Н.Сувдмаа: 10 дугаар сарын 01-ээс улсын хэмжээнд томуугийн ванкцинжуулалт хийж эхэлнэ
Улирлын чанартай томуугийн дэгдэлттэй холбоотой томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.
 

-Хүн болгон томуугийн вакцинд хамрагдчих юмсан. Цар тахлын үед ханиад томууг хөнгөн даваад гарчих юмсан гэсэн хүлээлттэй байгаа л даа. Иргэдийн дунд ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин давамгайлж байна. Эндээс  ярилцлагаа эхлэе.

-Манай улс жилийн 365 хоногийн турш томуу, томуу төст өвчний талаар тандалт судалгааг хийдэг. 7 хоног бүрээр иргэд, байгууллагуудад  хэрэгтэй мэдээ, мэдээллүүдийг өгч, ямар зөвлөмж хэрэгжүүлэх вэ, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг талаас нь тандалт судалгааг хийж байдаг. Энэ тандалт судалгааг эмнэлэгт суурилсан тандалт буюу амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн дунд томуу томуу төст өвчин ямар байна.  Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчдийн дунд ямар байна. Мөн улсын хэмжээнд 24 цагийн турш үйлчилж байгаа түргэн тусламжийн үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд томуу, томуу төст өвчин ямар байна ямар нь зонхилж байгаа вэ гэдгийг авч үздэг.

Хамрын ханиад, шуухинааг гол төлөв риновирус үүсгэдэг бөгөөд жилийн дөрвөн улиралд эргэлтэд байж, 8-9 дүгээр сард идэвхэждэг байна. Томуугаас шинж тэмдэг, эмнэлзүй, үүсгэгчээрээ ялгаатай. Манай орны хувьд улирлын томуу ихэвчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхэлж,  2 дугаар сарыг дуустал үргэлжилдэг.

Одоогоор зөвхөн ханиад, шуухинааны идэвхжлийн үе болж байна. Ард иргэд томуугийн үе эхэлсэн гэж андуурах тохиолдол гарч байна.

Хамрын ханиадны үед даарахгүй дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. 

Харин томуугийн идэвхжилтийн өмнө ард иргэдээ дархлаажуулалтад хамрагдуулахаар энэ жил онцгой нөхцөлтэй цар тахлын үе учраас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамруулна. Жил бүр томуугийн вакциныг 10-р сарын 01-ээс 11-р сарын 01-ний хооронд хийлгэх нь зохимжтой гэж үздэг байна. 

Риновирусын гэдэг нь амьсгалын замаар халддаг амьсгалын замын халдвар үүсгэдэг томуу, томуу төст халдварын бас нэг үүсгэгч юм. Яг өдийд буюу томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө бол олон үүсгэгчүүд дотроос бол риновирусын халдвар зонхилдог. Энэ нь хамраас нус гоожих, хамар битүүрэх, халуурах ерөнхий хордлого өгөх зэрэг зовиур шинж тэмдгээр голлон илэрдэг. Өөрөөр хэлбэл, ихэвчлэн хоолой өвдөх амьсгалын дээд замын эрхтнүүдэд шинж тэмдэг зовиур  илэрдэг гэсэн үг.

-Бид хоолой өвдөх ч юм уу, хамарнаас нус гоожих үед шууд гэртээ байгаа эмийг уучихдаг. Эсхүл хүүхдээ өгчдөг. Энэ нь ямар эрсдэл дагуулах вэ?

-Дээрх шинж тэмдэгтэй үед дур мэдэн эмчлэх, өөр хэн нэгний санал болгосон эмийг уух  зэргээр буруу эмчилснээс хүндрэх, хүндрэл нь мэдээж хатгаа уушгины хатгалгаа буюу амьсгалын замын  өвчлөлд өртөх, эсвэл олон хоногоор даамжрах эрсдэлтэй байдаг.  Тиймээс ханиад, шуухинааны үед антибиотик болон хүчтэй эм хэрэглэхгүй, хүүхдээ сайн амраах хэрэгтэй, хоол ундаа сайн идүүлэх хэрэгтэй.

-Та түрүүн насны онцлогийг дурдлаа л даа. Ер нь хэдий насныхан энэ вирусээр өвдөх өвчлөх магадлал илүү өндөр байдаг вэ.

-Ер нь амьсгалын халдвараар бол ихэвчлэн хүүхдүүд өвддөг. Тухайлбал, 15 хүртэлх насны хүүхдүүд илүү зонхилдог. Энэ  дотроо 4 хүртэлх насны хүүхдүүд  илүү өртдөг.

-Одоо олон нийтийн дунд цар тахлын үед хүүхдүүдээ аль болох вакцинд хамруулчих юмсан гэсэн хүлээлттэй байгаа байх. Ер нь томуугийн вакциныг ач холбогдол юу вэ?

-Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн буюу бага насны хүүхдүүд, ахмадууд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, оюутан сурагчдыг эн тэргүүнд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ. Гэхдээ энэ жил 1.2 сая хүнд вакцин хийлгэх учраас хүрэлцээний хувьд өмнөх жилүүдээсээ хэд дахин өндөр байгаа юм. Вакцин хийхдээ эцэг, эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хийдэг байгаа. 

Энэ жилийн хувьд гурван цент вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ –ын Green Gross-с авч байгаа.

Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөе. 

ХӨСҮТ-д сайн дурын дархлаажуулалтын үндэсний кабинет ажилладаг.  Томуугийн  дархлаажуулалт эхлэхтэй зэрэг эрүүл мэндийн салбарын эмч,  ажилчдыг сургалтад хамруулж бэлтгэл ажлыг хангаад мэдээж зааврын  дагуу хүргэлт, тээвэрлэлтийг 21 аймаг буюу үндэсний хэмжээнд түгээдэг.

-Энэ жилийн хувьд вакцины үнэ нэмэгдэх болов уу?

-Засгийн газрын шугамаар хийгддэг дархлаажуулалтыг бол тээврийн зардал оруулж тооцдог. Өнгөрсөн жил 13-15 мянган төгрөгийн хооронд байсан. 9 дүгээр сарын сүүлчээс вакцинжуулалт хийж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн үнийн хувьд тухайн үед нь тодорхой мэдээлэл өгнө.

-Вакцин хийлгэхдээ заавал ХӨСҮТ-д очих уу эсвэл харьяа дүүргийн эмнэлэгт хийлгэх үү?

-Өнгөрсөн жил төвлөрлийг сааруулах, олон хүн цуглуулахгүй байх үүднээс ХӨСҮТ-ээс гадна дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр хийлгэхээр зохион байгуулалтыг хийж байсан.

-Вакциныг сайн дураараа хийлгэх гэдэг агуулгаараа зарим эцэг, эх хийлгэдэггүй. Гэтэл нөгөө талдаа энэ вакциныг хийлгэснээр илүү дархлаагаа сайжруулж томуугийн үед хөнгөн эрсдэл багатай даван туулна гэж эрүүл мэндийн салбарынхан судалгаа дүгнэлт тавьдаг л даа. Таны хувьд?

-Дархлаажуулалтын хуулиар бол бүгд заагдаж хуульчлагдаж эрх зүйн баримт бичгээр баталгаажсан байдаг. Заавал хийх товлолын  дархлаажуулалт гэж байна.  Голомтод хийх тархавар судлалын дархлаажуулалт гэж байна. Мөн сайн дурын дархлаажуулалтын хэлбэрээр хийгдэх гэж байна.

Сайн дурын дархлаажуулалтын хэлбэрээр хийгдэх гэдэг нь  тухайн иргэн өөрөө сонголтоо хийгээд шийдвэрээ гаргаад дархлаажуулалтад хамрагдъя  гэсний үндсэн дээр эмчид үзүүлээд сөрөг заалтгүй бол төлбөрөө төлөөд хамрагдахыг хэлж байгаа. Иргэд маань бүрэн хамрагдах боломжтой.

Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсанаар томуугийн үүсгэгчүүдээс хамгаална. Бусад томуугийн халдваруудад өртөхөөс сэргийлнэ. Өртсөн байлаа гэхэд хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой.

Үүнд иргэн бүр хамрагдах боломжтой. Гэхдээ та өөрөө сонголтоо  шийдвэрээ гаргах ёстой. Хүүхдийнхээ хувьд ч гэсэн. Заавал хийх товлолын дархлаажуулалтад 2 хүртэлх насны хүүхдүүд хамрагддаг. Энэ дархлаажуулалтыг эцэг, эхчүүд хүүхдээ заавал хийлгэх ёстой. Ямар нэгэн байдлаар хоцорч болно тэгэхийн бол нөхөн дархлаажуулалт хэлбэрээр хүүхдүүдээ хийлгэж болно. 

Баярлалаа.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.