УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийж, Хийн хоолой барих хоёр улсын хамтарсан компанийг байгууллаа
Манай улсын хувьд коронавирусийн цар тахлын нийт батлагдсан тохиолдол 301 болсон.  Өнгөрсөн долоо хоногт 8 хүн эдгэрснээр нийт эдгэрч гарсан хүний тоо 291 боллоо. Одоо ХӨСҮТ-д 10 хүн эмчилгээнд байна. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийж, СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нарыг шинээр томиллоо. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ


УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 17-ны өдөр эхэлсэн.  Тэгвэл  энэ сарын 28-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, бие даасан 5, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоол баталж, өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар зээлийн хүүг бууруулах 4 стратегийн хүрээнд авах арга хэмжээнүүдийг тодорхойлон баталлаа. Зээлийн хүүг багасгах ёстой гэдэгт ард иргэд, банкны салбарынхан, төр засаг ч санал нэгдэж байгаа. Иргэдийн хийгээд аж ахуйн нэгжийн хувьд тулгамдсан, хүсэн хүлээсэн банкны тогтолцоог шинэчлэх, банкны зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт биш, дэмжлэг болдог байхын тулд зээлийн хүүг бууруулах Стратегиа цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна. Намрын чуулган эхлэх үед зээлийн хүү бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авсан байхыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгож байна” гэлээ.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгож, бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ажил Та бидний томоохон зорилтын нэг юм. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2-р тогтоолыг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэл хийх ажил хийгдэж эхэлсэн ч илүү хурдтай ажиллах, хугацаа алдахгүй байх зайлшгүй шаардлага үүсэж байгааг дурдсан. Тиймээс жагсаалтад багтсан хууль тогтоомжуудын төслийг намрын чуулганд багтаан боловсруулж дуусгах, хэлэлцэн батлах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурлын Тамгын газар, Ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, төслийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, бэлэн болгох хэрэгтэй гэв. Мөн Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг эрх зүйн хүрээнд хийх олон шинэтгэлүүд өмнө байгааг сануулсан.

    Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж, үг хэлснээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн.
 

“Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүү болон УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл нарын шүүх хурал хойшиллоо 


Шүүгдэгч Э.Бат-Үүл нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн. Гэвч шүүгдэгч Э.Бат-Үүл нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
 

Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 11 цагт товлосон боловч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Энхболд болон нэр бүхий гэрч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, өмгөөлөгч С.Дэлгэрнасан эрүүл мэндийн шалтгаанаас ирээгүй, хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хууль ёсны төлөөлөгчид өөрсдийн сонгож авсан өмгөөлөгч С.Дэлгэрнасантай шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаас талуудын тэгш мэтгэлзээнийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж,

1.Нэр бүхий гэрч нарыг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэх
2.Хохирогч “Шунхлай” ХХК-ныг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батхуягийг томилсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5.1 дэх хэсгийн 1.2, 1.3 дэх заалтуудыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулахаар шүүхийн тогтоол гарлаа.

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад 4.6 жилийн хорих ял оноолоо
 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад зарлагдаж 9 өдөр буюу нийт 55 цаг орчим үргэлжилсэн шүүх хуралдаан дуусаж, шүүх дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
 
Шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэв.

БНСУ-д ажилладаг 5 монгол иргэн коронавирусийн халдвар авчээ
 
БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 5 иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон 3 иргэн нийт 8 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь энэ сарын 26-ны тогтоогдсон тухай БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яам мэдээлсэн.
 
Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг аваад байгаа аж.

Мөн эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн 8 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.

Хоёр настнуудад зориулсан хоёр тэрбум батлагдлаа

Коронавируст халдвартай холбоотойгоор хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах боломжгүй болсон. Гэвч хоёр настай хүүхэдтэй 80-аад мянган ээж байна. Нэгэнт хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй учир ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүндрэлтэй болоод байв. Харин энэ сарын 27-ны өдрийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх заалтыг төсвийн тодотголд тусгалаа.

Тодруулбал, УИХ-ын чуулганы энэ сарын 27-ны өдрийн  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Энэ үеэр Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нар уг саналын талаар тайлбар хийсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Ингэснээр Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж тусгагдахаар болсон юм. 

Амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар ангилж замын хөдөлгөөнд оролцуулна

 
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу 29, 30-ны өдрүүдэд  тэгш сондгой дугаараар ангилж  замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
 
Тодруулбал, наймдугаар сарын 29 буюу бямба гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн дугаартай зорчигчид замын хөдөлгөөнд оролцох бол наймдугаар сарын 30-нд 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай зорчигчид замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгав

Энэ сарын 25-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн.  Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа

ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж  “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар /2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа. 

Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ.
 

Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов.

Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас "Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци, Монгол улсаас “Эрдэнэс Монгол” ХХК тус тус хариуцан ажиллаж байна.

Есдүгээр сар хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Долоо хоногийн пүрэв гарагт Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. 

Үүнд:
9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
9  сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
9  сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

С.Тайшир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.