Б.Солонго: Аль болох төгс бүтээл хийдэг болохыг зорьж явна даа
“Бүтээлч залуус” буландаа УЭДС-ийн гутал дизайны ангийн оюутан Б.Солонгыг онцоллоо. Тэрбээр аавынхаа зөвлөсний дагуу мэргэжлээ сонгон эх орноо хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болгохын төлөө том зорилго өвөртлөн хичээж буй нэгэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
 

Аав дээл эсгэхийг, ээж яаж оёохыг заасан

 
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баярсайханы Солонго гэдэг. Ховд аймгийн Мөнххайрхан суманд 1998 оны тавдугаар сарын 11-нд малчин айлын гэрт отгон охин болж мэндэлсэн. 2005 онд сумынхаа сургуульд нэгдүгээр ангид ороод 2008 оноос аймгийнхаа зургадугаар ахлах сургуульд шилжин суралцсан. 2013 оноос Политехник коллежийн Хувцас дизайны ангид суралцаж амжилттай төгссөн. 2016 оноос эхлэн Урлах эрдэм дээд сургуулийн гутал дизайны ангид урилгаар суралцаад явж байна.

-Таны бүтээлүүдийг харж байхад модон оруулгатай цүнх нь их өвөрмөц юм билээ. Хэзээнээс эхлээд цүнх, гэтэл урлах болсон бэ?

-Баярлалаа. Манай сургууль оюутнуудаа хөгжүүлэх, идэвхтэй байлгах тал дээр маш сайн анхаарал тавьдаг. Улирал болгон тэмцээн уралдаан зохион байгуулж оюутнуудынхаа ур чадварыг сайжруулдаг байгаа. Тэр үеэр ах, эгч нарынхаа хөлс хүч, авъяас чадвараа гарган урласан бүтээлүүдийг шимтэн үзэж өөрсдийн төсөөлж байсан цүнх, гутлаа хийдэг юм. Модон оруулгатай цүнхээ нэгдүгээр курст ордог жилээ “Хаврын гоёл” тэмцээнд зориулан бүтээж байлаа.

-Гутал, цүнхэнээс өөр зүйлс урладаг уу?

-Малчны гэрт өссөн болохоор их зүйл хийж сурсан гэж боддог шүү. Политехник коллежид ордог жил аав  дээл эсгэхийг, ээж яаж оёхыг зааж байлаа. Гутал, цүнх хийхийн хажуугаар монгол цамц, дээл оёдог байгаа.

 

Аавынхаа зөвлөсний дагуу мэргэжлээ сонгож байлаа
 

-Гэр бүлд нь гарын ур дүйтэй хүн бий юу? Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Аав маань гарын ур дүй маш сайтай. Гартаа барьсан бүх зүйлээрээ л бүтээл хийдэг дээ. Ээж минь ч гэсэн оёж, хатгах тал дээрээ их сайн хүн бий. Чадварлаг хоёр хүний охин болохоороо гутал, цүнх, дээл, цамц хийдэг болж байгаа байх гэж боддог. Тухайн мэргэжлийг аав надад зөвлөж байсан. Аавынхаа үгийг дуулгавартай сонсдог болохоор өөр мэргэжил сонгоогүй. Ээж, эгч, ах нар гутал хийх хатуу өөр мэргэжил сонго гэж их хэлдэг байлаа. Тэр үед нь би чадна гээд аавынхаа хэлсэн урмын үгсээр хурцлагдаж мэргэжлээ сонгож байсан даа.
 
 
-Мэдээж энэ бүхнийг хийхэд гарын ур дүй их шаардагддаг шүү дээ.  Эдгээрээс хийхэд хамгийн их ажиллагаа ордог зүйл аль нь вэ?

-Анх хийж эхлэхэд яаж хийгээд байгаа нь мэдэгддэггүй их төрөөлддөг бас хэцүү байсан. Хэдий хэцүү байсан ч нэг ч хором эдгээр зүйлсийг хийхээс зугатаж байгаагүй. Олон удаагийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд гарт орж, толгойд буудаг юм шиг санагддаг. Хамгийн их ажиллагаатай нь гутал. Бүрэн гүйцэд болгон гаргах олон дамжлагатай болохоор хийнэ гэж их юм болно. Скиз зурахаас эхлээд ажиллагаа их. Одоо ч мэдэхгүй чадахгүй зүйл байгаа. Аль болох л төгс бүтээл хийдэг болохын төлөө хичээж явна даа.

 -Энэ хугацаанд өөрийн гэсэн худалдан авагчидтай болж амжсан уу? Ер нь захиалага ирж байна уу?

-Чанартай, загварлаг, нас насны хүмүүсийн сонирхолд нийцхүйц загварууд гаргаж чадвал хүмүүс сайхнийг нь сонгоод хүрээд ирдэг шүү. Захиалга удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болгох том зорилготой хичээж явна

 

-Ирээдүйд ямар зорилго тавьж байна вэ? Төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцаач?

-Хаа сайгүй эрүүл мэндийн шаардлага хангаагүй гуталнууд их орж ирдэг болсон. Хүний хөл тав тухтай сайхан байвал эрүүл байх бас нэг хөшүүрэг болж өгдөг. Манай улсын иргэд Монголдоо үйлдвэрлэгдсэн  чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан гутал өмсвөл өвчин, эмгэг тусахгүй эрүүл сайхан байх боломжтой гэж боддог.Одоогийн байдлаар сайхан сайхан гутал бэлтгэн боловсруулдаг газрууд байдаг шүү. Хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болгох том зорилготой хичээж явна. S.Azure гэсэн бренд нээгдсэн байгаа. Одоогоор оюутан болохоор хичээл ном гэж гүйгээд санснаараа сайхан сайхан загваруудаа гаргаж амжихгүй л байна.

 -Бүтээлүүдээ хэдээс хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

-Яаж хийж байгаагаас шалгаална. Модон сийлбэртэй, зүгээр арьсан цүнх гээд хийгдэж байгаа материал нь өөр өөр байдаг. Арьс нь дотроо нимгэн, зузаан гээд бас ялгаатай. Модон сийлбэртэй цүнх маань 80-120 мянган төгрөг, гуталнууд хийцээсээ шалтгаалаад 130-180 мянган төгрөгөөр үнэлэгддэг байгаа.

-Дизайнер мэргэжилтэй болохыг хүсдэг залуус, дүү нартаа хандаж хэдэн үг хэлээч?

- Багш минь хэлэхдээ бүхнийг чаддаг хүн л дизайнер болж чаддаг гэж үргэлж хэлдэг. Дизайнер болоход хамгийн чухал зүйл бол мэдрэмж, ганц гутлын скиз зурахад, зураас бүхэн чинь дотор байгаа бүхнийг нь хэлж өгдөг. Нэг хараад хүмүүс хэр чанартай гэдгийг нь мэддэг өндөр чадамжийг дизайнер хүн бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс л бардам амсхийх ганц хормын төлөө өдөр бүр хичээж явна даа.

Дүү нартаа хандаж хэлэхэд уйгагүй хөдөлмөрлө. Тэр бүхэнд чи өөрчлөгдөх болно. Өөрчлөлт болгон чинь чамайг хамгийн сайн дизайнер болгох хөтөч болж өгнө гэдгийг хэлэхийг хүсэж байна.






Б.Сувдаа

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пастор 2020-09-10 01:35:58
    Соломон хаанд өгөгдсөн Бурханы мэргэн ухаан Солонго дүүд маань ч гэсэн өгөгдөх болтугай! Өдөр бүр шинэ санаа төрж, тэр болгон нь шилдэг бүтээл болон гараг ...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyuntulkhuur  2020-09-08 07:48:56
    Mundag hodolmorch ohin shvvv
    162.158.118.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямгэрэл 2020-09-08 06:50:34
    Нздаа амжилт хүсье мундаг
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • К.Долгормаа 2020-09-08 04:01:56
    Дүүд амжилт хүсье мундаг байна
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Д.Батцэцэг  2020-09-08 02:33:55
    Мундаг хичээнгүй Солонгоо дүүдээ сурлага, ажил амьдралын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Хонхоо 2020-09-08 02:23:29
    Миний дүү мундаг юмаа Өшөө илүү ихийг хийж бүтээгээрэй амжилт хүсэе...
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах