''Буянт-Ухаа II''-ын луйвар-2

“Буянт-Ухаа II” хороололд үүссэн асуудлын мөрөөр хийсэн сурвалжлага, нийтлэлийг манай сонин 2020.10.23 № 205 (6430) дугаарт хүргэсэн билээ. Түүний үргэлжлэл болгож иргэдийн амьдралд тулгарч буй асуудал, Орон сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны байр суурийг хүргэж байна.

Түрээсийн сууцанд амьдардаг  иргэн “Би осолд орж гэмтсэн  болохоор эрүүл мэндийн олон асуудалтай. Гэтэл оруулсан түрээсийн байр нь яг над шиг хөгжлийн бэрхшээлтэй. Палконы хаалга хүртэл бүрэн нээгдэхгүй,  хажуугаараа хөндөлсөж байж гардаг. Шалан дээр өчүүхэн ус дусахад л дээшээ пөмбийнө. Ханын өндөр хүртэл дутуу байна  лээ” хэмээн ярьсан. Бас нэг иргэн хэлэхдээ “Сал­хив­чаа нээх гэхээр бүтэн он­гойхгүй. Хамгийн жижигхэн салхивч нь л  онгойдог.

Банн нь шаардлага хангахгүй  байснаас  нэлээд хэдэн айлынхыг сольсон, заримыг нь солиогүй. Шаардлага тавиад яваад байж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд  одоо болтол өнцөг булан нь хагарсан ваннтай байгаа. Тоолуур нь шаардлага хангахгүй учир сольсон. Солиход бас бөөн асуудал үүсч байсан. Мэргэжлийн хяналт, стандарт хэмжил зүйн төвийн лабораториор баталгаажуулах гээд үзэхэд “Үйлдвэрийн дефекттэй”  гэж буцаасан  тоолуурыг “Дэд бүтэц инженеринг”  гэдэг компани өөрийн лабораториор баталгаажуулж  тавь гэдэг” хэмээн хэлж байна. Иймд иргэд “Дэд бүтэц инженеринг” компанийг  хайсан ч олоогүй гэнэ. Төсөв, тендер авахдаа уургын морь шиг,  хариуцлага яригдахаар газрын гаваар орсон мэт алга болдог ийм компанид дараагийн удаа  итгэл үзүүлдэггүй байвал ийм явдал дахиж гарахгүй байхсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, бага орлоготой иргэд “Түрээсийн байранд сонгогдоод орчихлоо” хэмээн магнай хагартал баярласан. Харин одоо бол голдоо ортол гомдож сууна.  Стандарт хангахгүй барилгын зураг төслийг баталсан Барилгын хөгжлийн төв, зөрчилтэй  орон сууцны хорооллыг ашиглалтад хүлээж авсан Улсын комисс, түүнийг нь зорилтот бүлгийнхэнд  зориулан хөтөлбөр хэрэгжүүлсэн Засгийн газар, ТОСК-ийнхан зорилтот бүлгийнхнээр тохуурхсанд гол учир байгаа юм. Осолд орж эрүүл мэндээрээ хохирсон иргэн  “Төр минь энэрч түрээсийн байранд орууллаа” гээд баярлаж явсан. Өнөөдөр “Төрийн маань оруулсан байр яг над шиг хөгжлийн бэрхшээлтэй юм” гээд уйлж сууна шүү дээ.

Тэрээр цааш хэлэхдээ “Хамгийн гомдмоор нь анх оруулахдаа байрны м/кв-ын үнийг 1.280.000 төгрөг гэж гэрээ хийсэн. Гэтэл гурван жил гаруйн  дараа гэнэт эхний гэрээгээ хурааж аваад м.кв-ын үнэ  1.350.000 төгрөг гэсэн шинэ гэрээ өгсөн. “1.280.000 төгрөг гэж гэрээндээ заасан чинь  яасан бэ” гэхэд “Манай программистын гаргасан алдаа. Тэрнээс болж та нарын гар дээр  1.280.000 гэсэн үнэлгээтэй бичиг оччихсон юм”  гэдэг. 1000 гаруй хүнтэй гэрээ хийж оруулчихаад 3-4 жилийн дараа  “Програмисстын алдаа”  гэж ярьдаг байж таарахгүй” гэсэн юм. 

Иргэдийн  мэдээлэлд тулгуурлан бид “Буянт-Ухаа II” хорооллын оршин суугч, Орон сууц түрээслэгч иргэдийн эрх ашгийг хамгаалах  “Буянт”  холбоо”-ны дэд дарга, С.Амаржаргалтай ярилцсан юм.

-“Буянт-Ухаа II” хорооллын түрээсийн гэрээ, м.кв-ын зөрүү гэх асуудал хэзээ үүссэн бэ?

-ТОСК анх 2016 онд түрээсийн гэрээ байгуулж иргэдийг байранд оруулахдаа 2021 оны тавдугаар сарын 12 хүртэл нийт 60 сар гээд  таван жилийн хугацаатай гэрээ хийсэн байдаг. Гэтэл 2017 онд хорооллын ойролцоо вагончигтой хүмүүс очоод “Гэрээгээ сунга” гэж шаардаж эхэлсэн. Гэрээгээ сунгуулахаар очтол хуучин гэрээг нь хурааж аваад нэг жилийн хугацаатай гэрээ хийж өгсөн. Хууль эрхзүйн хувьд иргэдийн эрхийг дордуулах ажлыг жил ирэх тусам хийж байна. Түрээсийн байрны метр/кв-ын үнийг Засгийн газар  анх 180 мянгаар зарласан атал 220 мянга болгосон. Дараа нь 240 болгож өсгөсөн. Гэрээндээ метр квадратын үнийг 1.280.000  төгрөгөөр  хийснээ  1.350.000 болгож өөрчилсөн. Тухайн үед жижиг метр квадрат бүхий хоёр өрөө  байрны үнэ 50 сая орчим болох нь гэж тооцож байтал  дараа жил нь гэрээндээ  53 сая болоод ороод ирсэн. Байр болгон дээр энэ  байдал давтагдсан. Эхэндээ  гайхсан. Учраа олохгүй хэсэг  явсан. Гэхдээ бид сар бүр түрээс, цахилгааны мөнгөө  төлж байсан. Өнгөрсөн оноос иргэд, оршин суугчид  эвлэлдэн нэгдэе,  эрхээ хамгаалж тэмцье гэсэн. Яагаад гэвэл, түрүүчийн айлуудыг байрнаас нь  хөөж  гаргаж эхэлсэн. Тухайн тоотод тэр айл байна уу, үгүй юу гэдгийг байнга шалгадаг. Айлын хаалгыг аваад хаячихсан тохиолдол хүртэл бий, телевизээр гарч байсныг хүмүүс мэдэх байх. Түрээсийн төлбөрөө нэг сар төлөөгүй гээд тэгж дарамталж болохгүй шүү дээ. Хүний эрхзүйн байдлыг дордуулж гэнэтийн гэмт  халдлагуудыг шүүхийн шийдвэргүйгээр хийгээд байгаа нь хүний ёс зүйд байхгүй үйлдэл. Төр төлөөлөөд ажиллаж байгаа төрийн  хэрэгжүүлэгч агентлаг ийм зэрлэг, ёс зүйн хувьд бүдүүлэг байгаа нь харамсалтай. Иргэд үүнийг бүгд хэлж, шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймээс 2019 оны тавдугаар сард “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах  холбоо”-г  байгуулсан. Нэг жилийн хугацаанд бид дотооддоо ажиглалтын байдалд судалгаа хийж, иргэдийн гарын үсгийг цуглуулж ажилласан. Энэ нь зөвхөн холбооны дотоод ажил болж явсан. Гадагш нь хэвлэл, мэдээлэл, сошиал орчинд огт цацаж байгаагүй. 2020 оны тавдугаар сараас хоёр дахь холбоог  байгуулна гэж хэдэн  хүн  гарч ирсэн.  Одоо бид нэгдээд ажиллаж байна.

-Ямар шаардлагуудыг холбогдох байгууллагуудад тавьсан бэ?

-Хамгийн гол нь төр иргэдийнхээ  эрхзүйн байдлыг дордуулж болохгүй. Анх м.кв-ын үнийг 220 мянга гэж таван жилээр  гэрээ байгуулсан бол тэр нь хөдлөшгүй байх ёстой. Байрны үнийг м.кв нь 1.280.000 гэсэн бол тэр хэвээрээ байх ёстой. Энэ зүгээр нэг зүйл биш, асар том гэмт хэрэг гэж бид үзэж байгаа.

-Эрхээ хамгаалуулж, шийдэл олж чадах нь уу?

-Зорилтот бүлгийн иргэд өөрсдийн төлөө явах учраа мэддэггүй юм байна. Эрхээ хамгаалах гээд явах аргачлалаа  бас мэдэхгүй юм. Дээр нь тэр талын  чадвар нь ч сул байдаг юм байна.  Ийм хүмүүстэй тулж ажиллаж байгаа бидний хувьд маш хүнд байна. Тулгарсан, тулгамдсан  асуудал ч их бий. Тэр болгоныг энд  ярихад  хэцүү. Магадгүй төрийн агентлагийн нэр төр, эрхэд халдсан мэт болчих гээд, учир зүйгээ олох гээд байгаа атал учраа ололцохгүй болчих гээд ч байх шиг. Хамгийн сүүлд л гэхэд бид ШӨХТГ-т хандсан. Дарга нь солигдоод шинэ хүн болсон байсан. Бидний өөдөөс “Та нар заавал тэр байрыг өмчилж авах ёстой юм уу. Өмчилж авч чадахгүй  байгаа юм бол дараагийн авах хүн нь 3-4 мянгаараа байна” гэж загнасан. Нөгөө зорилтот бүлгийг орон сууцжуулах төсөл гээчийг ойлгоогүй хүн тэнд сууж байна. Өнөөдөр зорилтот бүлгийнхний  эрхийг хамгаалдаг хүмүүс, байгууллага алга. Тиймээс манай холбоо олон талаас  нь ярья, хөөцөлдье гээд ажил эхлүүлсэн.  ТОСК, орон сууц түрээсийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтраад мафижсан үйл ажиллагаа явуулж болохгүй. Ийм болчихож гэж би харж байгаа.

-Яагаад?

 -Зорилтот бүлгийнхний эрхийг хамгаалахаар ажиллаж буй холбоохон бидэнд дарамт ирдэг. Нэг өглөө 10:00 цаг өнгөрч байхад н.Уянга гэж  эмэгтэй ТОСК-аас утасдаж  “12 цагт хуралтай, та хүрээд ир” гэсэн. “Буянт-Ухаа II” хорооллоос замын түгжрэлд  явсаар 12 цаг өнгөрсөн. Гэтэл өөдөөс “Цайны цаг болчихлоо” гэсэн. Ингээд доор хүлээгээд сууж байхад ТОСК-ийн дотоод асуудал эрхэлсэн хэлтсийн дарга н.Батзаяа гэх эмэгтэй шатан дээр зогсоод  бүтэн хоёр цаг ярьсан. Тэр хооронд сууц эзэмшигчдийн холбооны дөрвөн хүнийг тэр хуралдаа дуудаж оруулчихаад намайг  оруулаагүй байдаг. Тэр хуралд БХБЯ-ны хоёр хүн, ТОСК-ийн дарга, санхүүгийн албаны хүмүүс хуралдаад дуудаж оруулсан дөрвөн хүнийг ч бус өөр нэг хүнийг босгож “Иргэд  буруу юм хийж байгаа. ТОСК-ийн хэрэгжүүлж байгаа ажлууд болж бүтэж байна” гэх үг хэлүүлсэн байдаг. Дараа нь н.Батзаяа гэдэг дарга нь биднийг дуудаж оруулаад огт үг сонсохгүй  загнаж зандарсан. Төрийн агентлагийн хэлтсийн дарга хүн тийм байдалд хүнтэй ярина гэдэг иргэн хүнийг дорд үзсэн бүдүүлэг, ёс зүйгүй хэрэг. Тэр хүмүүс суралцах зүйл, боловсрох асуудал дутмаг байна. Огт суралцаагүй, ёс зүйн чадамжгүй хүмүүс тэнд ажилладаг  нь харамсалтай. Тухайлбал, орон сууц түрээслэгч иргэдийн дотооддоо харилцдаг нээлттэй  групп чат гэж бий. Түүн рүү  н.Батзаяа гэдэг  тэр дарга ордог бололтой, нэг амралтын өдөр над руу утасдаж   “Та байгууллагын нэр хүндэд халдаж, иргэдийг турхирлаа” гэсэн. “Би групп чат руу ороогүй, турхирсан зүйл үгүй. Тийм ёс зүйгүй хүн биш. Ар гэрийн гачигдал гараад Баянчандманьд явж байна. Харин бид холбогдох газруудад бичиг баримтаа өгөөд явж байгаа. Түрээсээ хугацаанд нь төлөөд явж бай гэдгийг л иргэдэд хэлсэн” гэхэд  маргааш нь дахиж залгаад “Таныг Зөрчлийн хуулийн дагуу өгнө” гэсэн. Би өөдөөс нь “Та өрөө групп чатууд шалгаад сууж байдаг, ямар гээч ажил, албан тушаалтай хүн бэ, би ойлгохгүй байна” гэсэн.

Ер нь бол ТОСК гэдэг энэ байгууллага иргэн бидний эрхийг олон удаа зөрчсөн. Бидний төлж байгаа түрээсийн мөнгийг Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа. Бид долоон хувийн хүүтэй зээл ам.доллараар авсан шүү дээ  гэж тайлбарладаг. Тэгвэл тэнд ам.долларын зээл авах байтугай ам.доллар барьж үзээгүй иргэд амьдарч байгаа шүү дээ. Төр засаг хэрэв алдаатай юм уу, алдагдалтай  байгаа бол  өөрөө зохицуулалт хийж   арга хэмжээ авах ёстой. Дээр нь  төр, засгаас тушаал шийдвэр гаргасан байхад доор байгаа хэрэгжүүлэгч байгууллага нь  нугалаа гаргаж болохгүй.

-Төр анхааралдаа авах ёстой өөр ямар асуудал тэнд байна?

-Ер нь бол  1820 айлын орон сууц барьчихаад 560 айлыг нь үлдээгээд бусдыг нь зарчихсан байдаг юм билээ. Ийм байхад яагаад тэр зээл төлөгдөөгүйг бид  гайхаж байна. Яагаад ахин дахин үнийг нэмж, иргэдэд хүчээр тулгаад байгааг ойлгохгүй юм. Сард 4-5 сая төгрөгийн орлоготой хүн л худалдаж авч болохоор нөхцлийг бидэнд тулгаж байгаа учир зорилтот бүлгийн иргэд бухимдаж байна.

Буянт-Ухаа хорооллын байрнуудын   дугаарлалтыг хөөгөөд үзвэл  1001-1032 /энэ дотроо 23, 24 гэсэн тоотой байр байхгүй/ гэсэн дугаартай  нийт 30 байр байна. Хороолол дотроо ахуйн үйлчилгээ нэг ч алга. Орон сууцны  нэг давхарт  үйлчилгээ явуулахын тулд  худалдаж авсан эсвэл түрээслэсэн  хэн нэг хүнээс давхар түрээслэж хэрэглэдэг гэсэн. Бусад дэлгүүр, үйлчилгээний газрууд нь  ТОСК-ийнхны  ах дүү садан,   хамаарал бүхий  хүмүүс  авсан гэдгийг иргэд, оршин суугчид  хэлж байна.  ТОСК-ийн ажилтнууд ч  тус хороололд цөөнгүй амьдардаг гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2021-08-17 04:06:29
    Стандарт зөрчигдсөн байраа Зорилтот бүлгийнхэндээ шууд шахаж байна, нарийн учрыг нь олохгүй байж бүдүүлэг үг хэллэг бичээд сууж байдаг таарчдээ. Маш их асуудал...
  • shaa 2020-10-28 01:18:49
    shaan biz lalaruuud bair zvgeerr awchih sanaaatai haalga tsonh bann ch geh shig durgui bol garaaachdeeee lalruuud
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2020-10-28 04:57:14
      Энд бичсэнийг ТОСК-ийн хандлага гэж ойлгож болох уу?
      162.158.118.69
      Мэдэгдсэн Хариулах
      • Зочин  2021-08-17 04:07:20
        Энэ бичсэн асуудал Түрээслэгчдийн үг байна.