Т.Санчир: Бусдын л адил сургуулийнхаа спорт танхим, байрныхаа гадаах талбайд тоглож өссөн
БНСУ-ын Инчеон хотод болсон 17 дахь удаагийн Азийн наадамд эх орноо төлөөлж оролцон шилдэг наймд үлдсэн Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчиртай ярилцлаа.
 
-Азийн наадамд амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
 
-Миний хувьд Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Эхний наадамд оролцохдоо бид аравдугаар байранд орсон. Харин энэ удаа мэдээж амжилтаа бататгаж, ахиулах зорилго тээж явсан. Тэр ч утгаараа бид маш том даалгавартай Инчеоныг зорьсон. Харин энэ амжилтаа ахиулж, шилдэг наймд орсондоо маш их баяртай байгаа.
 
-Өдөр алгасалгүй тоглолт хийж байсан энэ үед ядралт хэр байсан бэ?
 
-Эхний тав, зургаан тоглолт гайгүй байсан. Мэдээж өдөр алгасалгүй тоглосон болохоор сүүлийн хэдэн тоглолтод ядарч байсан.
 
 
-Таны хувьд будагтай талбайд орж, тэр ч утгаараа эсрэг багийнхан голдуу танд давхар хамгаалалт хийж байсан. Хувь хүн дээр ирэх ачаалал хэр байв?
 
-Манай багийн тактик угаасаа эсрэг багийнхаа будагтай талбайд орж, оноо авах байсан. Тийм ч учраас над дээр ачаалал их ирсэн. Нөгөөтэйгүүр таны хэлдгээр эсрэг багийнхны хамгаалалт их ширүүн байсан болохоор ганц би ч гэлтгүй манай багийнхан бүгд өндөр ачаалалтай тоглосон.
 
-Гэсэн хэдий ч Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд оноо авалтаар тэргүүлж, энд авдаг оноогоо БНСУ-д ч авч чадлаа. Монголын Үндэсний супер лигийн тоглолт Азийн наадмын тоглолтуудын хооронд ямар ялгаа байна вэ?
 
-Энд авдаг оноогоо авах боломжтой байсан. Ялгаа гэвэл Азийн багууд маш өндөр хамгаалалттай болохоор тэр бүр санаснаараа тоглоход хэцүү. Их хүчин зүтгэл гаргаж байж энэ хэмжээний тоглолт үзүүллээ.
 
-Бэлтгэл хэр хангагдсан бэ. Та хэдийг ажлаа тарчихаад орой нь бэлтгэлээ хийж байсан гэж сонссон?
 
-Бэлтгэл сургуулилт дажгүй хангагдсан. Бэлтгэлийн байрны асуудлыг холбоо бүхэлд нь хариуцаж, хангасан. Бид ажлынхаа зав зайгаар өдөрт нэг, хоёр удаа бэлтгэлээ хийж байсан. Багийн спорт гэдэг хамтарсан бэлтгэл сургуулилтыг хамтдаа жилийн турш байнга хийж байх ёстой. Ингэж байж цаашид өндөр амжилт үзүүлнэ.
 
-Кувейт улсын шигшээтэй хийсэн тоглолтод их харамсалтай хожигдсон. Тэр тоглолтын дараа таныг «Болдог бол тэр шүүгчийг хараамаар байсан» гэсэн гарчигтай мэдээ
уншсан...
 
-Тэр тоглолт эхнээсээ оноо их ойролцоо явсан. Харин шүүгчийн ганц нэг алдаанаас болж манай баг харамсалтайгаар хожигдсон. Монголчууд маань бид хэдээс илүүтэйгээр тэр шүүгчид дургүйцлээ илэрхийлсэн байх гэж бодож байна. Харин миний хувьд «Шүүгчийг хараамаар санагдсан гэж хэлээгүй» гэдгээ хэлэх байна.
 
-Үзэгчийн нүдээр харахад тоглолтын цаг дууссаны дараа алдаа өгөөд, торгуулийн шидэлт хийлгэчихсэн гэж ойлгоод байгаа. Ер нь тийм дүрэм, журам байдаг юм уу?
 
-Бичлэг ухрааж үзэж болохгүй гэсэн дүрэмтэй болохоор шүүгчийн үзэмжийн асуудал болсон гэж бодож байна.
 
-Ирантай хийсэн тоглолтод таныг оролцуулаагүй. Ядралтаас болсон уу эсвэл багийн тактик, дасгалжуулагчийн шийдвэр байв уу?
 
-Багийн тактик байсан. Манай дасгалжуулагч 12 тоглогчдоо жигд ачаалал өгөх үүднээс тийм шийд гаргасан.
 
-Азийн наадмын тоглолтоос хойш таньд гадны багуудаас санал ирсэн. Гэхдээ таныг татгалзаад, эх орондоо тоглох шийд гаргасан гэх зэрэг яриа байгаа.
 
-Одоохондоо яг албан ёсны санал бол байхгүй. Гэхдээ бас татгалзсан ч зүйл алга.
 
-Азийн шилдэг гуравт нэрлэгдлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
 
-Би ойлгохдоо Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд бэлгэдлийн гурван тоглогч гэж шалгаруулсан гэж бодож байгаа. Түүнийг статистик харж, шалга­руулсан гэж бодож байна.
 
-Багадаа бусдын адил гадаа шийдэн дээр тоглож өсөв үү. Эсвэл багаасаа секц дугуйланд хамрагдсан уу?
 
-Тэгэлгүй яахав. Бусдын л адил сургуулийнхаа спорт танхим, байрныхаа гадаах  талбайд тоглож өссөн. Харин ХҮДС-д орж, 2006 оноос хойш лигийн тэмцээнд орсон.
 
-Инчеон-2014 наадмын тоглолтуудыг чинь хараад охид бүсгүйчүүд таныг  ихэд шохоорхох болсон. Тэгэхээр гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Би эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Оны өмнөхөн хүүтэй болсон.
 
-Сониноос таныг «SBL Хасын Хүлэгүүд» багаа сольсон гэж дууллаа. Аль багт оччихов оо?
 
-Энэ улиралд Үндэсний супер лигт “Баянгол Гурван тамир” багаас тоглохоор болсон.
 
-Өнгөрсөн жилийн аварга багаа яагаад орхих болсон тань сонин байна. Мөн нууц биш бол шинэ багтай хийсэн гэрээнийхээ дүнг сонирхуулж болох уу?
 
-Хүмүүс багаа сольчихлоо гэхээр гайхаж магадгүй. «SBL Хасын Хүлэгүүд» багтай хийсэн гэрээ маань дууссан болохоор «Гурван тамир» багт элссэн. Гэрээний үнийн дүнгийн хувьд асуудал болохоор дэлгэмээргүй байна.
 
-Та бүхнийг Инчеонд дараагийн тоглолтоо хүлээж байх зуур тоглолтыг тань монголчуудад шууд дамжуулан, үзүүлж байсан «Хасар» фэйж хуудасны хамт олон гэр бүлийнхний чинь бичлэгийг үзүүлж байсан. Энэ ямар санагдсан бэ?
 
-Биднийг БНСУ-д тоглож байх хугацаанд бүх тоглолтыг маань шууд дамжуулж, монголчуудад үзүүлж байсанд «Хасар» гээд фэйжийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Бид ч гэсэн cap гаруйн хугацаанд ар гэрээсээ хол байсан болохоор тэдний үзүүлсэн бичлэг бидэнд маш том сэтгэлийн дэм өгсөн.
 
-Нээрээ Т.Санчир ямар ажил хийдэг билээ?
 
-«Соёмбо даатгал» компанид ажилладаг.
 
-Хамт олон тань таныг хэр их дэмждэг вэ. Байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээн зэрэгт мэргэжлийн тоглогч гэдэг утгаар тоглуулахгүй гэх асуудал байдаг уу?
 
-Байгууллагын тэмцээн гэдэг өөрөө нөхөрсөг тэмцээн учраас тийм асуудал байдаггүй. Бүгд тэгш эрхтэй оролцдог. Манай компанийн удирдлагууд спортод хайртай хүмүүс. Намайг спортоор хичээллэх боломж олгож, тусалж дэмждэгт баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна.
 
-Ер нь манай сагсчид «NBA-гийн тамирчид шиг зөвхөн сагсан бөмбөгөө тоглоод, мэргэжлийн сагсан бөмбөгчний замналаар явах боломж бий юу?
 
-Удахгүй тийм болох байх гэж найдаж байна. Тийм болоосой ч гэж хүсч байна. Бидний хувьд өдөр нь ажлаа, орой нь бэлтгэлээ хийгээд явдаг. Харин өдөрт хэд хэдэн бэлтгэл сургуулилт тогтмол хийгээд явбал илүү өндөр амжилт үзүүлэх бүрэн боломж байгаа гэж бодож байна.
 
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • selenge  2014-12-11 08:28:30
    lag vmaa amjilt
  • bebe 2014-10-08 00:11:22
    Мундаг залуу юма.амжилт
  • Доогий 2014-10-07 16:18:12
    Эх орныхоо нэрийг дахин дахин өндөрт өргөж яваарай. Амжилт хүсье!
  • ххххх 2014-10-07 12:08:37
    баяр хүргэе улам их амжилт гарган жордан болоорой гэж ерөөе иймэрхүү залуус үр хүүхдүүдэд минь үлгэр болдог юм шүү тамирчны хүч хөдөлмөр хүний нүдэнд ил бас маш их хөлс хүч гардаг нэг ёсондоо далд луйвардах аргагүй шахуу хөдөлмөр шүү
  • Batumunkh 2014-10-07 10:18:17
    Solongostoi togloj baihad, bumbuguu nuruuniihaa araar ergelduuleed hiij baisan oroltuud unen saak bsan shuu. Hiij uzeed boldoggui dee. Surnaa.
  • зочин 2014-10-07 03:43:55
    Эх орныхоо нэрийг өндөрт өргөх чадвар Монгол хүнд бий.Гагцхүү намчирхал, эрх мэдэлтэнүүдийн ашиг сонирхол, авилгал их саад болж байгаа даа.