ЗГ: Цагааннуур, Боршоо боомтуудыг 21 хоногийн хугацаатай хаалаа

 Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит бус хуралдаан зарласан. Ээлжит бус хуралдааны дараа Шадар сайд мэдээлэл хийлээ.


Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газар өнөөдөр 15:00 цагаас ээлжит бусаар хуралдаж коронавирусийн цар тахлын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол-ОХУ-ын хоорондын Цагааннуур, Боршоо хилийн боомтыг арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар түр хаалаа. Учир нь манай улстай хил залгаа орших ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, дэлхий нийтэд COVID-19 цар тахлын хоёр дахь давлагаа эрчимжиж олон оронд хөл хорио тогтоож, хил гаалиа хаан онц байдал тогтоох нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан хилийн дагуу, хил залгаа орших  бүс нутгуудын өвчлөлийн байдал хүндэрч сүүлийн өдрүүдэд улс хоорондын ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирусийн халдвар авсан тохиолдол нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нийт 30 жолоочид  коронавирус  илэрснээс  өнгөрсөн шөнө Цагааннуурын боомтоор орж ирсэн ОХУ-ын 2 иргэнээс илэрсэн. Манай баруун бүс нутаг Боршоо болон Цагааннуурын боомтоор нефтийн бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний бараа , малын тэжээл зэрэг ачаа тээвэр явж байгаа. Зорчигч тээвэр явахгүй байгаа. 


Баруун бүсээр явж байгаа ачаа тээврийн хөдөлгөөний гол бараа бол нефтийн бүтээгдэхүүн. Монгол улс өнөөдрийн байдлаар шатахууны нэг сарын нөөцтэй байгаа ямар нэгэн хүндрэл гарахгүй. Цаашлаад 21 хоногийн дараа тодорхой гаригийн хязгаарлалтаар нефтийн бүтээгдэхүүнийг оруулна. Бусад боомтууд дээр карентины бүс нээхээр болсон. Энэ нь хил дээрээс аж ахуйн нэгжүүд ачаа бараагаа очиж авах буюу тухайн хилээс дотогш жолооч нэвтрүүлэхгүй. Хамгийн их хөдөлгөөнтэй хилийн боомтууд дээр PCR шинжилгээг авч байгаа. Цагааннуурын боомт дээр 7 хоногийн өмнөөс авч эхэлсэн байгаа.Цагааннуурын боомтоор орж ирсэн коронавирусийн халдвартай 2 жолоочийг ОХУ-ын талтай ярилцаж нутаг руу нь буцаасан. 

УОК,МУЗГ-аас аль болох бизнесийн ААН-үүдээ дэмжих, иргэдэд дарамт өгөхгүй тал дээр анхааран ажиллаж байгаа. Бид нефть импортлогч АНН-үүдтэй уулзаж ярилцана. Коронавирусийн халдвар гарснаас хойш хилийн боомтуудад чанга хяналт тавин ажиллаж байгаа. Хилээр орж ирж байгаа ачаа тээврийг цагдаагийн хатуу хяналтан дор ирэхэд нь тосож аван гартал нь  дагалдан явж байгаа учир дотооддоо алдсан зүйл байхгүй. Орж ирж байгаа ажиллах хүчин хууль хүчний байгууллагын хяналтан дор гурван удаагийн шинжилгээ өгч 21 хоногийн хугацаанд тусгаарлалтанд байгаа. Инженер техникийн цөөн тооны ажилчид орж ирж ирсэн. Манай улсын хувьд нэг мөрөөр бүх шатанд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байгаагийн хүчинд цар тахлыг алдалгүй өдийг хүрсэн. Дэлхий нийтэд 44 сая хүн өвчилж, 216 оронд тархсан, 86 орон дотоод хөдөлгөөнөө хязгаарлаад байгаа. Иймд иргэд дор бүртээ маскаа тогтмол зүүж, гараа сайн угааж хяналттай байхыг хүсье.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн халдварын нөхцөл байдал сайнгүй байна.. ОХУ-ын халдварын тоо улам нэмэгдсээр байгаа учир дээрх хоёр хилийн боомтыг түр хугацаанд хаахаар  шийдвэрлэлээ.  Коронавируст халдварыг дотооддоо алдаагүй. Бид тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа. Хил залгаа бүс нутагт коронавирусийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир хяналтаа сайжруулах үүднээс  Цагааннуурын боомтыг хаасан. ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээс хойш шинжилгээний хариу гарсан учир тухайн мэдээнд дурдаагүй. 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.