''Оймс'' Н.Баярсайханд 2.8 жилийн хорих ял оноож, ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгээгүй. Харин энэ сарын 16-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хоёр настнуудыг элсүүлэн суралцуулах шийдвэр гаргасан юм. Энэ дагуу  нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдаж дууссан. Нийт 17550 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд  дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр хүргэгдсэн.

Мөн дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараар хоёр хүн шинээр өвчилж, нэг хүн эдгэрч гарснаар манай улсын хувьд нийт зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 313 болсон. Үүнээс 303 хүн /97%/ эдгэрч гарсан, 10 хүн эмчилгээнд байна.

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт 2020/09/24/ боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна.
 

Богд хааны хөшөө: Төр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, үл ялиг урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээжээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг бэлгэдсэн байна. 

Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө: Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны “Наран” тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны “Дэгрээ” тамга, Гүюг хааны “Хос онгин” тамга, Мөнх хааны “Сэрээ” тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээжээ.

Ирэх даваа гаригаас эхлэн 100 айл дахь УБЕГ-ын байранд
хуулийн этгээдийн бүртгэл хийхгүй болохыг мэдэгдлээ


Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг зөвхөн 100-н айл болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авдаг байсан бол  иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй шуурхай үйлчилгээг үзүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гаригаас эхлэн нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр төвийн зургаан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс мөн өөрт ойр байрлах үйлчилгээний нэгдсэн төвд хандан хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой боллоо.

Иймд иргэд ААН-үүд УБЕГ-ын 100 айл дахь үйлчилгээний төвийн 2-р байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг анхаарна уу.

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний борлуулалтын болон дундын баазуудад тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү тээвэрлэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн хэмжээнд 70 орчим мянган тонн түлшийг нөөцлөөд байна. Одоогийн байдлаар 100 орчим сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллаж байгаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс 2020-2021 оны өвөл нийт 800 орчим борлуулалтын цэг ажиллах мэдээлэл өгсөн. Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Халамжийн газрууд болон “Тавантолгой түлш” ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхүүдэд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 орчим төрийн албан хаагч нар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган ажиллана. Одоогоор төвийн зургаан дүүргийн 170 орчим мянган айл өрхүүдээр гуравдахь удаагаа орж, угаарын хий мэдрэгч, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас суурин харуулын хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг зохион байгуулж байна.
 

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд:

  • 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
  • 10  сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар 
  • 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10  сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

''Азын'' гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно

Зам тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2020.09.18-ны өдрийн чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу иргэдийн сонирхдог, “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоохоор болов.

Энэхүү дугаар нь сери бүрт 300 орчим байдаг ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх улсын бүртгэлийн дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох юм. Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч байна.

''Оймс'' Н.Баярсайханд 2.8 жилийн хорих ял оноолоо

Оймсондоо доллар нууж байгаад баригдсан МХЕГ-ын хэлтсийн Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н. Баярсайхан нарын 6 хүнд  холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болсон.

Шүүх хуралдаанаар:
 
шүүгдэгч Н.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
 
шүүгдэгч Э.Аззаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,
 
шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
 
шүүгдэгч Г.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,
 
шүүгдэгч С.Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,
 
шүүгдэгч Д.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

С.ЦОГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа 2020-09-26 05:13:35
    ийм хуулийнхантай ирээдүй алга. ТӨР минь авлигачин хуулийнханаасаа салах болоогүй юү? АРАЙ дэндлээ