Шагналын хур бууж, ''Саарал жагсаалт''-аас гарсан долоо хоног
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
 
Долоо хоногийн даваа гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
 
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар, Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
 
Энэ үеэр олны танил хүмүүсээс Чөлөөт уран бүтээлч, дуучин Төмөрийн Батсайхан, “Маск” продакшны жүжигчин Жижирдоогийн Мөнхсайхан, “X Түц” продакшны захирал Нанжидын Онон нар Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдав.
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчлалаа цуцалж, Японы Гадаад хэргийн сайд айлчлал хийлээ
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлууллаа. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео долоо хоногийн мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө.
 
Харин долоо хоногийн баасан гарагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
 
Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
 
Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлав
 
Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг албан ёсоор олон нийтэд мэдээллээ. Өнгөрсөн сард албан бусаар нэрс тодорч, зарим нь хүлээн зөвшөөрөөд байсан допингийн шинжилгээний Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж “Энэ жилийн үндэсний их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ руу явуулсан. Шинжилгээний хариу есдүгээр сарын 08-нд ирсэн. Уг албан бичигт дурдсанаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын гурван бөхөөс допинг илэрсэн.
 
 
- Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориотой жагсаалт 2020”-д багтсан гурван төрлийн бодис
- Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан нэг төрлийн бодис
- Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус тус илэрсэн” гэсэн юм.
 
Европын Холбооны “Саарал жагсаалт”аас гарлаа
 
Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл энэ сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтад байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ.
 
Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалт”-ыг Европын Холбоо 2017 оноос хойш хөтлөж байгаа бөгөөд тус жагсаалтад Монгол Улсыг 2017 оны 12 дугаар сарын 05-нд оруулсан. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтарсан хүчин чармайлтаар 2018 оны 1 дүгээр сард тус “хар жагсаалт”-аас манай улс богино хугацаанд гарч хяналт-ажиглалтын “саарал жагсаалтад” шилжээд байсан юм.
 
О.Онон
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-12 06:15:51
    авилгач түшмэдийг цаазаар авсан 7 хоногийн мэдээ хэзээ гарах бэ? хүлээж л байна.