Доктор Т.Аззаяа: Газрын ховор элементээрээ манай улс дэлхийд өрсөлдөх боломжтой

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяатай ярилцлаа. 


Тэрбээр эх орны үнэт, ховор металл ба газрын ховор элемент агуулсан эрдэс, түүхий эдийг боловсруулах хими-технологийн чиглэлээр болон уул уурхай, арьс ширний үйлдвэрийн хаягдал усан дахь хүнцэл, хартугалга, хром гэх мэт хүнд, хортой элементүүдийг байгальд ээлтэй аргаар зайлуулж, хоргүйжүүлэх туршилт судалгаан дээр ажиллаж иржээ. Мөн  хаягдал усны биологийн боловсруулалтын үед ялгардаг хүлэмжийн хийн үүсэх, задрах механизмыг тогтвортой изотопийн аргаар судлах чиглэлээр ажилладаг юм байна.  
  
-Сүүлийн жилүүдэд газрын ховор элемент (ГХЭ)-үүдийн талаар нэлээдгүй яригдаж, олон улсын анхаарлыг ихэд татах боллоо. Тэгэхээр ГХЭ-үүд болоод тэдгээрийн хэрэглээний талаар яриагаа эхэлье?

- ГХЭ-үүдэд лантанойдын бүлгийн лантан (La), церий (Ce) тэргүүтэй 15 элемент, тэдгээртэй химийн шинж чанараараа төстэй иттри, зарим тохиолдолд скандий багтдаг  ГХЭ-үүдийг хөнгөн ба хүнд гэсэн хоёр дэд бүлэгт хуваадаг. Ховор элементүүд гэж нэрлэгддэг ч байгаль дээр тийм ч ховор биш тохиолддог.  ГХЭ-үүд байгальд цэвэр металл хэлбэрээр оршдоггүй ба силикат, оксид, карбонат, фосфат, галид зэрэг янз бүрийн эрдсүүдэд агуулагдана.Судлаачид ГХЭ агуулсан 250 гаруй эрдэс байдаг гэж тогтоосон. Хэрэглээний хувьд авч үзвэл, ерөнхийдөө тэдгээрийн хими, каталитик, цахилгаан, соронзон болон оптик шинж чанараас хамааран хэрэглээний хүрээ нь хурдацтай өргөжин тэлж байгаа. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлага болсон гар утас, компьютерийн санах ой, дахин цэнэглэдэг зай болон DVD, хүчтэй тогтмол соронзон, шинэ энергийн технологи, өвөрмөц хайлш зэрэг ухаалаг үйлдвэрлэл болоод өндөр технологид ашиглаад байна. Жишээлбэл, 20-хон жилийн өмнө цөөн тооны хүмүүс гар утас ашигладаг байсан бол өнөөдрийн байдлаар дэлхийн 5 тэрбум хүн гар утас ашиглаж байна. Мөн компьютерийн хэрэглээ ч жилээс жилд өсөөд байгаа. Түүнээс гадна цахилгаан болон гибрид-цахилгаан хөдөлгүүрт автомашинууд олноор үйлдвэрлэгдэж байна. Бидний сайн мэдэх Приус машины батарейг үйлдвэрлэхэд нэлээдгүй хэмжээний лантаныг хэрэглэх жишээтэй. Технологи хөгжихийн хэрээр түүхий эдийн хэрэглээ өсөөд байна л гэсэн үг.  

-Тэгэхээр энэ их эрэлт хэрэгцээний гол түүхий эд болсон ГХЭ-ийн дэлхийн нийтийн болон манай орны батлагдсан нөөцийн хэмжээ хэр байдаг бол?

ГХЭ-ын Геологийн судалгааны албаныхан 2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонны ГХЭ-ийн нөөц байна гэж тогтоосон байдаг. Үүний 48.5 сая тонн нь БНХАУ-д, үлдсэн нь Бразил, Австрали, Вьетнам, Орос, АНУ гэх мэт дэлхийн бусад 30 орчим улс орнуудад ноогдож байна гэж тодорхойлсон. Тодруулбал Хятадын Баян-Овоогийн Газрын ховор элемент-Ниобий-Төмрийн ордод дэлхийн ГХЭ-ийн нийт нөөцийн 40% гаруй нь орших бөгөөд энэ ордын хүдэрт агуулагдах ГХЭ-ийн дундаж агуулга нь 6% орчим гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдэй гэх мэт ГХЭ-ийн нөөц нь тогтоогдсон ордууд, 80 гаруй илэрцүүд илэрсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээгээр манай улс 3 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж үздэг. Энэ нь нөөцийн хувьд манайх харьцангуй их, дэлхийд өрсөлдөх боломжтойг илтгэж байгаа юм.

-Дэлхийн улс орнууд хэзээнээс эхлэн ГХЭ-ийн ордуудыг ашиглаж, үйлдвэрлэл эрхлэн худалдаалах болов?

-Ерөнхийдөө ГХЭ-ийн судалгаа, олборлолт, боловсруулалт, ашиглалт бол 30-40 жилийн өмнөөс эрчимжсэн л дээ. 1965 оноос өмнө ГХЭ-ийн хэрэглээ маш бага байсан бөгөөд тэр үед Энэтхэг, Бразил, ӨАБНУ зэрэг улсууд дэлхийн ГХЭ-ийн хэрэглээг хангаж байсан. Ингээд 1960-аад оны сүүл үеэс дэлхий дахинаа өнгөт телевизорын үйлдвэрлэл эхлэхтэй холбогдуулан түүний гол түүхий эд болсон европий(Eu)-г АНУ-ын Маунтэйн Пасс ордын бастнезитын хүдрээс олборлож эхэлсэн юм. Энэ нь Маунтэйн Пассыг 1990-ээд он хүртэл дэлхийн хамгийн том ГХЭ үйлдвэрлэгч орд болоход томоохон түлхэц болсон гэж үздэг. Харин манай урд хөрш БНХАУ-ын хувьд 1990-ээд оны эхэн үеэс дэлхийн ГХЭ-ийн олборлолт, үйлдвэрлэлд хүч түрэн орж ирсэн. Тэд Баян-Овоогийн ордыг ашигласнаар Маунтэйн Пассын ГХЭ-ийн зах зээлийн үнээс хамаагүй бага үнэтэй ГХЭ-ийг дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлсэн. Үүнээс гадна эдийн засгийн чухал ач холбогдолтой хүнд ГХЭ-ээр баяжсан ион шингээсэн шаврын өөр бусад ордуудыг олборлосон 20 жил нь дэлхийн хүнд ГХЭ-ийн үйлдвэрлэлд Хятадын монополь эрх тогтох үндэс болсон. 2010 оны эхэн үе гэхэд Хятадуудын ГХЭ үйлдвэрлэл оргил үедээ хүрч, дэлхийн нийтийн хэрэглээний 95%-ийг хангаж байв.

-Электроникийн эрин болох өнөө үед БНХАУ дэлхий нийтийн хэрэглээг цаашид хэр хангах бол. Мэдээж байгалийн шавхагдашгүй баялаг бол биш, нөөц хэзээ нэгэн цагт хомсдох л байх. Тэгэхээр дэлхийн улс орнуудад асуудал тулгарна?

-Тэр мэдээж. Байгалийн баялгийн нөөц, байгаль орчноо хамгаалах, дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлоготой холбогдуулан 2014 оноос БНХАУ экспортонд гаргаж буй ГХЭ-ийнхээ хэмжээг 50 орчим хувиар бууруулах шийдвэр гаргасан. Энэ нь өндөр хөгжилтэй дэлхийн бусад улс орнуудад хүнд байдал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл өндөр технологийн түүхий эд тасалдахад хүргэсэн юм. Иим учраас дэлхийн улс орнууд ГХЭ-ийн олон шинэ ордыг нээн ашиглах шаардлагатай болсон. Жишээлбэл, барууны орнууд өмнө нь ашиггүй гээд хаасан ордуудаа эргээд нээж байна. Үүнд Австрали, Америк ч хамаарна. Мөн Япон улс далайн түвшнээс 3500-6000 метрийн гүнд, Номхон далайн ёроолд шинэ ордыг хайгуулаар илрүүлсэн ба уг орд нь ойролцоогоор 80-100 тэрбум тонны нөөцтэй гэж мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд ОХУ, Вьетнам, Бразил зэрэг улсуудад томоохон хэмжээний нөөц байна гэсэн судалгаа гаргаад байгаа.

Шинэ ордуудыг нээн илрүүлэхийн зэрэгцээ өөр бусад тулгамдсан асуудлууд бий болсон. ГХЭ үйлдвэрлэгчдийн өмнө техник технологийн мэдлэг чадвар, туршлагын хязгаарлагдмал байдал, ГХЭ-үүдийг ялгаж авах үед дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр цацраг идэвхит хаягдал үүсэхтэй холбогдсон асуудал, ГХЭ-ийн шинэ үйлдвэр байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалтын асуудал, зах зээлийн ашигтай үнийг урьдчилан тааварлах боломжгүй байдал зэрэг юм.

-Манай оронд хэд хэдэн ГХЭ-ийн ордууд байна. Тэдгээр ордуудад ямар төрлийн ГХЭ-үүд агуулагддаг вэ. Манайд хийгдсэн судалгааны ажлуудын талаар тойм мэдээлэл  өгөөч?

-Говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын ордуудад хөнгөн ГХЭ-үүд давамгайлдаг бол Ховд аймгийн Халзан бүргэдэйн ордод хүнд ГХЭ давамгайлдаг. ГХЭ-ийн бие даасан гол эрдсүүдэд карбонатитын төрлийн бастнезит, фосфатын төрлийн монацит, ксенотим ордог. Гэхдээ манай ордуудад ГХЭ-үүд нь бие даасан эдгээр эрдсийн байдалтай байдаггүй. Өөр бусад эрдэст дагалдах байдлаар оршдог. Ордуудын нөөц болоод эрдэс чулуулгийн шинж чанарын талаарх геологийн судалгаанууд нэлээд бий. Химийн судалгааны хувьд тодруулахад Лугийн голын синхизитийн исэлдсэн хүдэр, баяжмалыг боловсруулах урьдчилсан судалгааны ажлууд болон Мушгиа худаг, Халзан бүргэдэй ордуудын ГХЭ агуулсан хүдрийн хими, физикийн шинж чанарыг тогтоосон судалгааны ажлуудыг манай хүрээлэнгийн Органик бус химийн лабораторийн ахмад эрдэмтэн доктор (Ph.D), профессор Г.Бурмаа өөрийн шавь  Б.Мөнхцэцэгийн хамт, мөн А.Хаумдас, Б.Алтансүх тэргүүтэй судлаачид өмнө нь хийсэн байдаг. Харин Хотгорын хувьд манай судалгааны багийнхан тус ордын хүдрийн баяжуулалтын болон химийн боловсруулалтын судалгааг бие даан анхлан явуулсан. Хотгорын хүдэрт агуулагддаг үйлдвэрийн ач холбогдолтой ГХЭ-үүд бол лантан, церий, прозедиум, неодиум, европий зэрэг церийн бүлгийн хөнгөн элементүүд бөгөөд эдгээр нь хүдрийн гол эрдэс апатитад дагалдах хэлбэрээр оршдог. Мөн дайвар ашигт малтмал болох фосфор (P) их хэмжээтэй байдаг. Энэ нь мөн л апатиттай салшгүй холбоотой гэж үздэг.




2017 оноос манай хүрээлэн ӨМӨЗО-ны Металлургийн судалгааны хүрээлэнтэй эрдэс түүхий эдийг баяжуулж, боловсруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэрхүү төслийн хүрээнд бид Хотгор ордыг сонгон Хятадын тал хүдрийн баяжуулалтыг, харин манай тал баяжмалын химийн боловсруулалтыг судлахаар тогтсон. Хүлээсэн үүргийн дагуу Хятадууд хүдрийг баяжуулж, гарсан баяжмалыг бидэнд ирүүлсэн бөгөөд доктор, профессор Г.Бурмаа тэргүүтэй манай судалгааны багийнхан баяжмалыг гидрометаллургийн аргаар боловсруулж, 90%-иас дээш агууламжтай ГХЭ-ийн нийлбэр оксид гарган авах технологийн цуврал туршилтуудыг хийсэн. Хамтрагчид маань эрдэс хүдрийн баяжуулалтын чиглэлээр чамгүй олон жил ажиллаж байгаа, олон тооны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн өндөр туршлагатай судлаачид гэдгийг онцлох нь зүйтэй байх. 2019 оноос Монголын БСШУСЯ (хуучин нэрээр), Хятадын ШУТЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай хүрээлэнгээс миний бие болон баяжуулагч мэргэжилтэй 1 эрдэм шинжилгээний ажилтан бид 2 хамтрагч Металлургийн судалгааны хүрээлэнд жилийн хугацаатай ажиллаж байна. Тэдний баяжуулалтын лабораторийн баазыг түшиглэн Хотгорын ордын хүдрийг баяжуулах туршилт судалгааг хүдрийн бүрэлдэхүүний өвөрмөц шинж чанар, баяжуулах материал дахь хүдрийн бус эрдсүүдийн төрөл, агуулгаас хамааруулан баяжуулах технологи боловсруулж, бие даан явуулсны эцэст хөвүүлэн баяжуулах аргаар баяжуулах үндсэн параметрүүдийг тогтоон 12% хүртэлх агуулгатай баяжмал гаргаж авсан. Энэ нь хэдийгээр бага агуулгатай мэт сонсогдож байгаа боловч Хотгор ордын хувьд баяжигдаж болох хамгийн дээд утгадаа хүрсэн гэсэн үг. Учир нь Хотгор ордын хүдэр шинж чанараасаа шалтгаалж маш хүнд баяжигддаг, хүдэр дэх ГХЭ харьцангүй бага буюу 2.1%-иар агуулагддаг. Олон жилийн туршлагатай гэгдэх хамтрагч судлаачид маань ч хөвүүлэн баяжуулах аргаар 11% орчим агуулгатай баяжмал гаргасан байдаг. Өөрсдийн баяжуулан гарган авсан баяжмал дээр бид ажиллаж, баяжмал дахь ГХЭ-ийн нийлбэр ислээс гадна фосфорын хүчил болоод бордоо үйлдвэрлэлийн гол түүхий эд болох фосфорыг натрийн гидроксид (NaOH)-оор уусган ялгаж авах технологийн тохиромжтой горимуудыг тогтоосон. Үүний дүнд 90%-иас дээш агуулгатай ГХЭ-ийн нийлбэр оксидыг гаргахын зэрэгцээ фосфорыг 99%-тайгаар ялган авсан.

-ГХЭ-ийн нийлбэр ислийн талаар дахин тодруулъя. Нөгөө ГХЭ-үүд маань гэж ойлгож болох уу?

ГХЭ-ийн нийлбэр исэл нь өмнө дурьдсан 17 элемент тус бүрийн ислүүдийг агуулсан нийлмэл бүтээгдэхүүн юм. Үүнийг түүхий эд хэлбэрээр нь зах зээлд нийлүүлж, зарж болно, аль эсвэл 17 элементээ ялгаж авах технологийн туршилтын дээжээр ашиглаж болно гэсэн үг. Элемент тус бүрийн ислийг ялгаж авахад мэдээж дахиад өөр төрлийн технологи шаардагдана, судалгааг явуулах шаардлагатай болно. Бидний хэтийн зорилго бол гарган авсан нийлбэр ислээсээ элемент тус бүрийг ялгах ажил байгаа.

-Манай улс Хотгор, Мушгиа худаг гэх мэт ГХЭ-ийн ордуудаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал яригдаж эхлээд байгаа. Ордуудаа ашиглах нь зөв үү? Ер нь энэ салбарын хөгжлийг хэрхэн харж байна?

ГХЭ-ийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь үнэндээ алт, зэс, төмөр, нүүрс гэх мэт бусад ашигт малтмалын ордыг ашиглахтай адил биш бөгөөд шийдвэрлэх шаардлагатай хүндрэл бэрхшээлүүд нэлээдгүй гарна. Байгаль орчны асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ бэрхшээлтэй гэж яриад л байвал энэ салбар хэзээ ч хөгжихгүй. “Төр”-“хувийн хэвшил”-“судалгааны хүрээлэн” гэсэн 3 талт хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх замаар энэ салбарын асуудлыг шийдвэрлэж, хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Судлаачид бид хүдрээ баяжуулж, баяжмалаа боловсруулах технологио гаргаж байна. Судлаачид нь ажлаа хийгээд эхэлсэн гэсэн үг. Одоо харин төр засаг нь энэ салбарыг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэдэг дээр онцгой анхаарч төрөөс газрын ховор элементийн салбарт тусгайлан баримтлах бодлогоо нарийн тодорхойлж, хувийн хэвшилтэй, судлаачидтайгаа хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй болж байгаа юм. Уг нь ч төрийн эрх баригч МАН 2020 оны мөрийн хөтөлбөрийнхөө 2.1-ийн “Хөгжилд хөтлөх мега төслүүд” хэсэгт “Өндөр технологийн үндсэн түүхий эд  болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулна” гэж заасан байсан л даа.  Зөв менежменттэйгээр ордуудаа ашиглавал мэдээж түүнийг дагаад манайд нарийн мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй болно, техник технологи сайжирна, үйлдвэрлэл өргөжинө, эдийн засгийн хувьд ч бие даасан улс болоход түлхэц болно гээд сайн талууд бишгүйдээ бий. Ордын ашиглалтыг дан ганц баяжмал буюу түүхий эд үйлдвэрлэж, экспортлохоор хязгаарлаж болохгүй л дээ. Бид өөрсдөө химийн аж үйлдвэрээ хөгжүүлж, баяжмалаас дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц, цэвэршилт өндөртэй ГХЭ-ийн нийлбэр оксидыг үйлдвэрлэх зорилттой байх хэрэгтэй.

-Дэлхийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа ГХЭ-ийн нийлбэр оксидын үнэ өртөг хэр байдаг вэ?

-Үнийн хувьд харилцан адилгүй. Яагаад гэвэл нийлбэр оксидод агуулагдах элементүүдийнхээ агууламжаас хамаарна. Хөнгөн ГХЭ-үүдээс хүнд ГХЭ-үүд нь илүү өндөр үнэтэй зарагддаг. Тэгэхээр тухайн нийлбэр оксидод ямар ГХЭ илүү байна вэ гэдгээс шалтгаалж үнэ тогтоогддог. Жишээлбэл хүнд ГХЭ-үүдийн нэг болох 99.99%-ийн цэвэршил бүхий тербийн оксидын хувьд 2018 оны эцэс гэхэд 1 кг нь 510 ам.долларт хүрч байсан. Манай говийн бүсийн ордуудын хувьд хөнгөн ГХЭ-үүд давамгайлдаг, тэр чинээгээрээ гарган авсан нийлбэр оксидод хөнгөн ГХЭ-үүд илүү агуулагдах боломжтой. Тэгэхээр үнэ нь харьцангуй бага байна, гэхдээ баяжмал зарснаас илүү үнэтэй, ашигтай байх нь тодорхой.

-Дэлхий дахин сүүлийн үед Монголын ГХЭ-ийн нөөц болоод энэ салбарыг ихээхэн сонирхож байгаа нь нууц биш. Тэгэхээр энэ тал дээр таны бодол?

-Байгаа нөөц дээрээ тулгуурлан энэ салбарыг хөгжүүлэх тал дээр зөв бодлого бариад өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажиллахад буруу юу байхав. Манай улс алт, зэс, нүүрс, жонш зэргийг олборлох баяжуулах технологийг тодорхой түвшинд эзэмшсэн. Харин ГХЭ-ийн хувьд манайд туршлага байхгүй, бүгдийг эхнээс нь хийнэ. Судалгааны ажлаас авахуулаад үйлдвэрлэлийн түвшинд хүртэл гадныхантай хамтарч ажилласнаар туршлага солилцоно, тохирох технологио сонгоно, салбарын хөгжлийн гол цөм болсон хүний нөөц бэлтгэгдэнэ гэх мэтчилэн эерэг талууд гарах нь дамжиггүй.
                                                                                                                                                                                      Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: ШУА
Д.Цогзолмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-10-27 19:32:30
    Haltar hultar gynjin zyychnee, tegeed hybia hicheesen iim dotorgyi eumnyydaas bolj yls asar iheer hohirson. Bailaa geed bugdiig ni hylgailaad dyysch baigaa
    172.68.174.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Чадах уу  2020-10-26 14:51:04
    Худлаа мэдэмхийрэгчид
    162.158.166.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Хятад зогсоосон гхе-г Монгол ашиглах есг 2020-10-26 02:54:18
    Газрын ховор метал олборлох нь маш их шорооноос хэдэн гр гардаг, хенеел хор ихтэй. Газрын ховор метал олборлох нь газар нутагтаа аюултай гээд Хятад зогсоосон!
    162.158.119.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Ha ha 2020-10-25 10:41:18
    Nadaas busad ni MONGOL d bugd doctor,toriin shagnalt humuus eh orond hiisen ym alga!ene hunii beeliig neg udaagiinaar solij ogooch!
    173.245.52.204
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-25 10:32:48
    Бас л хамаг юмаа зарах худалдах биеээ худалдах амьтан байвал алаад зарчих,өвс байвал зулгаагаад зарчих,алт байвал ухаад зарчих МОНГОЛчуудын гуйлгачин сэтгэлгээ....
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ДОКТОР, 2020-10-25 06:09:50
    Бас л нутагаа усаа ухуулах юм хайж хийхээ одоохондоо болимоор юм ил байгаа НҮҮРС,,АЛТ хоёроо ч өөрстөө ашиглаж чадахгүй гадныханд өгч,Улс төрчид хахууль авдаг...
    162.158.165.137
    Мэдэгдсэн Хариулах
  • PPE 2020-10-24 19:25:05
    Azzaya doctroo naad laborantiinkhaa xalaadiig solij og. Garaa tylbel yana, ynexeer meregjliin bus xaragdaj baina
    162.158.146.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-10-24 10:10:32
    Noots b.gaad yah ym,avilgalchid,hulgaich toriinhon hulgaildag. Buh uurhaig haa,license g huraa!
    162.158.62.80
    Мэдэгдсэн Хариулах