Киргизийн ерөнхийлөгч огцорч, Садир Жапаровын үе ирлээ

Киргиз улсад  энэ сарын 11-нд болсон парламентын сонгуулийн дараа үймээн дэгдсэн. Парламентад суудал аваагүй 12 нам олон нийтийг уриалан жагсаал зохион байгуулж,  Төрийн ордноо эзэлж, тэмцлийн үр дүнд сонгуулийн дүнг хүчингүй болгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Улмаар энэ сарын 21-нийг хүртэл Бишкек хотод онц байдал зарласан билээ.  Ингэснээр  хотын бүх хөдөлгөөнийг хянаж, цэргийн хатуу хязгаарлалт тогтоов. Мөн Садир Жапаровыг  шинэ ерөнхий сайдаар томилсныг “Тасс” агентлаг мэдээлэв. Засгийн газрын удирдагчаа барьцаалсан хэргээр 2013 онд шоронд хоригдсон Жапаровыг жагсагчид суллаж, ерөнхий сайдаар томилсон нь энэ юм. Жапаров томилогдсоныхоо дараа “Би Засгийн газрын ажлыг бүгдийг нь хариуцна. Намайг томилогдсоны дараа огцорно гэдгээ ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков амласан” хэмээн ярьсан байдаг.

 Тэгвэл Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ч амласандаа хүрч, огцрох шийдвэр гаргаж буйгаа мэдэгдээд байна.  Тэрээр  “Цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагууд төрийн ордныг хамгаалахын тулд зэвсэг ашиглах ёстой. Ийм тохиолдолд цус урсах нь гарцаагүй. Өдөөн хатгалгад автахгүй байхыг би талуудад уриалж байна. Надад  Киргизид энхтайван байдал, улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний нэгдмэл байдал бүхнээс чухал. Иргэн бүрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Би эрх мэдлийн араас зууралдаагүй. Цус урсгаж, ард иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж Киргизийн түүхэнд үлдэхийг хүсэхгүй байна. Иймд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” гэж  мэдэгдэв.

Ингэснээр дараагийн ерөнхийлөгч томилогдтол Садир Жапаров түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болж байна. Жапаровын улс төрийн карьер 2005 онд болсон төрийн эргэлтийн үеэр эхэлсэн байна. Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийн үед тэрээр депутат, ерөнхийлөгчийн зөвлөх, Авлигаас урьдчилан сэргийлэх агентлагийн дарга байжээ. 2010 оны төрийн эргэлтийн дараа Атамбаевын үед Жапаров мөн депутат байсан. Хожим нь шүүх, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн мэргэжлийн хорооны даргаар томилогдсон байдаг.  Жапаров 2013 онд Каракольд (тус улсын хойд хэсэг) Кумторын алтны уурхайг улсынх болгохыг шаардсан жагсаал зохион байгуулсан хэргээр 2017 оноос хойш шоронд хоригдож байжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аюуш 2020-10-19 03:31:23
    Уйланхай царайт огцорч, шорон царайт төр барьж эхэлж байгаа юм шив дээ. Ерөнхийдөө Бакиевыг гаргаж ирсэн мафи ажлаа хүлээж авч байна
    162.158.166.48
    Мэдэгдсэн Хариулах