Шаардлага хангасан сүү нийлүүлбэл урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг батлав. Сүүний урамшууллыг татварын цахим төлбөрийн баримтын системийг түшиглэн 2020 оны 11, 12 дугаар сард олгож эхлэх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм.

Ингэснээр өвлийн улиралд сүү нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бий болно гэж тооцоолжээ. Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1680 хүн ажиллаж байна.

Энэ салбар жилдээ 470 мянга гаруй тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч 35 хувийг нь л ашигладаг. Энэ нь сүү бэлтгэл улирлын хамааралтай боловч нөгөө талаас бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой гэж болно. Өвлийн улиралд хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад 27 сая литр сүү шаардлагатай ч 16.8 сая литрийг л нийлүүлж байна.

Товч мэдээ

-       Монгол Улсын 2021 оны төсөв, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэв.

-       Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов. Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-01 02:23:52
    нефтийн хоолой шиг сүүний хоолой хий.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах