Хэвийн горимд шилжиж, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчлал хийсэн долоо хоног
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчлал хийсэн нь долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Мөн Засгийн газраас хилээ нээхгүйгээр улс орон даяараа хэвийн горимд шилжих шийдвэр гаргалаа. Эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчиллаа
 
Шинэ төрлийн коронавируст халдвар дэлхий дахинд тархсанаас хойш анх удаа Монгол улсад өмнөд хөрш БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчлал хийлээ.
 
Айлчлалын үеэр олон нийтийн дунд анхаарал татсан нэг зүйл нь Ван И БНХАУ, Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлсэн явдал юм.
 
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
 
Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.
 
Ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтын талаар ярилцлаа.
 
Мөн хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Н.Батсуурь аварга допингийн хариугаа хүлээн зөвшөөрлөө
 
Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан билээ. Шинжилгээгээр гурван бөхөөр допинг илэрсэн гэх асуудал олон нийтийн анхаарлыг татлаа.
 
Тэгвэл долоо хоногийн онцлох үйл явдал бол Улсын аварга Н.Батсуурь сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч ард түмнээсээ уучлалт гүйсан үйл явдал юм.
 
Тэрбээр “Би шинжилгээний хариугаа энэ сарын 10-ны өдөр хүлээн авсан. Миний шинжилгээнээс предизин гэх бодис илэрсэн. Энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Энэ хариуг үнэн гэдгийг мэдэгдье. Энэ шинжилгээтэй маргах зүйлгүй. Үнэхээр харамсалтай байна. Нийт бөх сонирхогч, монгол хүн бүрээс уучлалт гуйя. Надад энэ эмийг нэг ширхгээр уух юмтай хольж өгсөн байх гэдэг хар төрж байна.. Допингийн шинжилгээ өгөхдөө идэж уух хоол хүнсэндээ маш их хяналт тавиарай. Анхаарал болгоомжгүй байдлаасаа болж, энэ асуудлаас болж барилдах эрхээ хасуулахад бэлэн байна" хэмээн мэдэгдсэн юм.
 
Хилээ нээхгүйгээр хэвийн горимд шилжив
 
Долоо хоногийн даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргалаа.
 
- 2020оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд
- 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг тус тус хэвийн горимд шилжүүллээ
- Хоёр настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна
- Гэрийн тусгаарлалтын 14 хоног- ийг цуцлав
 
Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав. Гэхдээ зарим хязгаарлалтыг цуцаллаа.
 
Хоёр настнуудын бүртгэл эхэллээ
 
Засгийн газраас хоёр настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан. Энэ дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдахаар болсон юм. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа "Цахим элсэлт" -ийн үйл ажиллагаа 16:00 цагаас цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулагдана. Эцэг эх асран хамгаалагчид https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан хүүхдээ бүртгүүлэх юм.

О.Онон
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.