Энэ сонгуульд МАН, Нийслэлийн МАН-тайгаа “өрсөлдөнө”

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодорчихсон. Одоо бэлтгэлээ базаацгааж байна. Гэхдээ албан бусаар бол өрсөлдөөн аль хэдийнэ эхэлчихжээ.

Мэдээж хэрэг МАХН, АН, ШИНЭ гэсэн эвслийн нөгөө талд эрх баригч МАН гол өрсөлдөгч болж байгаа.

Гэхдээ МАН дотооддоо асуудалтай байна. Энэ намын төв аппарат нийслэлээс илүүтэй хөдөө орон нутагт анхаарал тавьж байгаа нь нэлээд хэдүйнээс ажиглагдаж байсан юм.

Нийслэлийг хаяад хөдөөгөө тойгдоод байсны учир шалтгаан нь одоо тодорхой болж байна.

Уг нь нийслэл бол ямар ч сонгуулийн төв цэг, тулаан гэж үзвэл алдаж болохгүй өндөрлөг юм.

Хүн амын тал хувь нь суурьшсан гэдгээс гадна сонгогчид нь аливаа мэдээлэлд илүү соргог хандаж, сонголтыг хөндлөнгийн цензур багатай хийж чаддаг.

Тэр утгаараа УИХ-ын сонгуулиас хойш аливаад давилуун хандах болсон МАН-д өгөх үнэлэлт сонгуулийн өмнөх дүнгээс буурсан. Ийм үзүүлэлтийг судалгааны байгууллагуудын дүнгээс харж болно. Тиймээс энэ сонгуульд МАН ялна гэдэг найдвар багатай болсон. Ядаж байхад нийслэлийн одоогийн удирдлагууд олиг муутай. Өмнөх даргынхаа гаргасан шийдвэрийн хүчийг сулруулж, ажлыг нь зогсоох болсон. Тухайлбал, Жуулчны гудамж дахь Урт цагааныг нурааж оронд нь орчин үеийн нийслэлийн өнгө төрх болсон байгууламжтай болох байсан ч яагаад ч юм энэ ажил гацаанд орчихоод байна.

Гэвч энэ нь МАН-ынхны нийслэлийг хаяж орон нутагтаа анхаарах үндсэн шалтгаан биш.

УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН нийслэл дэх 24 суудлын 22-ыг авсан. Энэ бол өмнө авч байгаагүй суудлын тоо юм. Нийслэлийн МАН-ыг Д.Сумьяабазар удирддаг. Тиймээс улс төрийн намын бичигдээгүй дүрэм ёсоор ялалтын бялууны томоохон хэрчмийг хүртэх учиртай байв. Гэсэн ч Д.Сумьяабазарын хүсээд байсан УУХҮ-ийн сайдын суудлыг нь өгөөгүй.

Тэндээс МАН-ын удирдлагууд болон Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар нар зөрчилдөж эхэлсэн байдаг.

МАН-ын удирдлагууд гэдэг нь намын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар болно.

У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар хоёрын хувьд муугаа мэдэлцчихсэн, МАН гэдэг тогоонд багталцаж ядах болсон. Жинхэнэ утгаараа “дипломат харилцаа” тэдний дунд үүссэн гэхэд болно.

Харин генсек Д.Амарбаясгалангийн тухайд нийслэл гэдэг хуучин суурь нь юм. НИТХ-ын төлөөлөгчөөр гурван ч удаа ажилласан. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. МАН-ын генсек болж томроогүй бол НИТХ-даа дархан сууж улс төрөө амжуулж байх байв. Тэгэхээр Д.Амарбаясгалан нийслэлийг, тэр дундаа Нийслэлийн МАН-ыг маш сайн мэднэ гэсэн үг. Гэлээ гээд нэгэнт зам салсан Д.Сумьяабазар энэ удаагийн НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахдаа Д.Амарбаясгалангийн гэх хүмүүсийг бараг дэвшүүлээгүй. НИТХ-ын 45 суудлын бараг 35-д нь Д.Сумьяабазар өөрийнхөө хүмүүсийг дэвшүүлжээ.

МАН-ын уламжлалаар бол НИТХ-д нэр дэвшигчид “төв нам”-ын бодлогоор намын дарга, генсек, Удирдах зөвлөлийн саналаар тодордог байв. Энэ уламжлал алдагдсан.

Өөрөөр хэлбэл, 2017 онд Су.Батболдоос Нийслэлийн МАН-ыг “булааж” авахад нэгдэж, хамтраад байсан Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар хоёр МАН-ын 2020 оны их ялалтын дараа салж “нүүсэн” нь энэ юм. “...Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, эрх ашиг л гэж бий” гэдэг энэ бөлгөө.

Нэгэнт ийм дээрээ тулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ, дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд зориулж Нийслэлийн МАН-даа төдийлэн дэмжлэг үзүүлэхгүй байгаа аж.

Хэрвээ Д.Амарбаясгалан “...Нийслэлд МАН ялах ёстой” гээд зүтгэсэн бол С.Амарсайханы дараа нийслэлд олигтойхон дарга тавьж, тэр нь Орон нутгийн сонгуулийн “туг” болчихсон тууж явах байв. Өөр олон акц түүнээс гарна. Гэвч Д.Амарбаясгалан хөдөлсөнгүй.

Магадгүй, дэмжиж бус сөрж “хөдөлж” ч байж мэдэхээр байна. Сүүлийн үед хэвлэл, цахим сүлжээгээр явж буй мэдээллүүдээс харахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарыг далдуур сөрж ажиллаж байна гэж хардахаар байгаа юм. НИТХ-ын дарга Р.Дагвын хэлсэн үг, өөр бусад хүнийх дандаа Нийслэлийн МАН-ын эсрэг болж хувираад байгаа нь бас л сонин юм шүү.

Энэ бүгдээс харахад Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарын хувьд бор зүрхээрээ шахам энэ сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.

МАН нийслэлд ялах юм бол Д.Сумьяабазар баатар болно. Сонгуулийн дараа нийслэл дэх томилгоог тэр л шийднэ. Нийслэл гэдэг бол улсын тал шүү дээ. Хэрэв ялагдвал хариуцлага хүлээж, Нийслэлийн МАН-ын даргын ажлаасаа бууна. Д.Амарбаясгалан үүнийг хүсч байгаа гэх хардлага намд нь явж байна. Д.Сумьяабазарт ирэх цохилт үүгээр дуусахгүй. Улс төрийн амьдралдаа ч цэг тавих хэмжээнд хүрч мэднэ. Түүнийг тойрсон мэдээллүүд тийм үр дүнг харуулж байгаа юм.

Ер нь бол дүгнээд хэлэхэд энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН, Нийслэлийн МАН-тайгаа буюу Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар хоёрын чимээгүй тулаан явахаар болчих шиг боллоо.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ахмад настан 2020-10-08 04:55:32
    Сонгуулийн сурталчилгаанд явж байгаа хүмүүст өгч байгаа цалинг хэсгийн ахлагч нар нь тарааж байх юм. Хорооны хэсгийн ахлагч МАН-ны харьяаллын хүмүүс байдаг юму...
    172.69.134.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-09-25 06:20:18
    Амарбаясгалан холч ухаантай, сүрхий залуу юм билээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-09-24 13:04:07
    2adilhan har hereenuud.bugdiin zailuulya.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-24 05:42:34
    Сумъяабазар нь хамаагүй дээр дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах