Г.Мөнхсүх: Хөл хорионоос гадна дата менежментийн олон шийдэл байна

Хөл хорионы үеэр дата менежменийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар Мэдээлэл технологийн үндэсний паркын захиргаа удирдлагын газрын дарга асан, “Generaltech” компанийн захирал Г.Мөнхсүхтэй ярилцлаа.

 

-Гэнэтийн хатуу чанга хөл хорионы улмаас иргэд бухимдаж байна.Цаасан хэвлэлийг хуурамчаар үйлдэх нь амархан учраас технологийн дэвшлийг ашиглах шаардлага тулгарч байна. Мэргэжлийн хүний хувьд ямар гарц гаргалгаа олж харж байна вэ?

-Үнэмлэх бичиг баримтыг хуурамчаар хэвлэж, тусгай зөвшөөрөл тараах гэж  бөөгнөрөл үүсгээд олон нийтийн шүүмжлэлийн дагуу болилоо гэдэг мэдээлэл гарсан. Бид чинь цахим үнэмлэхтэй болоод арваад жил болж байна. Маш эрт шилжилтээ хийчихсэн мөртлөө түүнийгээ огт ашиглаж чадахгүй байгаа улс. Одоо л үүнийхээ эд шидийг гаргамаар байх юм. Иргэний үнэмлэх 72 гб хэмжээтэй хангалттай мэдээлэл хадгалах боломжтой. Маш тодорхой жишээн дээр ярья. Та жишээ нь сэтгүүлч хүн.Танайх ажиллах ёстой 13 байгууллагын нэг. Тэгвэл  ажилчдынхаа иргэний үнэмлэхний QR кодыг регистрийн дугаартай нь хотын дарга, онцгой комисс руу и-мэйлээр явуулах нь. Энэ маягаар хөл хорионы үеэр ажиллах бүх газар хүмүүсийн мэдээллийг тусад нь сан үүсгээд хадгалчихна. Нэг аппликешн хийгээд шалгадаг, хянадаг тусгай албан хаагчдад утсанд нь суулгаж өгөөд  мэдээллийн баазтайгаа холбочихно. Гудамжинд намайг явж байхад цагдаа таарвал иргэний үнэмлэхээ үзүүлнэ цагдаа утсаа гаргаж сканердаад мэдээллийн санд байна уу. Үгүй юу гэдгийг тулгачихна. Маш энгийн шийдэл. Машины дугаарыг ч мөн ялгаагүй мэдээллийн сан үүсгээд хадгалчихна. Гэтэл зөвшөөрөл тараана, пос машинаар иргэний үнэмлэх уншуулна гэж яриад байх юм. 

-Тэгвэл бусад улс орнууд цар тахлыг хохирол багатай даван туулахад хатуу хөл хорионоос гадна ICT салбарыг хэрхэн үр дүнтэй ашиглав?

-Манайхан хөл хориогоор бүх асуудлыг шийдсэн гэж ойлгоод байх юм. Хөл хорио зайлшгүй. Гэхдээ дата менежмент маш чухал үүрэг гүйцэтгэгсэн гэдгийг Хятад, Малайзын туршлагаас харж болно. Технологийн салбарынхан ерөөсөө л эмч, цагдаа шиг маш их ачаалалтай ажилласан. Хятадын жишээн дээр ярихад гар утасны оператор компаниуд бүх хэрэглэгчийнхээ байр зүйн мэдээллийн санг гаргаад тандалтыг нь дата анализ дээр тулгуурлаж үр дүнтэй хийсэн. Жишээлбэл, гэрээсээ гараад 50 метрээс холдоход над руу оперотор шууд ярина. Эсвэл ойрхон үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа хүрээд ирнэ. Одоо бүх утасны гарц интернет протоколоор явдаг болсон учраас байр зүйн мэдээлэл гаргах архитектурын маш олон шийдэл байгаа. Аппликешн хийж болно, интернет датаг нь албадан нээлттэй байлгах, эсвэл антенуудын сигналын зайгаар идэвхтэй сим картуудын байршлыг тогтоож ч болно. Ингэж хөл хорионы үеэр иргэдийн хөдөлгөөнийг шууд хянаж болж байгаа юм. Тэрнээс гудамжаар дүүрэн асгасан шагай шиг цагдаа зогсоогоод  хөдөлмөрийг нь үргүй зарцуулах хэрэггүй. Хэрэгтэй, ачаалалтай газраа төвлөрч ажиллахгүй бол цагдаа нар хүн л юм хойно ядарна, анхаарал алдана шүү дээ.

-Хөдөлгөөнийг хянахаас гадна халдвар авсан байж магадгүй иргэдийг олж тогтоох зайлшгүй шаардлага тулгарч байна. Маршрутаа нуух, мартсан тохиолдолд дата менежментээр эрсдэлтэй бүлгийг тогтоох боломжтой юу?

-Өмнөх тохиолдлуудыг тандалтаар илрүүлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл тэр үеийн байр зүйн мэдээлэл бидэнд байхгүй. Цаашид халдвар хяналтаас гарах магадлалтай учраас байр зүйн мэдээллийн санг маш хурдан байгуулах хэрэгтэй. Жишээлбэл, иргэн А халдвар авлаа гэхэд сүүлийн хэдэн өдөр хаагуур явсан, тэр орчмоор нь ямар хүмүүс явсан бэ гэдгийг гар утасны байр зүйн мэдээллээр гаргаад ирнэ. Түүнийг сортлоод илүү эрсдэлтэй хэмжээнд ойртсон хүмүүсээ тодорхойлоод дараагийн хязгаарлалтаа хийгээд явах юм. Мэдээж технологи бүх асуудлыг биш юм гэхэд ихэнхийг шийднэ. Хүний хөдөлмөрийг маш сайн хөнгөвчилнө. Тийм учраас байр зүйн мэдээллийн сангаа яаралтай бүрдүүлээд технологи дээр тулгуурлаж ашиглаасай л гэж хэлмээр байна. Сая жишээ нь нэг иргэн караоке зочид буудлаар явсан гэдгээ хэлээгүй байна. Өмнө нь Ховдод нэг сэжигтэй тохиолдол илэрхэд мөн л хаагуур явснаа хэлэхгүй байсан. Гэр бүлийн асуудал ч юм уу олон шалтгаанаар хүмүүс үнэнээ хэлэхгүй байх магадлалтай. Эсвэл зүгээр мартаж болно. Буруу санаж болно. Өвчин нь хүндэрсэн ухаангүй байгаа хүн гараад ирвэл хаагуур явсан тандалтыг яаж хийх вэ. Тэгэхээр маш том асуудал үүсч байгаа биз. Үүнийг технологийн хүчээр л шийднэ.

-Халдвар авсан иргэний ойр байсан хүмүү­сийг хэдхэн товч­луур дараад тодорхойлох яг ямар боломж байна. Манайх халдвараа нэн даруй хумихын тулд яг хаанаас ажлаа эхэлж хэрхэн хийх вэ?

-Оператор компаниуд  эх оронч санаачлага гаргаад хэрэглэгчдийнхээ байр зүйн мэдээллийг гаргах архитектураа онцгой комисст гаргаад өгөөсэй. Шийдвэр гаргагчид холбогдох шийдвэрүүдийг нь хурдан гаргаад өгөөсэй. Өмнө нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн хүмүүсийг нэгжээр урамшуулж байсан. Төрийн дататай уялдаж ажиллаж байсан туршлага бий. Онцгой комиссынхон энэ тал дээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсоод хөрөнгө мөнгийг нь шийдээд явбал богино хугацаанд хяналт тогтоох боломж бий.

-Цар тахлын үед дата менежментийг ашиглахад оператор компаниудаас гадна байгууллага хоорондын уялдаа ямар байх зэргээр цэгцтэй төлөвлөлт чухал байна л даа?

-Мэдээлэл хоорондоо зөрүүтэй байна шүү дээ. Иргэд хувийн унаагаар явахгүй нийтийн тээврээр явна гэж нэг талд хэлэхэд нөгөө талдаа хувийн унаатай явж болно гэх мэт. Ийм зөрүүтэй мэдээллүүд маш хорлонтой. Тиймээс удирдлагын нэг систем бүтээгээд үүрэг гүйцэтгэж байгаа бүх хүмүүсийнхээ утсанд апп болгоод суулгачихвал мэдээлэл зөрөхгүй. Хоорондоо мэдээллээ солилцоод хурдтай шуурхай ажиллах боломжтой. Одоо хаана хэн юу хариуцаад байгаа нь мэдэгдэхгүй, дор бүрнээ өөрсдийнхөөрөө асуудлыг тайлбарласан байдал ажиглагдаад байна. Урт хугацаандаа энэ маш хорлонтой тусна.

-Өдөр бүр тогтсон цагт хэвлэлийн хурал хийгээд бараг жил боллоо. Сүүлдээ буруу зөрүү мэдээлэл ч өгөх тохиолдол гарч байна. Мэдээлэл байршлыг шууд газрын зургаар харуулах зэргээр илүү оновчтой санаа бий гэж та хэлсэн байсан?

-Тийм. Дэлхийн олон улс иргэдээ real time мэдээллээр хангаж байна. Хэвлэлийн хурал хийнэ гэдэг өөрөө эрсдэл. Одоо ХӨСҮТ, Онцгой штабынхан  үндсэн ажлаа хийгээд мэдээллийг real time dashboard хэлбэрээр өгөх хэрэгтэй. Цаг минут тутамд илэрч байгаа шинэ тохиолдуудыг тухай бүрт нь шууд бүртгэхэд тэр нь олон нийтэд шууд хүрч байна гэсэн үг. Түүнийгээ томоохон мэдээллийн сайтууд, сошиал сүлжээ, аппликешн хэлбэрээр олон нийтэд хүргэх хэрэгтэй. Зайлшгүй тохиолдолд л хэвлэлийн хурал хийнэ биз. Хэрэглэгчдийн хувьд тархалтын байршлууд маш чухал юм байна. Сэлэнгэд 28 тохиолдол бүртгэгдлээ гэхээс илүү Сэлэнгийн яг хаана бүртгэгдэв гэдгийг газрын зураг дээр тэмдэглээд баг, хороо, сум, дүүрэг байр бүрээр нь гаргахад хэцүү асуудал ер байхгүй. Тэгэхээр тэр хавийнхан сонор сэрэмжээ илүү нэмнэ, халдвараас хамгаалах ариутгалын ажлаа хийнэ. Энэ маягаар эрдслийн орчнуудыг маш нарийн мэдээллэх нь чухал.

-Тухайлбал, төмөр зам дагаж халдварын шинэ голомт үүссэн гэдгийг албаныхан мэдэгдлээ. Технологийн дэвшлээр хурдтай, найдвартай хянах ямар арга байна вэ?

-Төмөр замаар тухайн өдрүүдэд аялсан үйлчлүүлсэн хүмүүсийн бүх мэдээлэл билетийн касс дээрээ байгаа шүү дээ. Тэднийхээ регистерийн дугаараар утасны дугааруудыг нь олоод байр зүйн мэдээллийн сангаас хайж илрүүлээд хурдан хугацаанд тандалтаа хийгээд явах нь зөв.

-Эцэст нь энэ бүхэнд мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн асуудал хөндөгдөнө. Наад зах нь өгөгдөл хамгаалах хуульгүй. Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?

-Хамгийн төвөгтэй асуудал. Манайхан мэдээллийн аюулгүй байдал гэдгийг хэт хавтгайруулж ойлгоод байдаг. Онолын хувьд таны дата таных биш болчихсон цаг үед л бид амьдарч байна. Үүнийг улс орнууд хуулиар л зохицуулж байгаа юм. Хууль гаргаж хүний хувийн мэдээллийг хамгаална уу гэхээс огт хууль гаргахгүй яваад байж болохгүй. Харин ч илүү эрсдэлтэй. Жишээлбэл, миний хувийн мэдээллийг  төрийн нэг ажилтан өөр хүнд гаргаад өгвөл хүлээлгэх хариуцлага алга байна. Гэтэл миний мэдээлэлд хандаж байгаа бол надад мэдэгддэг, давхар мэдээллийн аюулгүй байдал хариуцсан газарт репорт очдог, нэвтэрч байгаа ажилтан нь ямар зорилгоор хэний зөвшөөрлөөр орж байгаа нь бүртгэгддэг тойргийн хяналтын системүүдийг хувийн компаниуд банк аль хэдийнээ хийчихсэн ашиглаад явж байна. Мэдээлэл мэдэгдэхгүйгээр алдагдана гэсэн ойлголт огт байдаггүй. Тэр мэдэгдэж байгаа процессийг яаж хянаж, бүртгэх вэ гэдэг л асуудал шүү дээ. Энэ удаагийн тохиолдлын хувьд нэгдүгээрт, онцгой нөхцөл байдал. Зөвхөн нэг удаагийн систем ашиглаад нөхцөл байдал дуусмагц хааж болно. Хоёрдугаарт, хувийн мэдээлэлд халдахгүй байх аюулгүй байдлын шийдлүүд янз янзаараа л бий. Зөвхөн байр зүйн мэдээллээр аптейдээ хязгаарлах дата руу нь нэвтрэхгүй байх физик зохицуулалт ч хийж болно. Өгөгдөл хамгаалах хуулийг өнгөрсөн парламентаар батлах гээд чадаагүй. Энэ УИХ хугацаа алдалгүй батлах хэрэгтэй. Дээр нь иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэхгүй бол ойлголт маш муу байна.   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus