Гишүүдээ попорч, ялархах цаг биш
УИХ-ын цахим хуралдаан гэж зургаан настнууд цахим хичээлдээ суухаас дор үйл явц болж байна. Теле хичээл үзэж буй зургаан настнууд багшийгаа, ангиа нэхэж янз бүрийн л ааш аяг гаргадаг.  Яг тэдэн шиг УИХ-ын гишүүд өчигдөр цахим хуралдаан дээрээ ангидаа хуралдахыг “шаардаж”, зарим нь ангийнхандаа хов барьж байгаа дүр зураг олон нийтэд таалагдсангүй. 

Уг нь Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд эрхэм төрийн түшээд хэрхэн хууль дүрмээ дээдэлж, сахин биелүүлж байгаагаа харуулах боломж байв. Гэтэл тэд бүтэн өдөр Улсын онцгой комиссын даргыг уяж, хэрэгтэй хэрэггүй асуултаар булж өнжив.

Тэдний зүгээс хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тасралтгүй байлгах, цахилгаан, дулаан, усны найдвартай бэлэн байдал, түлээ, нүүрсний нөөцөд анхаарах, голомтын гол цэг дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, хилийн цэрэг, хууль хүчний байгууллагын ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах,  нэмэгдэл урамшуулал олгох, нөхцөл байдал хүндэрсэн ийм үед эдийн засгаа эрчимжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих арга хэмжээ авах зэрэг асуудлыг хөндөж байв.
 
Гэхдээ эрхэм гишүүдэд сануулахад эдгээр нь аль эрт шийдвэрлэгдсэн бусад нь өнгөрсөн лхагва гарагт шийдвэр нь гарч, Ерөнхий сайд хийгээд Шадар сайд, салбарын сайд нарын бүх мэдээллийн хэрэгслээр өгчихсөн асуудлууд...
 
 Монгол Улсад өнөөдөр Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг сахиулахаар улсын хэмжээнд нийт 12 мянган хүн ажиллаж байна. Гэтэл тэр хүмүүсийг удирдан чиглүүлж буй хүний та бүхэн дээр дурьдсан усан асуултаар уяж өнжлөө.
 
Энэ зуур УИХ-ын гишүүн Д.Ганбат суудлаасаа босож зогсоод “Монгол Улсыг, Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа уучлалт хүсэж байна. Нийт 3.3 сая иргэдээсээ уучлалт гуйж байна. Ингэж уучлалт гуйж байгаа хүн нь би анхных нь байх. Цаашдаа энэ үлгэр жишигээр явах байх. Нөхцөл байдал хүндэрч байна” хэмээн толгой гудайлгав. Харин дараа нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэх гишүүн “Би УИХ-ын гишүүн, гэтэл цагдаа намайг 30 минут саатууллаа” гэж ирээд л “гомдоллож”, Ц.Даваасүрэн гишүүн ангидаа хуралдахыг "шаардав". Нэг үгээр тэд өнөөдрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадамжгүй байгаа харуулсан, үр дүнгүй, ялархсан, попорсон, бусдад таалагдах хүссэн нэгэн өдрийн хуралдаанаа хийлээ. Тэд өмнө ч ийм л маягаар хуралддаг.

Гэхдээ эрхэм гишүүдээ энэ цаг үе бол онцгой нөхцөл байдал. Ард түмэн хийгээд алба хаагчид дор бүрнээ хичээж байна. Цар тахлын нөхцөл байдлыг даамжруулахгүйн төлөө өдөр шөнийг ялгахгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн яг зургаан настнууд шиг аашилж, улс төрчийн нэр хүндээ хамгаалах увиагүй попролоо үргэлжлүүлсээр байгаа нь хэтэрхий увиагүй үйлдэл юм.

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus