Ирцгүй  сонгууль ба эрх баригчдад өгсөн сануулга

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өчигдөр 07:00 цагт улс орон даяар эхэллээ.   Энэ удаагийн сонгуульд 17149 хүн нэр дэвшиж өрсөлдсөн юм.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР САНАЛАА ӨГЛӨӨ

 МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр Сүхбаатар дүүргийн 28 дугаар тойргийн санал авах байрт саналаа өгөв.   Тэрээр энэ үеэр  “Сүүлийн өдрүүдэд  хар машин ашиглаж санал луйвардах гэж байна гэсэн  баримтууд дэлгэгдлээ. Харамсалтай нь МАН хууль, хяналтынхантай хамтраад үүнийгээ нууж, цайруулах гэж үхэн хатан зүтгэж байна.  Энэ үнэн бол  тухайн үйлчилгээг худалдаж авахаар санаархаж, завдаж байгаа  хүмүүс нь гэмт хэрэгтнүүд юм. Хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж, хуульд захирагдахгүй ажиллаж, бусдыг болохоор хууль захирагдахыг шаардаж байгаа нь МАН-ын мөн чанар. Энэ дарангуйллыг таслан зогсоохгүй бол Монгол Улс урагшлахгүй. Иймээс бид бусад намтай нэгдэж, орон нутгийн сонгуульд оролцож байна.  Энэ удаагийн орон нутгийн сонгууль ч шударга эсэх нь эргэлзээтэй.   Хамгийн энгийн жишээ гэхэд  хэсгийн ахлагч нар нь хүн зөөх машинаа цувааны машин шиг 1, 2, 3, 4 гэж дугаарлачихаад өөрсдөө бүртгэлтэй  айлуудаасаа хүн зөөж байна. Ингээд манай намыг, тэрийг сонгохгүй бол хүнсний талоныг чинь өгөхгүй шүү гээд улайм цайм хууль зөрчсөн ажиллагаа явагдаад байна.  Ийм дарангуйллын эсрэг монголчууд нийлж хөдөлгөөн өрнүүлэхгүй бол болохгүй” гэсэн юм.

Х.Баттулга: СОНГУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ НЬ АРДЧИЛЛЫН АЛТАН ЗАРЧИМ

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нийслэлийн 48 дугаар  сургууль дээр саналаа өглөө.  Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн “Ривэр Garden” хотхоны санал авах байрт саналаа өгсөн юм.  Энэ үеэр Төрийн тэргүүн    “Залуучууд маань  сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй  байгаа иргэд санал авах цаг хаахаас өмнө амжиж саналаа өгч иргэнийхээ эрх, үүргийг биелүүлээрэй. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох асуудлыг нэхэх нь уялдаагүй болчихдог. Жишээлбэл, саяхан нийслэл дээр  сургуулийн хүүхэд зөөдөг шар автобусыг худалдаж авсан  үнийн талаар маргаан гараад байсан. Хэрэв  нийслэлийн иргэдийн төлөөлөгчид  олон намын тогтолцоотой, түүнийг өгсөн, авсан   тендер  дээр хяналттайгаар  асуудлыг хэрэгжүүлсэн   бол ийм маргаан гарч иргэдийг талцуулахгүй байж болох юм. Тэгэхээр өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын  алтан зарчмыг ойлгож, оролцоорой” гэсэн юм.

МӨНГӨ ТАРААСНЫГ БАРИМТЖУУЛСАН АЖИГЛАГЧ НАРЫГ ЦАГДААГИЙНХАН СААТУУЛЖЭЭ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль парламентынх шиг нэлээд олон хэрэг, зөрчил бүртгэгдсэн сонгууль боллоо.  Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Зөрчлийн тухай хууль болон Сонгуулийн хууль зөрчсөн гэх 338 гомдлыг нэг өдрийн хугацаанд хүлээн авсан байна.  Үүнээс долоон гомдолд зөрчлийн хэрэг нээж, гурван гомдлыг МХЕГ, ШӨХТГ-т шилжүүлсэн бол 163 хэргийг шалгаж байгаа юм.  Мөн сонгуулиар хуулийн байгууллага нь илт нэг талд үйлчилсэн гэх асуудал ч гарсан.  Тухайлбал,  Сонгинохайрхан дүүрэгт  мөнгө тарааж байгаа МАН-ын хүмүүсийн араас  мөшгиж дроноор бичлэг хийсэн МАХН-ын ажиглагч нарыг цагдаагийнхан саатуулжээ.  Яагаад саатуулснаа цагдаагийнхан “Автомашины бүрэн бүтэн байдлын үзлэг шалгалт” гэж тайлбарлажээ. Энэ мэдээллийг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ  газар дээрээс нь лайв хийж, нүүр номоороо дамжуулан мэдээлсэн юм. Тэрээр  “Манай намынхан мөнгө тараагаад байгаа МАН-ынхныг хянаж, араас нь дрон нисгэж зураг авсан. Мөн гар утсаараа зураг авч баримтжуулсан. Гэтэл яг тэр мөнгө тарааж байгаа бичлэг, зургийг авсан хүнийг авчираад хорьчихлоо. Уг нь сонгуулийн хяналт шалгалт хийх, дрон нисгэж зураг авах  цагдаа нарын өөрсдийнх нь  хийх ажил, тэд  хяналт тавих үүрэгтэй. Бид цагдаа нарын ажилд тус болж хяналт тавьж, зураг авч бичлэг хийсэн.  Гэтэл энэ хойгуур МАН-ынхан “Баясэлэнгэ мөнгө тараагаад баригдлаа” гэх мэтээр худал мэдээлэл тарааж, сонгогч иргэдийн тархийг угааж байна” гэв.

“ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ДАЛАЙЛГАЖ, ХҮЧ ТҮРСЭН ҮЙЛДЛҮҮДИЙГ ЭРХ БАРИГЧИД ХИЙЖ БАЙНА”

Мөн өчигдөр Нийслэлийн АН-аас орон нутгийн сонгуулийн хэрэг зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.  АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд  “Архангай аймагт мөнгө тараасан, Баян-Өлгий аймагт хэвийн зөрчилгүй, Баянхонгор аймагт саналын хуудас хүчингүй болж байгаа зөрчил их гарч байна.  Дорноговь аймагт санал тоолох машин маш олон удаа гацсан, саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг харахад ямар нэг гомдол ирээгүй гэх боловч АН-ын хувьд тухайн шат шатны хэсгийн хороодоор хяналт тавьж, гомдлоо гаргаж байгаа боловч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Мөн бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн бодит жишээ гарч байна. Хуулийн байгууллагаар далайлгаж, хүч түрсэн үйлдлүүдийг эрх баригчид хийж байна. Өнөөдөр бид эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө саналаа өгөх нь нэн чухал байна. АН өнгөрсөн хугацаанд алдаа оноо байсан ч ирээдүйд бид олон зүйлийг шинэ түвшинд гаргах, ард түмнийхээ төлөө ажиллах болно” гэсэн юм.

ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ

Манай сонины сурвалжлах баг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн  НИТХ-ын 13 дугаар тойрогт санал авах 3-4 байраар байраар орлоо.  Тус байруудад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүхээг байсангүй. Харин есдүгээр хорооны санал авах хэсгийн байр биднийг асууж сурагласны  дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орж ирвэл дэлгэнэ гэж байсан гэсээр зориулалтын бус сурагчийн ширээ сандал гаргаж ирж тавив. Цаасан дээр тусгай тэмдэглэгээ хийснээс өөрөөр бусад санал өгөх бүхээгээс онцын ялгаа байсангүй. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэгтэй саналын хуудас хэсгийн хороодод нэг л ширхэг байв. Санал авах байруудын ихэнх нь сургууль, цэцэрлэгийн нэгдүгээр болон В1 давхарт байрлаж байгаа нь тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу замгүй. Харин шинээр ашиглалтад орсон ганц нэг сургуульд л налуу зам харагдлаа. Сонгуулийн хэсгийн ахлагч нараас тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан бүхээг бэлтгэсэн талаар асуухад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүхээг бэлтгээгүй. Ирэх боломжгүй иргэдээ зөөврийн хайрцгаар саналыг нь авсан. Баррель үсэгтэй саналын хуудас дээр энгийн хуудсыг тавьж байгаад будаж байна. Хамт итгэмжлэгдсэн төлөөлөгч нь яваа учраас асуудал гарахгүй. Барилгын нэгдүгээр давхарт байрлаж байгаа учраас тэргэнцэртэй иргэд хамт яваа хүнийхээ тусламжтай орж ирэх боломжтой” гэсэн хариултыг өглөө. Харин ХЭҮК-оос УИХ, орон нутгийн сонгуулийн өмнө санал авах байруудад түүврийн аргаар шалгалт хийж хүний эрхийн зөрчлөө арилгах зөвлөмжийг СЕХ-нд хүргүүлдэг ч тусгай хэрэгцээт иргэдийн нөхцөл байдлыг хангаж өгөх ажлыг тухайн дүүрэг, орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэх ёстой”  гэсэн хариултыг өгдөг гэж байв. Ингэж 2-3 газрын хооронд бичиг цаас шидэлцсээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудал хөсөр хаягдсаар байгаа юм. 

ИРЦИЙН БОСГОГҮЙ СОНГУУЛЬ БОЛЛОО

Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр 20.00 цагт өндөрлөж, 23.00 минутад СЕХ-ноос урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн 453 хэсэгт сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан. Санал хураалтын ирцийн эцсийн мэдээ нэгтгэж байна. Энэ удаагийн сонгууль нь сонгогчдын ирцийн босго байхгүй бөгөөд санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна.  23.00 цагийн байдлаар  НИТХ-ын 45 мандатад МАН-34, АН-8, ХҮН-3 нэр дэвшигч төлөөлөгчөөр  сонгогдлоо” гэсэн юм. Харин дүүргийн ИХТ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, МАХН нэг, Ногоон нам нэг суудал авчээ.   Харин нэг хэсгийн хороонд хоёр нэр дэвшигчийн саналын тоо ижил гарсан тул дахин санал хураалт явуулах юм байна. Дахин санал хураалтыг ажлын 10 хоногт багтаан явуулахаар хуульд заасан билээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-17 00:49:03
    Ингэж 1000 жил амьдарсан ч болно.Гэвч эргэн тойрноосоо хоцрох нь үхэл мөхөлд хүргэдэг байгалын жам юм даа.Яахав 45 онд хятад ахын идэш болцгооно биз.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2020-10-16 06:21:28
    1-r horoolold amidardag nastai aav, eej 2 mini MAN gishuud, ter 2-t 50, 50 myanga ugsun shuu dee. Ih hurald 100000 ugch baisan.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-16 04:51:50
    Хийсэн нүгэл бүр эргэж ирнэ Энхбаяр, Энхболд, З.Энхболд, Дэмбэрэл, Багабанди, Очирбат нарын өөрсдөө хийсэн үйл шүү дээ өшөө болоогүй их юм үзнэ дээ олон газар н...
    162.158.167.67
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2020-10-16 02:19:21
    МАН яг л дарангуйлагч шиг авирладаг болжээ!! Гэтэл энэ бүхний эх суурийг тавьсан Автор нь Н.Энхбаяр өөрөө шүү дээ!!! "Үр могой" гэж энэ дээ!!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах