Луйврын сонгуулийг эсэргүүцсэн Беларусийн жагсаал 10 хоног үргэлжилж байна

“Лукашенког амьд байгаа цагт дахин сонгууль болохгүй”

Беларусийг 1994 оноос хойш удирдсан “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээх хочтой Александр Лукашенко ерөнхийлөгчөөр дахин сонгогдсныг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж байна. Иргэдийн бослого улам хүрээгээ тэлж,  даваа гаригт Беларусь даяар олон үйлдвэр, албан байгууллага ажил хаялт зарлалаа. Тодруулбал, ерөнхийлөгч Лукашенког  даваа гаригт Минск хотын захад орших төрийн өмчит үйлдвэрт зочлох үеэр үйлдвэрийн ажилчид  түүнийг үг хэлүүлэлгүй огцрохыг шаардан хоолой нийлүүлэн уухайлсан байна.

Минскийн тракторын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн Сергей Дилевски “Манай үйлдвэрийн 14 мянган ажилчнаас 4000 нь энэ ажил хаялтад нэгдсэн. Бид 26 жилийн  турш эрх баригчдаас айж амьдарсан. Гэвч одоо бидний дуугарах цаг болсныг өнгөрсөн долоо хоногийн үйл явдал харууллаа. Шударга сонгууль болтол бид ажилдаа буцаж орохгүй” гэжээ. Тэдний энэ үйлдэлд Лукашенко “Та бүхэн шударга бус сонгууль болсон гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ сонгууль болдгоороо болсон. Намайг амьд байгаа цагт дахин сонгууль болохгүй” гэсэн хариу өгчээ.  Луйврын сонгуулийг эсэргүүцсэн энэ жагсаал Лукашенког 80 хувийн санал авч, ялалт байгуулсныг энэ сарын 9-нд зарласны дараагаар Минск хотод эхэлсэн. Түүний өрсөлдөгч, сөрөг хүчнээс нэр дэвшигч Светлана Тихановскаяа ердөө 10 хувийн санал авсандаа итгэхгүй байна. Түүнчлэн Лукашенко санал хураалтыг өөртөө ашигтайгаар эргүүлж, булхай ашигласан, зөв тоолсон бол Тихановскаяа 60-70 хувийн санал авах байсан хэмээн үзэж өөр аргаар дахин тоолно гэдгээ мэдэгдсэн. Бослогын улмаас Минск хотод өнөөдрийн байдлаар  хоёр жагсагч амиа алдаж, 7000  орчим хүнийг баривчлаад байна.  Зөвхөн даваа гаригт 122 хүн баривчлагдаж, 158 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Беларусьт өрнөж буй энэ жагсаалын талаар дэлхийн улс орнууд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Европын холбоо Лукашенкогийн эсрэг хариу арга хэмжээ авна

Европын холбооны 27 орны удирдлагууд лхагва гаригт цахимаар яаралтай хурал хийсэн. Энэ үеэр Беларусийн луйврын сонгууль, дарангуйлал, бослогын эсрэг  удирдах албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх талаар хариу арга хэмжээ авахыг тус холбооны гадаад хэргийн сайдууд зөвшөөрчээ. Тодруулбал, Их Британи луйврын сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Их Британийн гадаад хэргийн  сайд Доминик Рааб “Энэ удаагийн сонгууль шударга бус болсон. Гэтэл  луйврын сонгуулийг нь эсэргүүцсэн иргэдийн  бослогыг дарахын эсрэг гаргасан Беларусийн эрх баригчдын аймшигт хүчирхийлэл, дарангуйллыг дэлхий нийтээрээ харлаа” гэжээ. Европын  зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель “Беларусын иргэд удирдагчаа чөлөөтэй сонгох эрхийнхээ төлөө тэмцсэн. Тэдний энэ үйлдлийг зогсоохын эсрэг ашигласан хүчирхийлсэн үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй” гэжээ. Германы сангийн сайд Олаф Шольф өдөр тутмын “Bild” сонинд “Лукашенко бол хамгийн муу дарангуйлагч. Энэ ерөнхийлөгч өдийг хүртэл хууль ёсыг дагаагүй гэдэгт би  итгэлтэй байна. Хэрвээ тийм биш бол тэр ийм ер бусын, харгис хэрцгий, хүчирхийлэл үйлдэхгүй байсан” гэж ярьжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Беларусь үнэхээр хүнд нөхцөл байдалд орлоо. Тиймээс бид дотно харилцаагаа үргэлжлүүлнэ” гэжээ. АНУ өнгөрсөн жилийн есдүгээр сард Минск хотод элчин сайдаа томилохоор тохиролцсон нь арав гаруй жилийн дараа тус хоёр улсын дотно харилцаа сэргээсэн үйл явдал байсан юм. Үүнээс өмнө өнгөрсөн жилийн наймдугаар сард тэр үеийн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон  Лукашенкотой уулзаж Беларусийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байсан юм.

Мөн Лукашенко “Германы канцлер Ангела Меркел өчигдөр над руу утсаар ярьсан” гэж мэдээлсэн ч тус улсын Засгийн газраас энэ сарын 9-ний сонгуулиас хойш хоёр удирдагч харилцаагүй гэсэн байна.

Хөрш орнууд Лукашенкогийн ялалтад баяр хүргэв

Ихэнх улс орон шударга бус сонгууль, дарангуйллыг эсэргүүцэж байхад хөрш орнууд нь Лукашенкод баяр хүргэлээ.  Тухайлбал ОХУ-ын удирдлагууд байна. Орос, Беларусийн харилцаа холбоо тийм ч сайнгүй байсан нь үнэн.  Лукашенко 2014 онд Москва Крымийг өөртөө нэгтгэх үйл явцыг дэмжээгүй, Беларусьт цэргийн баазаа байгуулах Оросын саналыг хүлээж аваагүйгээс тэдний харилцаа хөндийрсөн. Түүнчлэн Беларусийн ерөнхийлөгч Лукашенко “Хэрэв Орос бидний тусгаар тогтнолд заналхийлвэл дэлхийн хамтын нийгэмлэг хэрхэн хариу өгөхийг та бүгд мэднэ. Барууны улсууд ба НАТО үүнийг зүгээр хараад суухгүй. Дайн болно ” хэмээн өнгөрсөн онд ярьж байв. Мөн сүүлийн үед Москвагийн зүгээс эрчим хүчний үнээ нэмэх зэргээр Минскт дарамт шахалт үзүүлэх нь ихсээд байсан юм. Гэтэл олныг хамарсан бослого, үймээн Лукашенконг Путинаас тусламж авахаас өөр аргагүй байдалд хүргэж, шаардлагатай гэвэл ОХУ-аас тусламж авна гэдгээ мэдэгдлээ. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лукашенког хамгаалахын оронд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцад оролцох төлөвлөгөөтэй байж болзошгүй хэмээн судлаачид таамаглаж байна.

“Дахин сонгууль явуулвал Беларусь мөхнө”

Ням гаригт Беларусь улсад хоёр жагсаал нэгэн зэрэг болсон. Лукашенког огцрохыг шаардсан жагсаал Беларусийн ихэнх хотуудад нэгэн зэрэг зохион байгуулагдсан бол Минск хотын тусгаар тогтнолын талбайд ерөнхийлөгч Лукашенког дэмжигчдийн тайван жагсаал болсон юм. Тус тайван жагсаалд 67 мянган хүн оролцсон бөгөөд төрийн тэргүүн Лукашенко ирж үг хэлсэн байна. Тэрээр   “Зарим иргэд дахин сонгууль явуулахыг хүсч байна. Гэхдээ та бүхэн цонхоор нэг хараад үзээрэй. НАТО-гийн цэргүүд манай улс руу орж ирэх мөчөө хүлээн улсын хилийн хажууд ирчихсэн байна. Литва, Латви, Польш, Украйнаас бидэнд дахин сонгууль явуулахыг уриалж байна. Хэрэв бид тэдний хүссэн зүйлийг хийвэл эрх чөлөөгөө алдаж, манай улс мөхөх болно. Би гэгээнтэн биш. Намайг хатуу хүн гэдгийг та нар мэднэ. Гэхдээ  миний хатуу чанга удирдлагагүйгээр энэ улс оршин тогтнохгүй байсан” гэсэн юм. Европын холбооны хурлын үеэр хөрш Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичиус “Беларусийн цэргийн үйл ажиллагаанд оролцоно гэсэн Кремлийн эсрэг Европын холбоо байр сууриа хүчтэй илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ ОХУ цэргийн тусламж үзүүлэх юм бол энэ үйлдлийг нь бид тэсч чадахгүй, хариу арга хэмжээ авах нь тодорхой. Гэхдээ ийм зүйл болсон гэдэгт би итгэхгүй байна. Энэ үйлдэл Москвагийн өөрийн хүсэл байсанд эргэлзэж байна” гэлээ. Мөн “ОХУ Беларусьт цэргийн тусламж үзүүлнэ гэсэн үйл ажиллагааг би маш том аюул гэж харж байна. Үүнээс зайлсхийнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Москвагийн Карнегийн төвийн захирал Дмитрий Тренин ярьжээ. Гэвч  Лукашенко даваа гаригт  мэдээлэл хийж үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа дахин сонгууль явуулахад бэлэн гэж мэдэгдсэн нь олон нийтийн эсэргүүцлийг намжаах нэгэн оролдлого хэмээн үзэж байна.

Беларусийн Дотоод хэргийн сайд Юрий Караев “Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн зохион байгуулагдаж буй жагсаал гадны орнуудын зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл.  Жагсаалд оролцож байгаа залуучууд үүний төлөө мөнгө авдаг” гэж мэдэгдэв. Санал хураалтын дараа хөрш Литва руу явсан Лукашенкогийн өрсөлдөгч Светлана Тихановскаяа даваа гаригт цахимаар “Энэ хэцүү үед би үндэсний удирдагч болж улсаа тайван амгалан, энгийн амьдрал руу шилжүүлэх хариуцлагыг үүрэхэд бэлэн” гэдгээ мэдэгдлээ.

ГХЯ-наас албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна

Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болж, Александр Лукашенко зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнд БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар баяр хүргэсэн талаар ТАСС агентлаг дамжуулсан.  Түүнчлэн  Казахстан, Тажикстан,  Арменийн төрийн тэргүүн нар түүний ялалтыг хүлээн зөвшөөрч, баяр хүргэсэн юм. Харин манай улсын хувьд одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.  Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Александр Лукашенкод баяр хүргэсэн. Беларусийн жагсаал цуглаантай холбоотой албан ёсны мэдээлэл байхгүй байна” гэлээ.  Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа аваад өнгөрсөн сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзжээ.  Тухайн үед тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байсан юм.  Уулзалтын үеэр Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, коронавируст цар тахлын үед Беларусь Улсад суралцаж буй монгол оюутнуудад дэмжлэг үзүүлэх, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байдаг.

ЭКСПЕРТИЙН ҮГ

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо: Эмх цэгц, хүмүүжил сахилга өндөртэй ард түмэн юм

 

-Нэг хүний засаглалын эсрэг Беларусьт өрнөж байсан тэмцлийн хамгийн өргөн  нь гэж үзэх жагсаал болж байна. Статистик тоо мэдээнээс үзэхэд нийт хүн ам тэр дундаа сонгогчдын багагүй хувь нь сонгуулийн дүнд сэтгэл дундуур байна. Тусгаар улсын дотоод асуудалд хөндлөнгөөс дүгнэлт өгөх нь хэт өрөөсгөл болох биз. Өнөөдөр Цагаан Орост үүсээд байгаа асуудал нэг талаасаа нэг улс орны дотоод хэрэг гэж харагдаж болох ч том өнцгөөрөө их гүрнүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчил болж хувирах магадлалтай. Манай Монголтой адил дэлхий дээрх далайд гарцгүй цөөхөн улсын нэгийн хувьд газар зүйн байрлал нь геостратегийн онцлогийг нь бий болгодог. ОХУ-ын нийслэлд хамгийн ойрхон байрлалтай энэ улсад өөр гадны улсын ашиг сонирхол орж ирэхэд оросууд дургүйцэх нь аргагүй. Гэхдээ их, бага ямар ч улсад хөрш орных нь дотоодын эмх замбараагүй байдал нь улс төр, эдийн засгийн хямрал зэргийг дагуулсан хүндээр тусдаг учраас хүндрэлтэй байдлыг даван туулахад нь туслахыг санал болгож байгааг ойлгож болно. Асуудлыг хохирол багатай шийдвэрлэх ямар гарц байж болохыг олон талаас нь авч үзэж байгаа нь мэдээж хэрэг. Хувийн зүгээс беларусчуудын эмх цэгц, хүмүүжил сахилга өндөртэй ард түмэн юм даа л гэж бахархан бодож байна. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэлбэрийг өнөөдрийг хүртэл эмх замбараагүй байдалд хүргэчихгүй байгаа нь бас л мундаг юм.

Беларусийн өөрчлөлтийн уриа болсон Виктор Цойн дуу

Беларусийн луйврын сонгуулийн эсрэг тэмцэл нь  хуучин Зөвлөлтийн үеийн нэрт рок хамтлагийн дуучин Виктор Цойн  нас барсны 30 жилтэй давцсан нь сонин. Хамгийн гол нь Виктор Цойн  “Перемен” дуу Беларусийн луйврын сонгуулийн эсрэг уриа болж,  “Жинхэнэ “өөрчлөлт” бидэнд хэрэгтэй. Үнэн “өөрчлөлт” яг одоо хэрэгтэй” хэмээн дуулж тэмцэж байна. Бас Беларусь дахь тэмцэл хөдөлгөөн өрнөх ч энэ дуунаас болж. Товчхондоо бол, эрх баригчид өөрсдийгөө дэмжүүлэхээр Виктор Цойн  “Перемен” дууг гудамжинд тавьж. Энэ нь эргээд мөнөөх залуусыг буруутгаж баривчилж саатуулахад хүргэсэн нь олон нийтийн дургүйцлийг хөдөлгөсөн байна. Беларусь даяар өрнөж байгаа луйврын сонгуулийн эсрэг тэмцлийн уриа болсон Виктор Цойн алдарт “Перемен” дууны үгийг Намбарын Энхбаярын орчуулснаар уншигчдадаа хүргэж  байна.

ВИКТОР ЦОЙ- ӨӨРЧЛӨХ

(“Кино” рок хамтлаг, ЗХУ)

Орчуулсан Намбарын ЭНХБАЯР

Хүйтэн шилнээс ногоон туяа цацарна

Хөх утаанаас хар хор ялгарна

Улаан нар тэнгэрт шатаж алга болно

Уйтгартай өдөр ингэж байгаад дуусна

Хуанлийн нэг хуудас тасарч унана

Улалзан шатах хотыг хар сүүдэр нөмрөнө.

 

Ухаан санаа өөрчлөлтийг шаардана

Улаан зүрх “өөрчлөлт”-өөр цохилно

Нүдэнд “өөрчлөлт” үзэгдэнэ

Нулимсанд “өөрчлөлт” харагдана

Инээхэд “өөрчлөлт” сонсогдоно

Уйлахад “өөрчлөлт” дуулдана

Жинхэнэ “өөрчлөлт” бидэнд хэрэгтэй

Үнэн “өөрчлөлт” яг одоо хэрэгтэй.

 

Чийдэн асахад өдөр үргэлжилнэ

Чүдэнзний хоосон хайрцаг харагдана

Галын өрөөнд бачууран сууна

Гаазын үнэрт мансууран сууна.

Хурууны завсарт асаагүй тамхи

Хулдаастай ширээн дээр цайтай аяга

Бидний гадна хов хоосон

Бидний дотор дүв дүүрэн.

 

Ухаан санаа өөрчлөлтийг шаардана

Улаан зүрх “өөрчлөлт”-өөр цохилно

Нүдэнд “өөрчлөлт” үзэгдэнэ

Нулимсанд “өөрчлөлт” харагдана

Инээхэд “өөрчлөлт” сонсогдоно

Уйлахад “өөрчлөлт” дуулдана

Жинхэнэ “өөрчлөлт” бидэнд хэрэгтэй

Үнэн “өөрчлөлт” яг одоо хэрэгтэй.

 

Бидэнд ухаантай харц хэрэггүй

Бидэнд сүр царайлах шаардлагагүй

Бид нэг нэгийгээ амархан ойлгоно

Хурууны завсарт тамхи байхад болно

Хулдаастай ширээн дээр цайтай аяга байхад болно.

Үнэхээр “өөрчлөлт” болохвий гэхээс

Үнхэлцгээ хагартал айж байгаа ч

 

Ухаан санаа өөрчлөлтийг шаардана

Улаан зүрх “өөрчлөлт”-өөр цохилно

Нүдэнд “өөрчлөлт” үзэгдэнэ

Нулимсанд “өөрчлөлт” харагдана

Инээхэд “өөрчлөлт” сонсогдоно

Уйлахад “өөрчлөлт” дуулдана

Жинхэнэ “өөрчлөлт” бидэнд хэрэгтэй

Үнэн “өөрчлөлт” яг одоо хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав, Т.Сайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-08-19 00:39:55
    Ямар ч байсан монголчуудаас дээр л юм байна
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2020-08-19 13:17:56
      Harin tiimee ard irged ni zorigtoi temtsej chadaj bn, bas tur ni mongol tur shig buudaad alchihguihen shig baigaa ni ih yum
      162.158.167.167
      Мэдэгдсэн Хариулах