Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулдаг 1.5 тэрбум төгрөг хаачсан бэ?

Мартагдсан, хаягдсан, орхигдсон, гологдсон гээд харж хандах хүнгүй болсон ахмад настнуудыг бид Батсүмбэрийн асрамжийн газраар төсөөлдөг. Энэ дүр зургийн тухай төсөөлөн бодохуй нэг талдаа тэдний ачлалгүй үр хүүхэд, хамаатан саданд гомдмоор. Нөгөө талдаа ахмадаа асарч, тэтгэж, бүгдийг нь үр хүүхэдтэйгээ хамт элэг бүтэн амьдрах боломжоор хангаж чадаагүй арчаагүй төр, засгийг ч зүхмээр санагдана. Гэвч бодит байдал дээр Монголын төр 307 мянган ахмад настнаа бүгдийг нь хаячихсан юм.

Залуу нас, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсны эцэст хэнд ч хэрэггүй мэт хаягддаг хөөрхийлөлтэй хувь заяа Монголын ахмадуудыг угтдаг. Тэтгэвэрт гарсан бол гэртээ сууж, хорвоогийн жамыг хүлээх ёстой мэт хандана. Гэвч тэтгэвэртээ гараад дассан ажил, хамт олноосоо хөндийрсөн ахмадууд сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсдэгийг төр, засаг, төрүүлсэн үрс нь асуудаггүй. Тиймээс ахмадууд сэтгэл гутрал, ганцаардалд автдаг талаар “Монгол эмээ тэтгэвэрт гараад юу  хийдэг вэ” гэсэн нийтлэлээрээ  хөндөж байсан билээ.

 Харин энэ удаа төрөөс ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд жил бүр 1.5 тэрбум төгрөг зарцуулдаг байтал үүнийг хүртэх ёстой хүмүүс нь яагаад гэртээ ганцаардан шаналж, амьдралын боломжтой цөөнх нь харь хүний байгуулсан Улаанбаатарт ганцхан байдаг өдөр өнжүүлэхэд ирж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм бол гэдгийн учрыг олохыг хичээлээ. Учир нь ахмадуудын ганцаардал, сэтгэл гутралаас сэргийлэх хамгийн чухал алхам нь өөрийн нас, биеийн онцлогт тохирсон ажил эрхлэх юм. Олон улс энэ үйл ажиллагааг хэдийнэ хэрэгжүүлж онгоцны буудал, эмнэлэг гэсэн байгууллагын угтах  үйлчилгээ, сүлжээ дэлгүүрийн туслах ажилтнаар ахмадуудыг ажиллуулж байна. Харин манай улс тэдний хөдөлмөр эрхлэлтийн төлөө юу хийж байна вэ?

“Ахмадын 357 ажлын байр шинээр бий болгосон”

Монгол Улс эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60 нас хүрэв үү үгүй юу ажлын байрнаас нь шахаж гаргаад хэнд ч хэрэггүй хүн болгоод хаячихдаг. Амьдралынхаа 30-40 жилийг олон хүнтэй ажиллаж өнгөрүүлсэн хүнийг тэтгэвэртээ гарах хугацаа чинь болчихсон гээд шууд гэрт нь “түгжчихдэг”. Гэсэн атлаа “Ахмад настны  хөдөлмөр эрхлэлтэд зориулж жил бүр 1.5 тэрбум төгрөг зарцуулдаг”  хэмээн салбар яам нь ярьж сууна. Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий “Манай орны хувьд хүн амын цонх үе хаагдаж байгаатай холбоотойгоор хүн амд эзлэх ахмад настны хувь нэмэгдэж, залуучуудын тоо буурч байна. Иймд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн хүрээнд ахмад мэргэжилтэн ажлын 30 өдөр буюу нийт 240 цагаас хэтрэхгүй хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлж, урамшуулал 800 мянган төгрөг авна. Мөн  аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулж  гурван сая хүртэл төгрөгийн хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэгийг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй олгох арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ оны эхний  найман сарын байдлаар зөвлөх үйлчилгээнд 311 ахмад мэргэжилтэнг хамруулж, 102.5 сая төгрөгийн урамшуулал олгосон. Эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 338 ахмадыг хамруулж, 711 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 357 түр болон байнгын ажлын байр бий болгосон. Энэ хөтөлбөрт жил бүр 1.5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж ажилладаг” гэж ярьсан.

1.5 тэрбумыг хэчнээн тооны ахмадад зарцуулсан нь тодорхой бус

Нийт ахмадын 70 орчим хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг ч тэднийг таатай хүлээж авдаг газар өнөөдрийн байдлаар манай улсад ганц ч алга. Энэ талаар ахмад настан Д.Сүмбэрэл “Би тэтгэвэртээ гараад  найман жил болж байна. Эхнэрээ алдсанаас хойш  сэтгэл зүйн хүнд байдалтай гурван жилийг өнгөрөөлөө. Монголын хувьд ахмад настан хэнд ч хэрэггүй хүн юм байна. Ажил хийе гэвэл “Хөгшин зөнөг юу хийж явна. Зүгээр гэртээ суу” гэнэ. Ер нь гэртээ хийх ажилгүй суух шиг зовлон байдаггүй бололтой” гэж ярьсан юм. Харин Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Хөдөлмөр эрхлэлтийн сонирхлын талаар судлахад  нийт ахмадын 67.2 хувь буюу 180 гаруй мянган ахмад настан  ажил эрхлэх сонирхолтой гэсэн дүн гарсан. Гэвч өөрт тохирсон ажил эрхэлдэг эсвэл мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаж байгаа ахмад настан алга. Төрөөс ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд жил бүр  зарцуулдаг 1.5 тэрбум  төгрөгөө хэдэн ахмадад зарцуулж ямар үр дүн гарсан нь тодорхой бус. Үүний үр шимийг хүртсэн ахмад настан алга. Уг нь зөвлөх үйлчилгээгээр дамжуулан ахмадуудын баялаг туршлага, чадварыг нь ашиглах хэрэгтэй. Түүнчлэн нийт ахмадын 23.7 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур ядуу зүдүү амьдарч байна” гэлээ. Монголын ахмад настнуудыг төлөөлдөг байгууллагаас эхлээд хамгийн эхэнд таарсан ахмадаас  хөдөлмөр эрхлэх боломжийн талаар асуухад дээрх хариултыг өгч байна. Тэгэхээр ХНХЯ-наас 102.5 сая төгрөгийн урамшуулал олгосон 311 ахмад мэргэжилтэн, 711 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон 338 ахмад настныхаа хүртсэн үр дүнг нь тэднийг ямар шалгуураар энэ хөтөлбөртөө хамруулснаа, 357 түр болон байнгын ажлын байр тань яг хаана байгааг тодорхой  тайлагнахыг шаардаж байна. Үгүй бол аль ч Засгийн газар солигдсон “Хөдөлмөр эрхлэлтэд зориулсан төсөв хаачсан бэ” хэмээн асууж сурагладаггүйгээр нь далимдуулан  ахмадуудад зориулсан төсвийн мөнгийг “залгисаар” он жилүүдийг үдэх нь.

Манай улсад Ахмадыг хөгжүүлэх 420 өргөө ажилладаг

Улаанбаатар хотын хэмжээнд бидний өмнөх нийтлэлдээ дурдаж байсан Япон бүсгүйн байгуулсан “Ахмадуудын өдөр өнжүүлэх төв”-өөс өөр тэтгэвэртээ гарсан ахмадуудыг наашаа гэх газар байхгүй нь харамсалтай. Энэ талаар Э.Очирдорж “Өвөө нь 74 настай. Тэтгэвэрт гарснаас хойш гэртээ хийх ажилгүй сууж байна. Ажиллаж байхдаа хурдан тэтгэвэртээ гарах юмсан гэж боддог байлаа. Гэтэл гэнэт хамт олноосоо хөндийрөөд хийх ажилгүй болчихоор бүх зүйл утгаа алддаг юм байна. Ач, зээ нар маань тоглохоос өөр хань болохгүй. Хүүхдүүд маань тэтгэврийн хэдэн төгрөгийг авахаас өөр шидгүй. Би чинь  хэдэн төгрөгний тэтгэвэр авдагаа ч мэддэггүй хүн” гэж байлаа.

Гэтэл ахмадуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх тал дээр төр хэрхэн анхаарч байгаа талаар салбар яам  дараах хариултыг өглөө.  ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Ахмад настны хөгжлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ “Энэ оны хагас жилийн байдлаар ахмадуудыг нийгмийн амьдралд оролцуулах, хөгжих, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэх 21 ахмадын ордон, 420 өргөө, танхим, төв үйл ажиллагаагаа тухайн орон нутгийн төсвийн санхүүжилтээр явуулж байна” гэж ярилаа. Гэтэл нь энэ нь ахмадуудын бие болоод сэтгэл зүйн онцлогт тохирсон үйлчилгээгүй, хүртээмж муутай байдаг буюу зүгээр нэр төдий хөтөлбөр болж хувираад байгаа юм. Энэ талаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Монголын ахмадын  холбооны орон нутаг дахь салбаруудын мэдэлд  байдаг 400 гаруй  Ахмадын өргөө нийт ахмадын хүсэл сонирхлыг бүрэн дүүрэн хангадаггүй. Талбай жижигхэн, тоног төхөөрөмжүүд нь хуучирснаас сэтгэл ханамжтай үйлчилж чаддаггүй. Тиймээс тэтгэвэрт гарсны дараах ганцаардал,  гуниглах, гиюүрэх,  гэртээ шаналж  суухаас сэргийлэх, ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх чанарын шаардлага хангасан ордон өргөөг орон нутагт барих шаардлагатай. Мөн таван жилийн өмнөөс тэтгэвэрт гарна гэдгийг нь сануулж, нийгэм сэтгэл зүйн хувьд бэлтгэл хангах хөтөлбөрийг гаргаж, тэтгэвэртээ гараад юу хийж цагийг өнгөрүүлэх тал дээр нь анхаарч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм. Өмнөх 400 гаруй Ахмадын өргөөндөө хангалттай хэмжээний хөрөнгө зарцуулж, ахмадуудын сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж чадаагүй атлаа “Ахмадын өргөө”-гийн тоог нэмэхээр төлөвлөж байгаа гэж ХНХЯ-ны мэргэжилтэн ярив. Ийн  эрх мэдэлтэн, төр, засгийн удирдлагууд ээлж солилцон жил бүр 1.5 тэрбум төгрөг “залгиж” суухад Монголын 300 гаруй ахмад хэнд ч хэрэггүй мэтээр өөрсдийгөө мэдэрч шаналж, ганцаардаж, сэтгэл гутралд орж, өөрийгөө үзэн ядаж сууна. Монголын ахмадын холбооноос дээрх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захидал илгээсэн байна лээ. Ард түмнийхээ төлөө чин шударгаар ажиллана гэж ярьдаг эрхэм Ерөнхий сайдаа Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулагддаг 1.5 тэрбум төгрөг хаачсаны учрыг олж  өгнө үү.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ахмад настан 2020-09-30 11:35:21
    Ахмадын ажлын байр биш тэтгэвэрийг нь нэмэх хэрэгтэй. Хувиараа ажил эрхэлж чадаж байвал л болно. Харин ажилгүй залуучуудаа л ажлаар хангах хэрэгтэй бишүү.
    162.158.165.235
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-09-30 06:56:05
    Одоогийн залуус адилхан нь хөгширч ахмадуудын тоонд орно. Тэр үедээ л мэдрэх юм байлгүй
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-09-30 02:50:32
    АХМАДЫН БАЙГУУЛЛАГА ГЭЖ АЛЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ТӨР ЗАСАГТ ГАРНА ,,ХЭН МЭДЭЭЛЭЛД ОЙРД НЬ ҮЙЛЧИЛДЭГ БАЙГУУЛЛЛАГА САНАСГДАНА ,,, ТЭГЭХЭЭС ДООДСТ ХҮРЭЭЛГҮЙ Л ДЭЭ,,,,,...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах