Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 578 болоод байна. Үүнээс эдгэрсэн 337 буюу 58 хувь, сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн, нутаг буцаасан 7 хүн байна. ХӨСҮТ-д 234 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлэгдэж байгаа аж. 

Энэ мэт цар тахлын нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүд үргэлжлэн гарсан долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Эдийн засгийн дэмжих чиглэлд 23 арга хэмжээ авах хэрэгжүүлнэ 

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд:

-       Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох

-       2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх

-       2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх

-       2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх

-       2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх

-       Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтыг хэвийн явуулах

-       Ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах

-       Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах гэх мэт 23 арга хэмжээг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. 

Ерөнхийлөгч Х.Баттулга вакцин худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Долоо хоногийн пүрэв гарагт экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн” гэсэн жиргээг цахим хуудаснаа бичжээ. Үүнээс хэдхэн цагийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээснээ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Тэрбээр энэхүү захидалдаа коронавируст (COVID-19) халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлжээ. Улмаар  коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүссэн байна. 

Халдвар хамгаалалтын дэглэм алдсан гэх “Энх саран” сувиллыг шалгана

Манай улсын хувьд коронавируст халдварыг дотооддоо алдаагүй цөөхөн орны тоонд багтаж байв. Гэвч энэ сарын эхээр тусгаарлах байрнаас халдвар алдагдсан. Тодруулбал, коронавируст халдвар дотоодод тархахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байсан "Энх саран" сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой гэж үзэж буй. Иймээс тус сувиллыг нүүлгэн шилжүүлээд байгаа. Тэгвэл УОК-оос Улсын Онцгой комиссоос  “Энх саран” сувиллын үйл ажиллагааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол хүргүүлсэн байна. Гомдлын дагуу Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг байгуулагдан шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 

Г.Загдаа нарыг гэм буруутайд тооцлоо

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, ажилтан Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шийдвэрээ гаргалаа. 

Тодруулбал, Г.Загдаад 6.2 жил, Г.Амарсайханд нэг жилийн хорих ялыг ногдууллаа. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад Эрүүгийн хуулийн 12.1-2.3, 2.6-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх, хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх, мөн хуулийн 11.7-2.2.1 дэх Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 23.1-1 дэх Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн хуулийн 11.6-2 Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Г.Амарсайханыг Эрүүгийн хуулийн 11.7-2.1 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн хэмээн ялласан билээ. Г.Загдааг энэ сарын 10-наас, Г.Амарсайханыг өнөөдрөөс эхлэн хорьжээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хохирогч Халиуныг хүүхэдтэй нь хамт ЦЕГ-н хамгаалалтад хэвээр үлдээсэн байна.

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

 

Бусдад түгээх
  • gplus