Парламентын Ассамблейн намрын чуулганд оролцов
Швейцарийн Женев хотноо энэ сарын 3-5-ны өдрүүдэд явагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2014 оны намрын чуулганд УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн чуулган “Аюулгүй байдлын шинэ асуудлууд: Парламентуудын үүрэг роль” гэсэн үндсэн сэдвийн дор явагдсан бөгөөд үүний хүрээнд гишүүн орнуудын парламентчид бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, байгаль орчин, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлуудаар хэлэлцүүлэг хийв. Чуулганаар Ассамблейн удирдах бүтэц болох Байнгын хороо хуралдаж тус байгууллагын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүн орнуудад явуулж буй сонгуулийн ажиглалт, ЕАБХАБ-ын тусгай илтгэгч нарын ажлын явцын талаар мэдээлэл сонсов.

Монголын төлөөлөгчдийн тэргүүн УИХ-ын гишүүн Н.Энхболд Байнгын хорооны хуралдаанд үг хэлж, тус Ассамблейн 2015 оны намрын чуулганыг Монгол Улсад зохион байгуулах урилгыг нотлов. Тэрээр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч ноён Илкка Канерва-тай уулзаж Ассамблейн хүрээнд явуулах хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал 2015 оны намрын чуулганыг Монголд зохион явуулах талаар санал солилцов. Түүнчлэн Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн захирал Элчин сайд Тёодор Винклер-тэй уулзаж уг байгууллагаас Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагдсан, эдүгээ Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талт яриа хэлцээний механизм юм. Энэхүү байгууллагад Монгол Улс 2012 онд нэгдсэн орсон. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн энэ удаагийн чуулганд гишүүн орнуудын нийт 200 гаруй парламентчид оролцжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.