Н.Наранбаатар: Хүний амьдралд бүү оролц, урдах амьдралаа хичээ, хов жив бүү хөөцөлд

...Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний буудалд Вронский хэмээх залуухан офицертой нүүр учирна. Нэгэн хэвийн нам тайван амьдралдаа хэдийнэ дасан зохицож, бүсгүй хүн гэгч чухамдаа ийм л хувь тавилангаар хорвоог туулдаг жамтай гэдгийг ойлгож явсан Аннагийн энэ учрал тэрний дараагаар угтах бүх уулзалтууд өөрийгөө цоо шинээр харах, улмаар тайлахын аргагүй хэрнээ нууцлаг хүсэл тэмүүлэлд автахын хэрээр бодит байдалтайгаа улам бүр зөрчилдөн тэмцэлдэхийн шалтгаан болно гэж огт санасангүй...



Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой “Анна Каренина” романыг 1873-1877 онд бичиж 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ.

“Анна Каренина” зохиол дэлхийн олон оронд орчуулагдаж сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм. Энэхүү сонгодог бүтээлийг УДЭТ-ынхан үзэгч олондоо хүргэхэд бэлэн болжээ.

“Хүн бүхэн орчлон ертөнцийг өөрчлөх тухай боддог хэрнээ өөрийгөө өөрчлөх тухай яагаад боддоггүй юм бол” гэх Л.Толстой асуулт Н.Наранбаатар найруулагчийн онгодыг хөглөжээ. Түүний дөрвөн жилийн турш бодож боловсруулсан “Анна Каренина” бүтээл ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ. Драмын урлагт дуртай, хайртай үзэгч олны сэтгэлийг догдлуулж, хүлээлт үүсгэсэн жүжгийн талаар уран бүтээлчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.



Жүжгийн яагаад хийх болсон тухайгаа Ерөнхий найруулагч Н.Наранбаатар:


-Нэгдүгээрт, энэ бүтээл бол дэлхийд данстай. Хоёрдугаарт дэлхийн соёлт хүн төрөлхтний уншиж, бодож тунгаах дуртай зохиол. Энэ сонгодог зохиол 20, 30, 40, 50, 60, 70 насанд өөр өөрийн бодролыг төрүүлж байдагт увидас нь оршино. Энэ роман бол тэр чигтээ амьдралын философи.

Романы үйл явдал 19 дүгээр зууны сүүл үеийнх. Гэтэл энэ цагийн нийгмийн араншин өнөөдрийн манай нийгмийн араншинтай яг адил. Анна бол алдартай улстөрч, дуучин, жүжигчин биш нийгмийн том зүтгэл биш. Зүгээр л жирийн эмэгтэй. Энэ жирийн нэгэн бүсгүйн амьдрал ер нь хэнд хамаатай юм бэ? Гэтэл тухайн нийгэм даяараа асуудал болгож өнөөдрийн фэйсбүүкийн яриагаар бол сэвсээр байгаад бүсгүйг амиа хорлоход хүргэсэн. Хүний амьдралд бүү оролц,  урдах амьдралаа хичээ, хов жив бүү хөөцөлд гэсэн утга оршиж байгаа. Би найруулагч хүний хувьд ийм байдалд эмзэглэж, “Анна Каренина” романыг жүжгийн зохиол болгож, одоо цаг үед тавих нь нэн шаардлагатай гэж үзэж сонгож авсан. Манай нийгэм парадокс шинжиндээ орчихсон. Үүнийг Л.Толстой магадгүй 150 жилийн өмнө харсан юм уу эсвэл хувь зохиолоор давхцаад байгаа ч юм уу, мэдэхгүй. Жүжгийн хийх болсон шалтгааныг нэг дэх нь энэ.

Хоёр дахь нь дэлхийн том театрууд “Анна Каренна”-г тавьж, академик шинж чанараа бататгадаг. Үүний цаана жүжигчдийн ур чадвар нэмэгдэж, мэдлэг оюун үргэлж дээшилж байдаг. “Анна Каренна”-г үзэгчдэд хүргэх бас нэг шалтгаан нь үзэгчдийн оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд энэ жүжгийн гол зорилго оршиж байгаа.  Бид тусгаар тогтносон улс ч оюуны тусгаар тогтнол алдагдаж байна. Яг энэ цаг дор УДЭТ-ын хамт олны бүтээсэн энэ бүтээл өөрийн гэсэн ухаарал, амьдрах итгэл, өөрийгөө хянаж, дүгнэлт хийх асуултыг тавихад хүргэнэ.  Л.Толстой “Хүн бүхэн орчлон ертөнцийг өөрчлөх тухай боддог хэрнээ өөрийгөө өөрчлөх тухай яагаад боддоггүй юм бол” гэж асуулт тавьсан байдаг юм. Энэ бол жүжгийн маань гол түлхүүр үг.
 
Анна: Миний хайр сэтгэл улам улам шатаж, янаг халуун болж байхад Вронскийнх хөрсөөр хөрсөөр байна...? Надаас холдохыг тэр хүсэж байна. Надад хязгааргүй хайртай гэдэг байсан. Би ч бас... Гэсэн ч энэ бүхэн худлаа байсан юм гэж үү. Үгүй ээ хайр сэтгэл байсан... Байз байз... Алексей Александрович Серёжаг минь өгч, Вронскийтай гэрлэлээ гэж бодъё. Тэглээ гээд... Кити над руу өнөөдрийнх шигээ харахаа болих уу? Одоо тэгээд яах ёстой гэж? Амсаад, ухаараад л бол оо юу? Миний охин... миний охин Аннаг ч ийм заяа хүлээж байгаа юу?... Үгүй ээ, тийм байж болохгүй.


 

Гол дүр “Анна Каренина” жүжигчин Н.Баярмаа:

- Зохиолоо уншиж эхэлсэн цагаас  Н.Пүрэвдагва /жүжгийн зохиол болгосон/ ахтайгаа их найзаллаа. Энэ хүнтэй хамтран ажиллаж үг сонсож, дүр дээрээ ажиллахад их бахадмаар явдал байлаа. Зохиолоо анх уншаад хүний амьдралын, тэр дундаа эмэгтэй хүний зүрх сэтгэлийн дотоод нарийн мэдрэмжийг яаж ийм гоё зураглан татаж бичсэн юм бол гэж бишрэх сэтгэл төрж байсан. Миний хийх ажил бол түүнийг ил гарган тоглох байсан. Үзэгчид маань энэ жүжгээс ямар Аннаг хүсэж байгааг мэдэхгүй байна. Бүгд зүрх сэтгэлдээ өөрийн гэсэн Аннаг бодон ирэх байх. Би өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн Аннаг тоглоно. Үзэгчдийн хүлээлт, цензур тэнд харагдах биз. Монгол улс хэдий их хөгжилтэй орон биш ч манай улс сонгодог театртай, тэр нь дэлхийн хэмжээний сонгодог жүжгийг тавьж байна. Том жүжгийг тавихад найруулах найруулагч, тоглох уран бүтээлчид, түүнийг жүжиг болгон буулгах том эрдэмтэд байгаад их баярлаж байна.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санчир 2020-09-29 12:28:27
    Энэ бол маш том зохиол илүү их гүн агуулга ёгтлол зөн совинг шингээсэн манайх энийг гүйцэд гаргаж чадах уу. Зохиолийг нь бүрэн тайлахад олон жил орно.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин11 2020-09-29 03:11:51
    Зохиолыг нь уншаагүйшдээ. Шууд үзвэл ойлгох болов уу? Эсвэл амжиж уншчмхаад үзэх үү? Яавал дээр вэ?
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
    •  2020-09-29 04:33:47
      Зохиолыг нь унш. киног нь үз. жүжгийг нь шууд үзвэл ойлгохгүй.
      172.69.252.133
      Мэдэгдсэн Хариулах
  • Дархан сараа 2020-09-29 02:31:27
    Хэзээ тавихыг хүлээгээд л байлаа хотод очиж үзнэ баяр хүргэе
    162.158.183.222
    Мэдэгдсэн Хариулах