Рейдэрийн гэмт хэрэг ба Монгол улс

Эрүүл мэндийн аюул занал – Ковид 19

Эдийн засгийн аюул занал - Рейдерство

Зах зээлийн харилцаанд хожуу шилжсэн орнууд, ялангуяа Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад учирч буй Ковид-19 вирусийн цар тахлаас дутахааргүй нэг хүнд сорилт бол рейдэрийн гэмт хэрэг юм. Англиар raid, raider, raiding; оросоор рейдерство, налет, набег, рейдерский захват; монголоор довтлох, бусдын өмч хөрөнгийг тонох, булаах, цөлмөх; довтлогч, тонуулчин гэх мэт өмчийн эсрэг эрүүгийн хүнд гэмт хэргийг зүйлчлэхэд хэрэглэдэг байсан хууль зүйн нэр томьёо эдүгээ дахин амилжээ.

Raid гэх энэ үг хэллэг анх Англи улсад үүссэн бөгөөд далайд хөвж яваа дайсны хөлөг онгоцыг довтолж тонох, дээрэмдэх гэсэн утгаар хэрэглэгддэг цэрэг дайны нэр томьёо байсан аж. Сүүлд, АНУ-ын эх газарт дэлгэрсэн бөгөөд бусдын бизнесийг залгидаг гэмт үйлдлийг тийнхүү нэрлэх болсон түүхтэй. Гэтэл 1990-ээд онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад бусдын хууль ёсны өмч хөрөнгө, бизнес, хувьцааг өмчлөгчийнх нь хүсэл зоригийн эсрэг, хүчээр шилжүүлэн авах, цөлмөх, тонох буюу рейдэрийн гэмт хэрэг шинээр “мэндэлж”, богино хугацаанд чамгүй газар авчээ. Рэйдэрийн гэмт хэрэг нь анхандаа нэлээд бүдүүлэгдүү буюу шууд хүч хэрэглэх, айлгах, сүрдүүлэх, баримт бичиг хуурамчаар үйлдэх зэрэг байдлаар тонон дээрэмддэг ажиллагаа байсан бол удалгүй арга зам нь нарийсаж, зохион байгуулалттай болсноор нийгэмд учруулах хор хөнөөл нь эрс ихэсчээ.

Тухайн орны зарим нэг онцлог байж болох ч дараах нийтлэг арга замыг сонгодог байна. Үүнд: хувийн шунахай сэдэл, сонирхлоор холбогдсон этгээдүүд банк, санхүү, татвар, даатгал, хууль хяналтын байгууллагаас бусдын өмч хөрөнгөтэй холбоотой мэдээллийг хууль бусаар гаргуулж авч ашиглах; шүүх, хууль хяналтын байгууллагаар халхавчлан бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдлыг нь алдагдуулах, тухайлбал: зохиомол хэрэг зарга үүсгэн шалгалт, мөрдөн байцаалтаар дарамтлуулах; үйл ажиллагааг нь зогсоолгох, саатуулах; үл ялих шалтаг шалтгаанаар банкны данс, хөрөнгийг нь битүүмжлүүлэх; их хэмжээний торгууль тавиулах; бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой зөвшөөрлөөр наймаалцах болон хясаж боох; фейк ньюс түгээж олон нийтийн сэтгэлзүйг төөрөлдүүлэх; шударга бизнес эрхлэгчийн өмч, хөрөнгийг хураах, хуваах, дампууруулах, тэр ч бүү хэл хувийн эрх, эрх чөлөөг нь хязгаарласан “албан ёсны шийдвэр” гаргуулж дөнгөдөг байна.

Зарим оронд хурим найр, насны ойг далимдуулан компани “бэлэглүүлэх” арга сэдэж, ашиглаж байсан нь илэрч, хуулийн хараанд өртсөн байна. Мөн авлигад идэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийг урвуулах, төрийн байгууллагад төлөөний хүмүүсээ шургалуулах зэргээр төрийн тамга, үнэмлэхтэй болсон этгээдүүдийг гэмт хэргийнхээ оролцогч, хамжигч, олзоо хуваагч болгох явдал ч гардаг байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар олгосон онцгой эрх мэдлийг бусармаг үйл ажиллагаанд ашиглах талаар санаанд оромгүй олон янзын хувилбар, арга мэх хэрэглэх болжээ. Орчин үеийн рейдэрүүд гэмт үйлдлээ гадна талдаа аль болох хуулийн зөрчилгүй мэт харагдуулахыг чармайдаг болсон тул эрх зүйн зохицуулалтыг байнга боловсронгуй болгож байх шаардлагатай аж. Рейдэрийн гэмт хэрэг нь аливаа улсын эдийн засгийн хөгжил, дэвшлийг мухардалд оруулах онц ноцтой аюул занал учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргийн эсрэг эрс тууштай тэмцэх шаардлагатай гэж судлаач, улс төрч, хуульчид үзэх болжээ. Рэйдэрийн гэмт хэрэгт автсан улс орон уг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд юуны урьд Эрүүгийн хууль тогтоомжоо шинэчилж Рейдэрдэх гэмт хэрэг гэсэн тусгай бүлэг, зүйл заалт шинээр нэмж, мөрдүүлж эхэлсэн байна. Ингэхдээ ялын бодлогоо чангаруулж, хууль хяналтын байгууллагаа эрүүл, шударга, нээлттэй болгох талд ч их анхаарах болжээ.

Жишээ нь: Казахстан Улсад рейдэрийн гэмт хэрэг үйлдэхэд төрийн болон хууль хяналтын байгууллагад ажилладаг этгээд оролцсон бол 10 жилээр хорьж, мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хасах нэмэлт ял шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. Киргиз Улсад Дампуурлын хуулийг урвуулан хэрэглэж, ашигтай ажилладаг компаниудыг хүчээр дампууруулан булааж авах буюу залгихад нь оролцох явдал хэрээс хэтэрсэн тул сүүлдээ шүүхүүдээ татан буулгаж, шинээр эмхлэн байгуулсан. ОХУ-д 2000-аад оны эхээр жилдээ 700 мянгад хүрч байсан энэ аюулт гэмт хэргийг төрийн сүр хүчээр тас цохисны ачаар нэг хэсэгтээ эдийн засгийн өсөлт нь тогтворжиж, гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн байна. Украйн Улсын Рада /парламент/ 2019 онд рейдерийн гэмт хэрэгтэй холбоотой гомдлыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянан хэлэлцэж, шийдвэр гаргах үүрэгтэй шинэ шүүх байгуулсан. Буруу гарын хүмүүсийн үйл ажиллагааны хурд, үр дагавар нь жирийн иргэнийнхээс илүү байдаг [парадокс] тул тийнхүү богино хугацаанд шуурхай шийдвэр гаргах үүрэгтэй тусгай шүүх байгуулснаас хойш рейдэрийн гэмт хэргийн тоо огцом буурч, бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч байгаа ажээ.

Рейдэрдэх гэмт хэргийн туйлшрал төрийн түвшинд ч үйлдэгддэг байна. Энэ тохиолдолд тухайн орны шүүх, хуулийн байгууллага уг хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй болбол гадаадын болон олон улсын шүүх, арбитрын байгууллагад ханддаг байна. Сонирхуулахад, энэ оны 5 дугаар сард Гаагийн шүүх ОХУ-ын ЮКОС компанийн хуучин хувьцаа эзэмшигчдэд 57 тэрбум долларын нөхөн төлбөр төлөх тухай шийдвэр гаргасан бөгөөд зарга нь үргэлжилж байна. Рейдэрдэх гэмт хэрэг Монгол Улсад байгаа эсэхийг хэлэхэд судалгаа, нүдний шил, микроскоп одоо хэрэггүй болжээ.

Ийм учраас тэр бүгдийг эс тоочин өгүүлэх нь: Монгол Улс Ковид-19 цар тахалтай амжилттай тэмцэж, дэлхийд гайхагдаж байгаатайгаа адил Рейдэрийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэж, бүхий л үе шатанд нь нам дарах хэрэгтэй байна. Тэгж гэмээ нь бусдын гар харалгүй амьдардаг бие даасан эдийн засагтай улс шиг улс болж чадна.

Бизнес эрхлэгчид, ард иргэд эрүүл саруул, бусдад тонуулах вий гэх айдас аюулгүй орчинд л итгэлтэй, үр бүтээлтэй хөдөлмөрлөн, улс Монголоо хөгжүүлнэ. Энэ бол энгийн үнэн, бас хөгжлийн шаардлага мөн.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.ЦАГААН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-10-30 15:41:53
    darvaisan xar obgon xed naslax gej uum ix xoronhi ruu dauraad baunaa Elbegforj ta 2 udaxgyi burxany gesgeel xurtene dee yasan tsaddaggyi xar obgon ve ?
  • УГ НЬ ЗӨВ  2020-10-30 13:03:06
    ГЭХДЭЭ ҮҮНИЙГ БИЧСЭН ХҮН НЬ ЭРДЭНЭТИЙН ОВООЛГЫГ АВСАН НӨГӨӨ ЦАГААН НЬ МӨН БОЛ,ӨӨРӨӨ ТӨРИЙН ӨМЧИЙГ САНААТАЙ ҮНЭГҮЙДҮҮЛЖ,,,Рейдэрдэхээ-БОЛЬ Л ГЭЖ ХЭЛМЭЭр,БАЙНА
  • Зочин 2020-10-30 11:48:02
    Цагаан гэдэг нөхөр Эбитэй нийлж төрөөс хулгай хийсэн хөрөнгөө хураалгах гээд орох байх газраа олохгүй сандарч байх шив дээ
  • ничоЗ 2020-10-30 10:22:20
    Луйврын аргаар зарж дуусгасан өмч хувьчлалаа хэлээд байна уу?