Өмнөд Австрали мужид 6 хоногийн хугацаатайгаар хатуу хөл хорио тогтоов
Австрали Улсын Өмнөд Австрали мужид шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ний халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан тус мужийн Засгийн газраас энэ 19-нөөс эхлэн 6 хоногийн хугацаатайгаар хатуу хөл хорио тогтоожээ.
 
Өмнөд Австрали мужид дотоодын халдвар гараагүй олон сар болсон, хяналтыг сайн хийж байсан мужуудийн нэг байсан ч тусгаарлах байрнаас халдварыг дотооддоо алдаж ийнхүү хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдалд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар дотооддоо халдварласан нийт 23 тохиолдол баталгаажаад байна.
 
Тус мужийн захирагч Стивен Маршалл “Тархалтын гинжин холбоог яаралтай таслан зогсоох шаардлагатай тул хатуу хөл хорио тогтоож байна. Бид хоёрдугаар давлагаанд нэрвэгдэхгүйн тулд аль болох эрт хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг авч байна” хэмээн мэдэгдсэн бол мужийн Эрүүл мэндийн сайд Никола Спүрриер 6 хоногийн хүнсний нөөцөө хангалттай хадгалж аваад аль болох гэрээс гарахгүй байхыг зөвлөсөн байна.
 
Хөл хорионы хугацаанд дараах арга хэмжээнүүд авагдана. Үүнд:
 
– Супермаркет, эмийн сан, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, шатахуун түгээх станц, онгоцны буудал, банк, шуудан, логистикийн үйлчилгээ, нийтийн тээвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулна;
– Барааны дэлгүүр, кафе, ресторан, нийтийн хоолны газар, барилгын салбар ажиллахгүй;
– Цэцэрлэг, сургууль, их сургуулийг хаасан бөгөөд зөвхөн нийгмийн суурь үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, хүнсний дэлгүүрүүдийн ажилчдыг ажлаа хэвийн хийх нөхцлөөр хангахын тулд тэдний хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр цэцэрлэг, сургууль хамруулж байна;
– Оршуулга, хуримын ёслол, гадаа дасгал хийх, муж дотроо аялах зэргийг хориглоно;
– Нэн яаралтай мэс засал, хорт хавдрын эмчилгээ үргэлжлэн явагдана, бусад онц яаралтай биш мэс заслыг түр зогсооно;
– Нэн шаардлагатай эм, хүнс хангамжаа цуглуулахад нэг өрхөөс нэг хүн өдөрт нэг удаа дэлгүүр орох боломжтой;
– Супермаркетууд ариун цэврийн цаас, гар ариутгагч зэрэг зарим нэр төрлийн бараанд худалдан авах хязгаарлалт тогтоосон;
– Гэрээс гарсан тохиолдолд амны хаалт зүүхийг уриалж байна;
– Хөл хорионы хяналтад цэргүүдийг өргөнөөр дайчилж байна.
 
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Хойд бүс нутаг, Баруун Австрали, Күинсланд, Тасмани зэрэг мужууд Өмнөд Австрали мужтай хилээ хаасан байна. Шинэ Өмнөд Уэльс, Викториа мужууд Өмнөд Австралиас онгоц, автомашинаар ирж буй иргэдийг нэвтрэх цэг дээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж буй аж.
 
Одоогийн байдлаар 14 хоногийн гэрийн болон зочид буудлын тусгаарлалтад 5,000 гаруй хүн байгаа бөгөөд тэднээс тусгаарлалтын эхний өдөр болон 12 дахь өдөр ковид-19-ийн шинжилгээ авч байгаа аж. 
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus