Д.Лүндээжанцан: Аав минь намайг хар хайрцагны бодлого шиг амьдралд бэлтгэсэн гэж боддог юм
Бид “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа цувралаар хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн  “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Манай уншигчдад гэр бүл болон өөрийгөө танил­цуулахгүй юу?
-Хоёр хүүхэд, гурван ач зээ­тэй. Манай гэргий Д.Оюунцэцэг “Шихихутаг” хууль зүйн сургуулийн захирал. Олон жил багш хийж байна.

-Хүн болгонд хэлэх дуртай үг байдаг шүү дээ?
-Үргэлж нэг үгийг хэлээд байдаггүй. Цаг үе болгонд нэг үг хэлж байсан байх. Сүүлийн үед “Тэгэхээр” гэдэг сул үгийг маш их хэлдэг гэж шүүмжлэлд өртсөн. Ер нь бол “Амьдрал баян” гэдэг үгийг хэлэх дуртай. Дотроо “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг бодож явдаг юм. Үүнээс гадна ээж маань “Хүнтэй эвтэй яваарай” гэдэг үгийг их хэлдэг байсан. Энэ үгийг бодож явдаг даа.  

-Таны сонирхол болон хобби юу вэ?
-Сайн мэдэхгүй юм. Хобби шатар гэхүү дээ. Хуучин намайг барилдаж байсан гэвэл хүн үнэмшихгүй байх.  

-Таны дуртай болон дургүй хоол?
-Дургүй хоол байхгүй. Багадаа дургүй хоол их байлаа. Ногоотой хоол, урссан гурилтай хоол, загас, өндөгт их дургүй байлаа. Сүүлдээ хүн амьдрал үзээд ирэхээр дургүй хоолгүй болсон. Гэхдээ өөх мах нь алгалсан үхрийн хавирга, адууны умс, цагаан шавай, хөхүүрийн айрагт голлон дуртай. Үүнээс гадна маслотай талх, ёотон их иднэ шүү.   

-Таны багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил?
-Бусад хүүхдийн адил олон янзын мөрөөдөл тээж явлаа. Хөгжимчин болно гэж нэг хэсэг үзсэн ч сураагүй. Цана, бөхөөр хичээллэнэ, сэтгүүлч болно гэсэн ч биелсэн зүйл байхгүй. Харин 1975 онд МУИС-ийн Хуулийн ангид орсноор хуульч мэргэжилдээ дуртай болсон.  

-Согтууруулах ундааг та юу гэж боддог бол?
-Олигтой зүйл биш л дээ. Миний хувьд 40 нас хүртлээ архи ууж үзээгүй. Бие физиологи хүлээж авдаггүй байсан. Залуу хүнд архи амьдралын дайсан. 40-50 хүрээд ирэхээр эрүүл мэндийн дайсан. Тэгэхээр хэрэггүй зүйл.  

-Та стрессээ хэрхэн тайл­даг вэ?
-Ажилтай байвал стресс тайлагдана. Сүүлийн үед агаарт жаахан юм бодоод явбал гайгүй болчихдог болсон. Үүнээс гадна сайхан богино өгүүллэг унших, шатар тоглох зэргээр стрессээ тайлна даа.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?
-Өөрөө өөртөө их таалагддаг байсан. Сайхан шүлгийн мөр орж ирэх. Миний хувьд багш хүн шүү дээ. Тийм ч болохоор хичээлээ сайхан зааж, хүүхдүүдтэйгээ харилцаад дуусах тэр үед их таатай. Мөн анхны номоо хэвлэлтэд өгчихөөд байхад нэг их сайхан зүйл бүтээсэн юм шиг санагдаж байсан юм.   

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байвал та хэдэн он, аль цаг хугацаанд очихыг хүсч байна?
-Тэрийг нэг их боддоггүй юм байна. Гэхдээ шөнө зүүдлэх их гоё. Зүүдэндээ аав ээждээ хөтлүүлээд Урт цагааны урдуур явж байх тэр үе их сайхан. Тэр үе юм болов уу.  

-Таныг одоогийн ажил мэргэжлээ соль гэвэл?
-Би багш шүү дээ. Үүнийгээ л хийнэ.  

-Унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү тайван сайхан унтаж чаддаг вэ?
-Би заавал ном уншиж байж унтдаг. Сүүлийн үед нүдний ойрын хараа муудаад эхнэрээрээ ном уншуулаад унтвал их сайхан унтдаг болсон.

-Хүн тайван байхдаа юм уу жаргалтай байх үедээ амандаа дуу аялдаг. Тийм үед таны аманд ямар дуу аялагддаг вэ?
-Залуу цагт тархинд суусан дуунууд байна. Намар болохоор “Ургацын далай” дуу гэх мэтчилэн орно. Сүүлийн үед дуу ч аялахаа больж дээ.

-Та толинд өөрийгөө хараад юу гэж боддог вэ?
-Нэг их зүйл бодоод байдаггүй дээ. Ажлын шаардлагаар ч юм уу хам хумхан л харна даа. Харин гэрэл зургаа хараад ийм байж, тийм байж гэж хөөрөлдөнө.   

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?
-Аз жаргалтай үе надад их байлаа. Аав ээжтэйгээ байсан үе, дүүтэй болсон үе. Эхнэртэй болсон, анхны хүүхэдтэй болсон гэх мэт аз жаргалтай үе их бий.

-Нэг сард зөвхөн өөртөө зориулж хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг бол?
-Тооцож үзээгүй юм байна. Ер нь бол хэрэглээ бага. Архи, тамхинд мөнгө зарцуулахгүй. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг учраас нэг их зардал байхгүй.

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?
-Монголчууд хоорондоо их төстэй юм шиг санагддаг. Эсвэл багш учраас ч юм уу. Бүгд л таньдаг мэт санагдаад байдаг. Би хүн танихдаа муу ч нэг танилцсан хүнээ мартдаггүй.

-Та бусдыг юугаараа өөртөө татдаг гэж бодож байна?  
-Байгаараа байснаараа л бусдыг татдаг болов уу.

-Нэг өдөрт төлөвлөсөн бүх ажлаа дуусгачихаад, зураг­тын удирдлагаа бариад хэдэн цаг телевиз үзэж чадах вэ?
-Манай эхнэр намайг тийм заяанд төрөөгүй хүн л гэдэг юм. Нэг удаа л сайхан амарснаа санадаг юм. Манай хадмынх Хүрхрээгийн зусланд байдаг. Тэнд эхнэр бид хоёр очиж, сайхан амарсан.

-Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?
-Би их сэтгэл хөдлөлтэй хүн. Амархан баярлаж,  гомддог, туньдаг байсан. Сүүлийн үед арай хатуужсан юм болов уу.  

-Хайртай хүндээ байнга хэлэхийг хүсдэг ч хэлж чаддаггүй үг?
-Дотроо хайртай хүмүүстээ санаа тавиад утасддаг ч юм уу байнга л санаа тавьж явдаг. Харин эхнэртээ зориулж “Зангаараа амраг” дууг зориулсан юм.

-Хүний амьдарч байгаа орон зайг залуу насгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин залуу насыг хайр дурлал­гүйгээр төсөөлж болшгүй. Та залуу насандаа дурлалдаа шаналж уйлж байв уу?
-Нэг их уйлж байснаа санахгүй байна. Яах вэ захиа бичээд бүтээгүй, гологдсондоо гонсгордуу байсан үе бий.

-Та лото бөглөөд их хэмжээний мөнгө хожвол яах бол?
-Баярлаад үсрээд дэвхрэх үе өнгөрч. Миний хувьд сугалаанд юм хожиж байгаагүй. Тийм болохоор энэ бол мөрөөдөл. Харин хожвол эхнэр хүүхэд, бэр хүргэн гэх мэт эргэн тойрны хүмүүст нэг хэсгийг нь хуваана.

-Та багадаа ямар тоглоомоор хамгийн их тоглож байв?
-Гадаа их барилдана, хөл­бөм­бөг тоглоно. Хөгш­­чүүл­­тэй даа­лууд­на, хөзөр тоглодог байлаа.  

-Бэлгийн чиг ханд­лага нь өөр хү­мүүсийг та хэр­хэн хүлээж авдаг бол?
-Заяа төөрөг нь юм болов уу л гэж өрөвддөг. Байгалийн гаж үзэгдэл гэж бодоод явах асуудал.

-Та гэр бү­лийнхээ зур­гийн цом­гийг хам­гийн сүүл­д хэ­зээ дэл­гэж үзэв?
-Хэдхэн сарын өмнө үзсэн. Одоо үед гэрэл зургийн цомог гэж бараг л үгүй болж. Бидний үед хар зураг л авахуулна. Тэр маань маш их дурсгалтай.

-Таны хүүхэд насны баатар?
-Манай аав цэргийн хүн байсан. Тэгээд Жуков жанжин Дандар баатарыг байнга ярина. Энэ хоёр л багын маань баатар байж.

-Гэр бүлээс гадуурх харьцааг юу гэж бодож байна?
-Нийгэм их өөр болж байна.  Аль болох зав чөлөөгүй байвал тэр тал нь арай гайгүй байх юм болов уу.

-Нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл юу хийж үзэхийг хүсэх бол?
-Ёстой бодож үзээгүй юм байна. Үнэхээр эмэгтэй хүн болвол нэг өдөр их дөлгөөн эмэгтэй хүн байна.

-Таны багын хоч?
-Баавгай хочтой байлаа. Багадаа ангидаа барилдахаар түрүүлчихдэг байлаа. Үүнээс ч болсон юм болов уу.  

-Эрчүүд эмэгтэйчүүдээс давуу байх шинж чанар нь юу юм бол?
-Эрэгтэй хүн давуу байх ёстой гэдэг үзэлтэй байсан хүн. Яваа яваандаа хүн ухаарч тэгшрээд ирэхээр эмэгтэй хүний нийгэмд эзэлж байгаа үүргийг ойлгосон. Үүнийг ээжээсээ мэдэрсэн бол дараа нь эхнэрээсээ мэдэрсэн.  Ингээд бодохоор эмэгтэй хүний үүргийг дутуу үнэлж болохгүй юм байна.

-Хэрвээ та Ерөнхийлөгч бол?
-Миний хувьд нам дотроо Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан хүн. Тийм болохоор их хэцүү асуулт байна. Харин УИХ-ын гишүүн төрийн түшээгийн хувьд юу хийх вэ гэдэгт хариулж болно. Бид 20 гаруй жилд төрд зүтгэхдээ алдсан оносон зүйл их байна.

-Таны сургуульд байх үеийн хамгийн дурсамжтай үе?
-Үе үеийн олон сайхан дурсамж байна. Харшийн наадамд орохоос эхлүүлээд шинэ он болно. Багш нарын баяраар Аск тэмцээнд орж багийн ахлагч болж, түрүүлж байсан гэх мэт сайхан дурсамж олон.

-Таны хамгийн их ичиж байсан үе?
-Ичиж байсан үе их бий.

-Болзсон газраа ирээгүй найзыгаа хэр удаан хүлээх бол?
-Уйгагүй хүлээж чадна.   

-Та амласандаа хүрдэг үү?
-Хичээдэг. Ядахдаа 80 хувьд нь хүрэх юмсан гэж боддог.

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо гэж бодъё. Та хүүхдээ улсын сургуульд өгөх үү, хувийн сургуульд өгөх үү?
-Манай хоёр хүүхэд хоёулаа улсын сургууль төгссөн.

-Нэг үгээр өөрийгөө тодорхойл гэвэл?
-Өвөрхангайн Лүндээ.

-Таны хамгийн дуртай баяр?
-Шинэ жилийн баяраар би эхнэртэйгээ сууж байсан. Тийм ч учраас энэ баяр сайхан. Үүнээс гадна цагаан сар, улсын баяр наадамдаа дуртай.

-Тантай ярилцаж байгаа хүн улайм цайм худлаа хэлээд байвал?
-Хүний нүүр халуун. Гурван хүн байвал тухайн хүний нэр хүндийг бодно. Харин хоёулаа байвал шууд хэлнэ.  

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар?
-Гурван үе гайгүй болов уу л гэж боддог юм. Ер нь болдог бол жинхэнэ нүүдэлчин амьдрал сайхан гэж боддог. Амьдрал гэдэг алалцах дайсантай адил гэдэг шиг тэмцсээр байх болов уу.

-Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлд дуртай хүн ховор. Гэхдээ шүүмжлэлд дөжирч болохгүй барагтай шүүмжлэлийг хүлээж авах хэмжээнд хүрч.  

-Таныг эзгүй арал руу явахдаа хэрэгтэй гурван зүйл авч яв гэвэл?
-Шүтээн болсон бурхан, эрхи, хөөрөгөө авч яваад бясалгал хийгээд л сууна. Философио­роо бол гал авч явах л байх
/инээв/.

-Аав, ээжийн тань хэлж байсан сургамж, сургаал үгсээс сэтгэлд үлдсэн үгийг хэлэхгүй юу?

-Аав минь намайг хар хайр­цагны бодлого шиг бэлтгэсэн гэж боддог юм. Төвд ном, хуучин бичиг, сампин, шатар заасан. Үүнээс гадна түүх талын бүхий л зүйлийг надад зааж үлдээсэн. Ер нь эрдэм мэдлэг чухал гэдгийг чухалчилж, намайг хүмүүжүүлсэн гэж боддог. Ээж маань хүнтэй эвтэй найртай бай гэж хэлдэг.

-Та амьдралдаа тохиолд­сон хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Хүнд амаргүй үе их бий. Гэхдээ түүнээс гарах ямар нэгэн гарц байх ёстой. Хүн бүхэнд зовлон бий ч үүнийг даван гарах нь чухал. Зовсон өдөр байхад жаргах өдөр байна.   

-Улс төр гэдэг таныхаар?
-Өөрийн санасан бодсон зүйлээ хэрэгжүүлэх гол зүйл. Гэхдээ өөрийн санасан бодсон гээд бизнесийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх биш өөрийн өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх зүйл. Жишээ нь би хуульч, багш хүн. Тийм учраас хууль боловсруулаад хуулиа батлуулах гэж байгаа маань өмнөө тавьсан зорилго шүү дээ. Иргэдийн итгэл найдварыг алдахгүй тэдний төлөө зөв ажил хийх нь л улс төр.

-Хэрвээ та үл үзэгдэгч хүн байсан бол юу харахыг хүсэх бол?
-Нэг их зүйл харахыг хүсэх­гүй байна.

-Таны хамгийн очих дур­тай газар?
-Нутагтаа л очих дуртай. Нутгаа санана, зүүдлэнэ.  

-Бурхан гэж байдаг болов уу?
-Байдаг.

-Та хэр шударга хүн бэ?
-Бүр их шударга хүн биш. Гэхдээ шударга байхыг хичээдэг.

-Таны хэлэх, сонсох дургүй үг?
-Янз бүрийн хараалын үг. Миний дургүй зүйл хүнийг дорд үздэг тэр зан.

-Уурлахдаа гаргадаг зан чанар?
-Нэг дүрс хийгээд л больчихдог.

-Хүн хүүхэд ахуй насандаа маш их мөрөөдөмтгий байдаг юм байна. Таны тухайн үед бодож байсан мөрөөдөл хэдэн хувь биелсэн бол?
-Их л мөрөөдөмтгий хүүхэд байсан. Ном их уншина. Сансарт ниснэ гэж мөрөөдөж байгаагүй ч төрийн түшээ болно гэсэн мөрөөдөлдөө хүрсэн. Эрдэмтэн профессор, Их сургуулийн багш болно гэж их ярьдаг байлаа.  

-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?
-Нэг их сайн мэддэг хэл байхгүй. Бусдын жишгээр орос хэл үзсэн. Мөн англи хэлийг оролдож байгаа. Төвд хэлийг хоёр жил үзсэн.

-Хүмүүсийн танд хандаж хэлсэн үгнээс хамгийн их таалагдсан нь?
-Их олон хүн сайхан, сайхан үг хэлдэг. Үүнээс сэтгэлд сайхан үг нь “Миний муу шар хүү” гэдэг үгийг нутгийн нэг сайхан хөгшин хэлж байсан. Энэ их сайхан дотно үг.  

-Энэ амьдралын юунд хамгийн их эргэлздэг вэ?
-Онол суртахууны хувиас эхлээд эргэлздэг.

-Хүн үхэн үхтлээ суралцана гэж ярьдаг. Түүний нэгэн адил та юунд суралцмаар байна?
-Амьдралдаа суралцсаар бай­гаа. Гэхдээ л бага сураад бай­гаа юм. Сүүлийн үед шавь на­раа­саа их суралцаж байна. Но­мыг нь уншина, тэдний лек­цийг сонсоно. Энэ бүхнээс их суралцаж байна.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Хүний зан чанарын эвдэрлээс.

-Мөнгө гэж таныхаар?
-Хэрэгцээтэй л зүйл. Манай жаахан хүү агаатай биш, өвөөтэй мөнгө авна гэж юу байхав. Тийм болохоор хүн бүхэнд мөнгө гэдэг зүйл хэрэгцээтэй гэдгийг мэдэж байна.

-Та хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ инээсэн бэ?
-Сэтгэлээсээ үе үе инээдэг л байх. Багынхаа найз нар, 10 жилийн болон их сургуулийн найз нартай цуглаад ярилцахад их сайхан.

-Энэ нийгэмд засч залруу­лах зүйл их байна. Таны хувьд хамгийн түрүүнд юу байх бол?
-Үндсэн хуулийн гажуудал, давхар дээлийг тайлах асууд­лаас ажлаа эхэлмээр байна. Тэгвэл УИХ, Засгийн газар нь байраа олно.

-Та хэд наслахыг хүсч байна?
-Ач зээ нараа 20 хүрэхийг харахыг хүсч байна. Тийм болохоор 70 хүрэх юм уу даа.

-Та ямархуу өвөө болж, хаана хэрхэн амьдрах бол?
-Ач зээ гараад өвөө болсон ч өвөө болохыг хүсэхгүй байна
/инээв/.

-Маргааш дэлхий сөнөнө гэвэл яах вэ?
-Юу ч хийхгүй. Яагаад гэхээр дэлхий мөддөө сүйрэхгүй.  

-Хайр гэж таныхаар?
-Хамгийн нандин зүйл. Үгээр илэрхийлэхийн аргагүй өөрийн эрхгүй тэр хүнд санаа зовоод байгаа тэр зүйлийг л хэлэх байх.

-Тэгвэл амьдрал гэдэг?
-Цаг хугацааны үргэлжлэл юм болов уу. Мэрж барахгүй ааруул.

-Та өөрийгөө ямар амьтантай зүйрлүүлэх бол?
-Тахиа жилтэй. Түүнтэйгээ адилхан юм болов уу. Туулай шиг зүрх муутай, тахиа шиг донгоддог юм уу даа.

-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Сэтгэл хангалуун байна.
Монголын мэдээ
Буулгасан Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.