчлөгдөж, “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер хэмээнэ” гэдэг байсан бол “Өөрчлөлтийг эрэлхийлэн олж, боломжийг ашиглахыг энтрепренер гэнэ. Тэдний гол зэвсэг бол инновац мөн” гэсэн агуулгатай болж өөрчлөгдөж байна. Ийм учраас нэмүү өртөг бүтээж, ажлын байр бий болгодог баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодыг Улсын Их Хуралд байгуулсан.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо экспортын чиг баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх дэд бүтэц, төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ноос ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, газар дээр нь очиж, судалж ажилласан. Одоо үүнийгээ бодлого болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цахим шилжилт ч цаг үеийн шаардлага боллоо. Чуулганы завсарлагаар Инновац, цахим бодлогын байнгын хороо “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг боловсролын болон мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

“Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолыг энэ чуулганаар батлахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудын удирдлагуудтай нэг биш удаа уулзаж, санал солилцсоноор Монголбанктай хамтран тогтоолын төслийг боловсруулаад байна.

Төр засаг, банкны салбарынхан, иргэдийн аль аль нь зээлийн хүүг бууруулах нэг ашиг сонирхолд нэгдэж байгаа билээ. Тиймээс энэ зорилтыг ямар арга замаар, хэрхэн хангах вэ гэдэг оновчтой, зөв бодлогыг дэвшүүлэх, улмаар банкны салбарт шинэчлэлийг эхлүүлэх явдал чухлаар тавигдаж байгаа болно.

Улс орноо өөд нь татаж, хүн ардынхаа амьдралыг тэтгэх шинэчлэлийн шинэ зорилтыг тунхагласан Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” хуулийн, эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы бас нэг зорилго байх болно

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгууль болно. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Энэхүү хуулийн өөрчлөлт нь сонгуульд зориулсан гэхээсээ илүүтэй орон нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааны удирдлагыг иргэдийн хүсэмжлэл, Монгол Улсын хөгжлийн эрх ашигт нийцүүлэн оновчтой зохион байгуулах, үр дүнтэй засаглалын тогтолцоо бүрдүүлэхэд чиглэж байгаа билээ.

Тиймээс иргэдийн ирүүлж буй саналаас нэгийг ч гээгдүүлэлгүй авч үзэж, зүйл заалт бүрийг нухацтай шүүн хэлэлцэхэд онцгой анхаарах ёстой гэдгийг зориуд онцлон тэмдэглэж хэлье.

Бүхэлдээ энэ удаагийн чуулган нь Та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улсын санхүү, эдийн засгийг удирдан хөтлөх ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар Улсын Их Хуралд тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж, аргацааж бус, ард түмнийхээ төлөө сэтгэл, зориг гарган ажиллах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш, хураангуй төлөвлөгөө ч бус, сонгуулийн үеэр болон дараа ард түмний илэрхийлсэн хүсэл эрмэлзлийн цогц, салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх төрийн бодлогын баримт бичиг юм.

Салбар бүрт шинэчлэл өөрчлөлт хийж, сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой. Энэ гал улам бадран дүрэлзэх учиртай. Үр дүнд нь Монголын нийгэмд гэгээ гэрэл түгж, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл эргэн сэргэх болно.

Ээлжит бус чуулганы гол агуулга, ач холбогдол үүнд оршиж байна.

Эрхэм гишүүд ээ,
Монголоо өөд нь татаж, сэргээн мандуулах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Энэ давалгааг хүчит түрлэг болгож, уруудсанаа засах, буруудсанаа залруулах, зөв замд орж, эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх нэн хариуцлагатай эрхэм үүрэг Та бидэнд ногдсон.

Сайныг зорьсон зөв үйл хэргийг ард түмэн бүрнээ дэмжинэ. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ийм ч бай гэсэн үүрэг даалгаврыг  түмэн олон минь бидэнд өгч, төрд илгээсэн. Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе.

Эрс шинэтгэлийн их салхи нижигнэн хөгжиж, сайхан ирээдүйн хөтөч, улаач нь байцгаая гэж уриалъя.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдье. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.