УОК: Нэгдүгээр хавьтал болон дам хавьтлын  бүх хүмүүсийн шинжилгээг дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй

УОК-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: "УОК-ын шуурхай ажлын хэсгийн хуралдаан өдөр бүр 12:00, 19:00 цагуудаас тус тус хуралдаж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар 7 асуудал хэлэлцсэнийг та бүхэнд танилцуулъя.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөө шат шатандаа хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээллийг сонссон. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр 18:00 цагаас нийслэл, орон нутгийн засаг дарга нар буюу шат шатны онцгой комиссын дарга нартай хуралдаж үүрэг даалгавар өгч УОК-оос гаргаж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийн хүндрэл бэрхшээлийн асуудлаар үүрэг даалгавар өгч хэрэгжилтийн явцыг ярилцсан. Хэнтий аймагт гарсан тохиолдлын PCR шинжилгээний хариуг 17 цагийн мэдээллээр танилцуулна. Түргэвчилсэн оношлуур үгүйсгэгдэх магадлал байгаа.

Хэвлэл мэдээлэллээр явж байгаа баталгаагүй мэдээллийн тухайд хөдөө орон нутгаас ирээд гацсан иргэдийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулалттайгаар буцаана гэдэг нь ташаа мэдээлэл. Одоогоор ийм шийдвэр гараагүй. Нэгдүгээр хавьтлын, дам хавьтлын  бүх хүмүүсийн шинжилгээг хийж дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй.

УИХ-ын даргын зөвлөлийн хуралд Шадар сайд мэдээллийн нэг цонхны асуудлыг тавьсан байгаа. Учир нь хэвлэл мэдээллээр гарчиглахдаа УИХ-ын гишүүдийн жиргэсэн, постолсон мэдээллийг үндэслэж албаны мэдээ мэтээр олон нийтэд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор мэдээллийн нэг цонхны асуудлыг УИХ-ын гишүүдэд Шадар сайд, УОК-ын даргын зүгээс албан бичиг явуулсан. Бүрэн бус мэдээллийг түгээхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан. УОК-ын гишүүн биш хүн цар тахлын хариу арга хэмжээтэй холбоотой бүрэн бус мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх тал дээр анхааруулсан.

"Энхсаран" сувилалын тухайд хууль тогтоомж зөрчигдсөн эсэх тал дээр хууль хяналтын байгууллагуудад өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын явцыг ярилцсан.

Нийслэлд түгээгдэж байгаа нөөцийн мах өмнө нь хавар 3,4 дүгээр сард гардаг байсан. Энэ удаа цар тахлын нөрцөл байдалтай уялдуулан нөөцийн махыг гаргасан. Үүнтэй холбогдоод хүндрэл бэрхшээл зохион байгуулалтын асуудал гарч байгаа. Борлуулж байгаа цэгүүдийг нэмэгдүүлж сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэх нэгж байгуулагдан ажиллаж байгаа.

Алтанбулаг боомтыг ЗГ,УОК-ын зүгээс бүрэн хаасан" гэв.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus