Хоёр настнуудын цэцэрлэгийн зардлыг хаанаас санхүүжүүлэх вэ?

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгээгүй. Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хоёр настнуудын элсүүлэн суралцуулах шийдвэр гаргасан юм. 

Энэ дагуу  нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдахаар болсон юм. Харин өнөөдөр бүртгүүлсэн хоёр настнууд азаа үзнэ. Хамгийн азтай цөөхөн хэдэн хоёр настнууд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах эрхтэй болно. 

 Гэхдээ хоёр настнуудыг төрийн өмчит цэцэрлэгүүд хүлээн авах шийдвэр гарсантай холбогдуулан тэдэнд зориулагдах байсан зардлыг хаанаас санхүүжүүлэх гэх асуулт урган гарч байна. Учир нь өнгөрсөн сард ээлжит бус чуулганаар төсөв тодотгох үеэр хоёр настнуудад зориулах мөнгийг хүүхэд харах үйлчилгээнд зориулахаар шийдвэрлэсэн юм. 

Бүр тодруулбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” саналыг УИХ-ын гишүүн П.Анужин гаргасан юм. Улмаар гишүүдийн олонхийн саналаар хоёр настнуудад очих байсан зардал хүүхэд харах үйлчилгээнд зориулах болсон юм. Улсаас хувьсах зардал авах нэрийдлээр төлбөртэй үйл ажиллагаа явуулдаг хүүхэд харах үйлчилгээг ийнхүү төр хоёр тэрбумаар эрхлүүлэхээр болсон. 

 Гэтэл одоо хоёр настнууд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шийдвэрийг  Засгийн газар өнгөрсөн даваа гарагт гаргалаа. Тэдэнд зориулагдах зардал хумигдсан. Тэгэхээр он дуустал хоёр настнуудыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлж, сургуулийн өмнөх боловсролд хамруулах эсэх нь эргэлзээ дагуулж байна. 

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.