Ф.Ганбаатар: Манай улс хиймэл дагуултай болвол эдийн засгийн эргэлтэд оруулна

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдөр амралтын өдрүүдэд Чингисийн талбайд боллоо. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг 2012 онд шинэчлэн зохион байгуулж, дунд хугацааны стратегийн долоон төрлийн зорилт дэвшүүлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн оныг бүтээн байгуулалтын жил болгож, энэ оныг эрх зүйн шинэчлэлтийн жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд юу хийснээ тус салбарынхан нээлттэй хаалганы өдрөөрөө иргэдэд сурталчлан таниуллаа. Мөн үеэр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ф.Ганбаатартай цаг үеийн сэдвээр ярилцсан юм.

-Өнөөдөр хүн болгон л цахим сүлжээ хэмээн хошуурч байна. Бүр хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээ болчихлоо. Гэтэл энэ нь магадгүй гэмт хэргийн шинжтэй болоод эхэлбэл Эрүүгийн хуульд юу гэж тусгасан байдаг юм бол?

-Өгөгдөл хамгаалах тухай шинэ хууль гаргаад үүнийхээ үзэл баримтлалаар одоо ажиллаж байгаа. Одоогоор тус салбар гурван хуулиар зохицуулагдаж байна. Харин контентийн бизнесийг зохицуулъя гэхээр Харилцаа холбооны газраас гаргасан журам хүчгүйдэх байдал анзаарагдаж эхэллээ. Тиймээс үүнийг хуулиар зохицуулах нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр, манай улс өнгөрсөн долдугаар сард тоон системд шилжсэн. Энэ бүхнээс улбаалаад “Өргөн нэвтрүүлгийн хууль санаачлах хэрэгтэй” гэдэг нийгмийн шаардлага гарч ирлээ. Ингээд анхны хэлэлцүүлгийг хоёр удаа Иргэний танхимд хийж, энэ хуулийн төслийг өргөн барих боломжтой болсон. Ингээд таван хуультай болчихвол манай салбар өнөөгийн нийгмийн шаардлагад нийцсэн хуулийн зохицуулалттай болчихно.

-Бүтээн байгуулалтын тухайд томоохныг дурдвал ямар ажил амжуулав?

-Долоон зорилтынхоо хүрээнд долоон чиглэлийн ажил хийхээр болсон. Тухайлбал, ухаалаг төрийг нэрлэж болно. Төрийн түгжрэлгүй үйлчилгээг хүргэх том зорилт дэвшүүлсэн. Төрөөс иргэн хүнд 300 нэр төрлийн үйлчилгээ л хүргэдэг юм байна. Товчхондоо тэр бүгдийг л хурдан шуурхай хүргэнэ гэсэн үг. Мөн ухаалаг шуудангийн хайрцаг гэдэг концевци дэвшүүлсэн. Энэ нь ажил хэрэг болчихсон. Энэ асуудал яагаад гарч ирсэн бэ гэвэл өнөөдөр шуудангийн хаяг хүндрэлтэй байна. Хот бол янз бүрийн хэлбэрээр юм хийх гээд үзээд байна. Хөдөө, орон нутагт ч янз бүрийн юм хийх гээд үзээд байна. Тэр нь өөрөө амьдрал дээр бууж өгдөггүй. Шалтгаан нь Шуудангийнхаа байгууллага дээр очоод нөгөөх нь биеллээ олж чадахгүй байна. Ийм асуудалтай байгаа тохиолдолд яах вэ. Гадаадын улс орны жишгийг харвал Шуудангийнхаа салбарыг олшруулахаасаа илүү мэдээллийн технологийг ашиглаад янз бүрийн үйлчилгээ нэвтрүүлдэг юм байна. Үүнийг бид судалгааны үндсэн дээр ухаалаг шуудангийн хайрцаг гэж нэрлэсэн. Шуудангийн хайрцгийг тухайн цаг үед хэдэн ч хүн ашиглаж болдог. Тухайлбал, хөдөө, орон нутгаас юм ирэхэд түүнийг аваад хаахад л дараагийн хүн тэр шуудангийн хайрцагийг ашиглахад бэлэн болно. Гэтэл өнөөдрийн уламжлалт хайрцаг бүх насаараа тэр тоот хайрцагийг эзэмшээд явдаг. Тиймээс ухаалаг хайрцаг бизнес талаасаа эргэлт өндөртэй. Тухайн хүн хаана ч явсан шуудангийнхаа үйлчилгээг авах боломжтой юм. Ухаалаг хайрцагийг гар утас хэрэглэж байгаа хүн аль болох түлхүү хэрэглэе гэж байгаа. Өөрөөр хэлбэл, гар утсанд мессеж ирнэ. Архангай аймгийн тэр сумаас тэнд байгаа шуудангийн хайрцагт чинь тийм юм ирлээ шүү. Очиж аваарай. Паспорт нь энэ. Нөгөө хүн очоод нэвтрэх эрхээрээ нөгөө юмаа авчихна. Үйлчилгээ авч дуусангуут дараагийн хүн тэр хайрцагийг эзэмших боломжтой. Энэ мэтээр хийсэн бүх зүйлээ амралтын өдрүүдээр тайлагналаа. Дээр нь үүрэн телефоны операторууд шинэ багцуудаа танилцуулж, үнэгүй сим карт сэргээх зэргээр үйлчилгээ үзүүлсэн.           

-Төрийн түгжрэлгүй үйлчилгээнд ТҮЦ машин орох болов уу?

-Тэгэлгүй яахав. Иргэний лавлагаа, хорооны тодорхойлолт гээд л авна. Үүнийг заавал явдал чирэгдэл болохгүйгээр мэдээллийн технологи, компьютерийн давуу талыг ашиглаад хийх бололцоо байна уу гээд судалсан. Одоогоор 100 орчим үйлчилгээнд техник, технологийн давуу талыг ашиглаж болох нь тодорхой болсон юм. Үүнээсээ шигшээд өнөөдөр иргэн хүнд өдөр тутам хороо, төрийн байгууллагаас авдаг 25 үйлчилгээг гаргаж ирсэн. Эдгээр 25 үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулж хийвэл яасан юм бэ гээд энэ ажлыг эхлүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 108 ширхэг ТҮЦ машин байна. Хөдөө, орон нутагт 26, нийслэлд 82 нь байгаа. Улирал болгон ТҮЦ машин хэрэглэгчийн судалгааг авдаг. Эндээс дүгнэхэд “Энэ ажил нэлээд боломжийн болчихсон юм болов уу” гэдэг нь харагддаг.

-Төр улсын болон хувийн компаниудын тоглоомын дүрмийг гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг бүгд дагаж мөрдөх ёстой. Гэтэл Худалдаа хөгжлийн банк хорооны тодорхойлолтыг заавал гараар бичүүлж ирэхийг шаарддаг юм билээ? 

-ХААН, ХАС банкин дээр ч ийм асуудал гарсан. “Цаасан дээр хэвлээд ирлээ” гэх маягтай юм ярьдаг. Засгаас “ТҮЦ машинаар хэвлэгдсэн тодорхой бланк Иргэний бүртгэлээс авсан тамгатай баримт бичигтэй эн тэнцүү” гэдэг тогтоол гарсан шүү дээ. Тэр бланк чинь мөнгөн утас гүйлгэсэн, тодорхой хэмжээний нууцлалтай. Хэрэг эрхлэх газрын шийдвэрийг үгүйсгэнэ гэхэд хаашаа юм. Банкны тухайд янз бүрийн асуудал гараад шүүхэд очиход тухайн баримт хүчинтэй юу, үгүй юү гэдэгт л эргэлзэсэн үйлдэл болов уу. Уг нь бид банкуудтайгаа ойлголцсон гэж үзэж байгаа юмсан. Үндэсний ДАТА төв энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа.  

-Улсын хэмжээнд 330 гаруй сум суурин газраас 30 гаруйг нь шилэн кабелиар холбож чадаагүй юм билээ. Шалтгаан нь юунд байна вэ?

-Харилцаа холбооны салбарын хамгийн гол асуудал нь харилцан яаж холбох вэ гэдэгт байдаг. Кабелиар холбох уу. Эсвэл сигнал явуулж рейлегээр өгөх үү. Үгүй бол сансрын холбоо ашиглах уу гээд ерөөсөө л гурван төрлийн холболт байгаа юм. Энэ гурван холболтын хамгийн найдвартай бөгөөд тухайн улсын үндсэн дэд бүтэц болдог нь шилэн кабелийн сүлжээ юм. Улсын хэмжээнд 330 гаруй сум, суурин газраас 30 гаруйд нь бид шилэн кабель холбож чадаагүй. Шалтгаан нь шилэн кабель очсон цэгээс дараагийн холбож чадаагүй цэг хүртэл нэгдүгээрт зай нь хол. Хоёрдугаарт, газар зүйн хувьд хад асга, ус, намаг ихтэй. Ийм шалтгаанаас болоод одоохондоо холбож чадахгүй байгаа юм. Гэхдээ эхний ээлжинд 5-6 газрыг шилэн кабелиар холбох хөрөнгийн асуудал яригдаж байгаа. Үүний дараа Монгол Улс үндсэндээ шилэн кабелийн сүлжээнд бүрэн хэрэгдчихнэ. Ингэснээр ямар ч төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.

-Ямар ч төрлийн үйл­чил­гээг авах боломжтой нь хэрэг­лэгчдийн чихэнд таатай л мэдээ. Гэхдээ үйл­чил­гээний төлбөр хэд байх вэ гэдэг дараагийн асуулт болов уу. Тухайл­бал, интернэтийн төлбөр өндөр байна гэдэг? 

-Хувийн байгууллагууд энэ сүлжээгээр дамжуу­лаад бизнес хийхэд өн­дөр өртөгтэй уч­раас бүтээгдэхүүн нь хэрэг­лэг­чиддээ өн­дөр үнэтэй оч­дог. Интер­нэтийн хэ­рэг­лээг олигтой төв­шинд өсгөж өгч чаддаг­гүй. Иймээс үнэ тарифаа буул­гаж үзэхэд хэрэг­лээ нь өссөн. Шилэн кабелийн урсгал зардал, анх­ны хө­рөн­гө оруулалт өндөр бай­даг учраас интер­нэтийн хэрэглээний төл­бөр тэр чигээрээ өндөр бай­гаа нь ажиглагддаг л даа.

-Монголчууд удахгүй хиймэл дагуул хөөргөнө гэж ярьдаг. Манай улсад ийм чадал байгаа юу. Хөөр­гөлөө гэхэд үр дүн нь юу байх вэ?   

-2016 он гэхэд судалгааны болон холбооны гэсэн хоёр янзын хиймэл дагуул хөөргөнө гэсэн үндсэн чиглэл, алсан хараатай явж байгаа. Агентлагийн зүгээс “Шаардлагатай материал ийм юм байна” гэдгийг төрийн гурван өндөрлөгтөө өгчихсөн, хариу хүлээж байна. Ерөөсөө хиймэл дагуул гэдэг тухайн орныг аль хэр бядтай вэ, стратегийн хувьд тухайн орон өөрийгөө юу гэж үзэж байна вэ гэдгийг олон улсын тавцанд илэрхийлдэг. Бид үүнийг хийх нь гарцаагүй. Үгүй бол бид холбооны төвшинд хоёр, гурван орны трансфоматерийг түрээсэлдэг. Улсын төсвөөс мөнгө авдаг хэдий ч байнгын хасахтай байдаг. Тиймээс энэ асуудал шийдэгдвэл өөрийн гэсэн хиймэл дагуултай болно. Мөн бусад улс оронд түрээслүүлэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой.


Зууны мэдээ
Г.Ганчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Otgoo 2014-10-07 00:15:50
    Tyreeslex ene ter yamaai bn. Xurdxan shig daguultai bolood ene maliin xulgai, oron bair, mashin teregnii xulgaigaa neg tiish ni shiideech. Tom ornii tymen berxsheel toochood xeden jil bolob.
  • men 2014-10-06 15:19:44
    delden gambaa sain uu