Д.Отгондалай: Шүүгчтэй нь хамт ялна гэж өөртөө үүрэг өгсөн байсан

Азийн спортын 17 дугаар их наадам БНСУ-ын Инчон хотноо 14 хоногийн турш болж амжилттай өндөрлөлөө. Энэхүү наадмын сүүлчийн өдөр боксын 60 кг-ийн жинд тулалдаж алтан медаль авсан ОУХМ Д.Отгондалайтай ярилцлаа. Тэрээр уг наадмаас Монголын багийн тав дахь алт, 20 дахь медалийн эзэн болсон бөгөөд Азийн спортын наадмаас боксынхны 38 жил хүлээсэн алтан медалийг ганцаараа авсан юм.

-Монголын баг тамирчдад амар олдоогүй алтыг авсанд тань баяр хүргэе. Энэ амжилт Монголын боксын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа юм?

-Баярлалаа. Монголын боксчдын 38 жил хүлээсэн алтан медаль бидний халаасанд орлоо. Өндөр амжилт гаргасандаа баяртай байгаа. Энэ жил Азийн аварга, ДАШТ өнждөг мөчлөг таарсан болохоор гагцхүү энэ тэмцээнд зориулж бэлтгэл сургуулилтаа базаасан. Манай боксын тамирчид Эрдэнэтийн “Олимп” баазад 35 хоногийн хугацаанд бэлтгэл хийгээд тэндээсээ Баян-Өлгийд олон улсын тэмцээнд оролцсон. Тэгээд Инчон явахын өмнө нийслэлд хоёр долоо хоногийн нэгдсэн бэлтгэлд гарсан. Ер нь том тэмцээнд эртнээс зорьж бэлтгэлээ чанартай, сэтгэлээсээ хийвэл хүн хүссэн амжилтаа үзүүлж болдог гэдгийг ойлголоо. Багш, дасгалжуулагч нар маань ч сайн ажилласан.

-Уг нь манай боксын мэргэжилтнүүд энэ тэмцээнээс 2-3 алтан медаль авна гэж тооцож, харж байсан юм?

-Тэгэлгүй яахав. Манай Н.Төгсцогт, Б.Түвшинбат, Б.Чинзориг нарыг гарцаагүй алт авна гэж олон хүн харсан байх. Би ч ялгаагүй тэдэнтэйгээ финалд хамт гарахыг хүсэж байсан. Гэвч Инчоны ринг хатуу байлаа. Шүүгч нарын булхайтай шүүлт, мөн Б.Чинзориг, Н.Шинэбаяр хоёрын хөмсөг сэтрээгүй байсан бол бид зорилгоо 100 хувь биелүүлэх байлаа.

-Азийн наадмын рингэнд гарсан анхны тулааныхаа талаар ярихгүй юу?

-Туркменстаны боксчин. Түүнтэй хийсэн тулаан төлөвлөснөөр болсон. Харин финалын тулаанд Филиппины боксчинтой үлдсэн. Түүнтэй хэдхэн сарын өмнө Казахстаны Алма-Аты хотод болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд өрсөлдөөд ялагдаж байсан юм. Харин энэ удаад даагаа нэхэж алтан медаль авлаа.

-Алма-Атыд болсон тэр тэмцээнийг сайн санаж байна. Тухай үед мөн л шүүгчийн булхайтай шүүлтнээс болж та ялагдсан санагдана?

-Тэр тэмцээн миний сэтгэлд хар толбо суулгасан. Би яах аргагүй илүү тулалдаж байсан. Гэвч шүүгч эсрэг тамирчинд ялалтыг заадаг юм байна. Дараа түүнтэй таарвал шүүгчтэй нь хамт ялна гэж өөртөө хатуу үүрэг өгч билээ. Тэр энэ тэмцээнд яалт ч үгүй үнэнд гүйцэгдсэн.

-Та алтан медалиа гардаж байхдаа нулимс унагаж харагдсан. Тэр мөч үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүү?

-Би медалийн тавцанд гараад уйлсан. Үнэхээр тэсч чадаагүй юм. Надад үнэхээр сайхан байсан. Монголчуудын халаасанд амар орж ирээгүй энэ медалийн үнэ цэнийг бүгд мэдэрч байгаа байх.

-Сүүлийн тулааны эхний үед таны хөмсөг сэтэрч цус их гарсан. Тэгэхэд одоо яадаг бол гэж олон хүн орох байх газраа олж ядсан?

-Харин ч санасныг бодоход цус бага гарсан. Энэ тэмцээнд жингээ нэлээд хасч шингэн зүйл бага хэрэглэсэн болохоор цус гарах нь харьцангуй гайгүй байлаа.

-Шинэ дүрмээр боксчид толгойны хамгаалалт /дуулга/-гүйгээр тулалддаг болоод удаагүй байна. Энэ нь танд ямар санагдаж байна?

-Мэдээж хүнд. Хөмсөг задрах, толгой хагарах гээд хүнд гэмтэл, бэртэл чинь үүнээс үүдэлтэй юм шүү дээ. Надад дуулгатай тулалдахад амар байсан. Би тэгж л боддог.

-Н.Төгсцогт гавьяатын БНСУ-ын тамирчинтай хийсэн тулааныг та юу гэж дүгнэж байна?

-Би медалийн төлөө тулалдахаар шалгараад байсан болохоор ерөнхийдөө мэдээллээс хол байсан. Вакумжуулсан тусгай орчинд цаг хугацааг өнгөрүүлж байлаа. Дараа нь харахад булхайтай шүүлт гэдэг нь тодорхой харагдаж байна лээ.

-Таныг Лондоны олимпийн рингэд гарцаагүй гарах байсан боксчдын нэг гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Олимпийн өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж тэндээс боксчдод олимпод оролцох өндөр оноог өгсөн. Би ч олимп дөхсөн болохоор бэлтгэлээ чамбай тааруулж олимпийн эрхийг шүдээ зууж байгаад заавал авна гэсэн юм бодож байлаа. Би эхний тулаануудад Армени, БНСУ-ын боксчдыг төвөггүй ялчихав. Дараа нь Ирландын тамирчинтай таарсан. Уг нь би түүнийг илт давуу ялсан юм. Ямар сайндаа нэг, хоёрдугаар үед тэр хүнд цохилтод ороод тоолуулж байхав. Гэтэл шүүгч оноог эцэслэхэд ялалт миний эсрэг гардаг байгаа. Би үнэхээр их харамссан. Энэ алтан боломж тамирчин хүнд тэр бүр тохиохгүй шүү дээ.

-Тэгээд өнөөх Ирланд нөхөр олимпоос мөнгөн медаль авчихсан уу?

-Тэгсэн. Тэр Лондоны олимпоос медаль авсан. Тэгэ­хэд л өөрийнхөө бэлтгэлийн хэмжээг мэдэрсэн. Хэрэв би тулалдсан бол боломж гарах байж гэж бодох үе гардаг.

-Та олимпийн аварга Э.Бадар-Ууганыг луйвраар ялсан ОХУ-ын боксчныг урамтай ялсан тэр агшин санаанаас ер гардаггүй юм?

-Чикагод болсон ДАШТ дээр Бадраа ахыг ялдаг тэр Будапеног би Тайландын эзэн хааны цомын тэмцээн дээр нам цохисон. Тэр үед шигшээ багийн албаны дарга байсан Энхбаатар ах надад зориулж шүлэг бичсэнээ уншуулж билээ.

-Ямар шүлэг вэ. Уншиж өгөөч?

-“Усан согтуу оросоос

Цусан өшөө авсан

Тосон бор хүүгээс

Алтан медаль хүсэж байна” гээд бичсэн байсан.

-Сайхан хэлж?

-Би Будапеног ялаад их баярласан. Ахынхаа хариуг авлаа гэж бодоод тэр.

-Тэгээд та маргааш нь Хятадын боксчинтой алтын төлөө тулалдаад ялсан шүү дээ?

-Бас хөгжөөнтэй болсон. Тэр хятадыг ялаад аварга болсон чинь Д.Банди багш надад зориулж “Өмнөд хөршийг өмнөө сөхрүүлж, өгсөн даалгаврыг өлхөн биелүүлсэн дүүдээ баяр хүргэе” гэсэн.

-Таныг Дорнод аймгаас анх тулалддаг байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Дорнодоос сайн боксчид төрдгийн нууц юунд байна?

-Кубын боксчид дэл­хийд ноёлдог шиг. Монголд Дорнодын боксчид болом­жийн амжилт гаргаж байна. Энэ бүхний цаана боксын спортод үнэн сэтгэлээрээ хандаж явдаг олны дэм нөлөөлдөг байх. Харин би 2004 онд гавьяат дасгалжуулагч Я.Төмөрбатаа багшийн боксын дугуйланд анх бүртгүүлээд энэ спортод эргэлт буцалтгүйгээр орсон. Би багшийнхаа гар дээрээс өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргаас медаль авсан. Энэ жил улсын аваргад түрүүлэхдээ ч багшийнхаа гар дээрээс рингэд хөл тавьсан. Энэ дашрамд багшдаа баярлаж явдгаа хэлье.
 

Зууны мэдээ
Д.Жавхлан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol zaluu 2015-09-06 05:02:00
    Ymar saak yriatai zaluu ve. Jaahan daruu bai. Alt avsand chini bayar hurgie. Jaahan daruu
    107.77.87.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Hasag bolbaaas 2014-10-07 03:00:30
    Kirgiziin emch shuugchid bayarlah yostoi shuu, harin hajuugiin hasag Sheees
    203.194.117.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ррррр 2014-10-06 15:23:41
    будапено байхдаа ч яахав дээ. Водопьянов гэдэг орос шүү
    112.72.13.42
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-06 07:52:12
    Манай Дорнодынхон мундаг олимп дэлхийн аварга болоорой
    103.11.194.226
    Мэдэгдсэн Хариулах
    • MNN 2014-10-06 13:43:39
      Танай Дорнодынхон мундаг олимп дэлхийн аварга болоорой.
      112.72.11.110
      Мэдэгдсэн Хариулах