Улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох явц нээлттэй болов

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичгийг холбогдох журам болон ЗТХЯ-наас батласан хуваарийн дагуу улирал бүр олгож байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуунсухайт боомтоор 7000, Замын-Үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1250 ширхэг хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олгох хуваарилалтыг ЗТХЯ-наас баталгаажуулсан. Энэ хүрээнд БНХАУ-тай хиллэдэг 9 боомтоор нийт 264 аж ахуй нэгж байгууллагын 12660 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлсэн бөгөөд 258 аж ахуй нэгж байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгоод байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 4 уурхайгаас 160 аж ахуй нэгж байгууллагын 9969 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс Засгийн газрын хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийн протокол, холбогдох хууль, дүрэм, журам, ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуй нэгж байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгожээ. Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан бөгөөд шалгалтад нийт 161 аж ахуй нэгж байгууллага хамрагдсанаас 25 "бага", 67 "дунд", 69 "их" эрсдэлтэй дүгнэгдсэн байна.

Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТ хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж “Тээврийн нэгдсэн систем” цахим программыг нэвтрүүлж, НДЕГ, ЦЕГ-ийн Лицензийн төв, Албан журмын даатгагчдын холбоо байгууллагуудын мэдээллийн сантай холбосон бөгөөд цаашид ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон холбогдох байгууллагуудын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр хувь хүн, албан тушаалтны механик ажиллагааг багасгаж, цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй цаасан хэрэглээг халж, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэнээс гадна тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан ил тод болсон юм.

Тухайлбал, Нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбогдсоноор жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг тус тус шалгах, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас жолоочийн үнэмлэхний ангилал, хүчинтэй хугацаа, оноо, эрх хүчинтэй эсэхийг шалгах боломжтой бөгөөд Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сангаас аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн эсэхийг шалгах зэрэг боломжууд бүрджээ.

АТҮТ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.