О.Баярцогт: Мэргэжлийн сагсан бөмбөгийн клубууд ажилласнаар тамирчид мэргэжлийн болох эхлэл тавигдана
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэгийн санаачилгаар зохиогдох болсон Ази тивийн улсуудын спортын наадам энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдсан.

БНСУ-д зохион байгуулагдсан тус наадамд монголын сагсан бөмбөгийн баг, тамирчид амжилттай оролцлоо. Тус шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогттой ярилцлаа.

-Монголын шигшээ багийг энэ удаагийн наадамд ямар амжилт үзүүлнэ гэж тооцоолж байсан бэ?

-Тамирчид маань нэг баг болж чадсан. Хамгийн гол нь тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээний туршлагын хувьд жигдэрсэн. Би өөрөө тоглож байх үедээ очиж тоглоод хожигдоод ирдэг байсан. Үүндээ маш их шаралхдаг, боддог байсан.

Гадаадынхан Монголын сагсчид ирээд нэг юм уу хоёр тоглоод хожигдоод явчихна гэсэн байр сууриас ханддаг байсан. Маш олон жил Азийн түвшинд гараад ирчих юмсан, шилдэг наймд орж цаашлаад тэмцээн уралдаанд ороход Монголын баг дээр тооцоо хийдэг. Монголын баг дөрвөн үеийг дуустал хожсон ч, хожигдсон ч тэмцэлдэж чаддаг болох юмсан гэж хүсч мөрөөддөг байлаа.

2009 оноос эхлэн шигшээ багтай ажиллаж эхэлснээс хойш үүний төлөө тэмцэж байсан. Энэудаагийн Инчеоны наадамд Солонгос, Иран гэх мэт бүх багуудтай дөрөвдүгээр үе дуустал тэмцэлдэж чадсан нь гайхамшигтай байсан.

Би залуучуудаараа бахархаж байна. Бидэнд хоол унднаас авахуулаад зохихгүй зүйлс их байсан ч энэ бүгдийг манай залуус давж чадсан гэж бодож байна.

-Наадамд явахын өмнө хэдий хэр хугацаанд бэлтгэл хийв?

-Сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Хүчний бэлтгэлийг хавсарч хийж байлаа. Цаашдаа бид довтолгооны болон хамгаалалтын маш олон аргуудтай болох ёстой. Тухайн тоглогчид өөрсдөө хамгаалалт, довтолгооныхоо хувилбарыг сольж чаддаг болох ёстой.

-Олон улсын тэмцээнд явах гэж байгаа шигшээ багтаа заал ашиглуулаагүй тухай түрүүн ярьсан. Тэгэхээр тэмцээний бэлтгэлийг хаана базаав?

-Бид “Сити” клуб, “Этүгэн” дээд сургууль, ШУТИС-ийн зааланд ээлжилж бэлтгэл сургуулилтаа базаасан.

-Дараа дараагийн тэмцээнүүдэд анхан шатны шалгаруулалт хийлгүйгээр тоглох боломжтой боллоо?

-Эрэгтэй, эмэгтэй баг маань түүхэндээ гаргаж байгаагүй амжилтыг үзүүллээ. Эрэгтэй баг маань шилдэг наймд шалгарч үлдсэнээр дараа дараагийн тэмцээнүүдэд анхан шатны шалгаруулалт хийлгүйгээр тойргийн тоглолтуудаа шууд эхлүүлэх боломжийг олж авч байгаа юм. Эмэгтэй багийн хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцлоо.

-Тоглолтын хувиар нэлээд шахуу байлаа шүү дээ. Энэ нь тоглолтод нөлөөлөх шиг боллоо?

-Тийм ээ. Зохион байгуулагчид манай Монголын шигшээ багийг шилдэг наймд гарч ирнэ гэж тооцоолоогүй. Олон улсын жишигт медаль авах хүртлээ 6-7 тоглолт хийх ёстой байдаг.

Манай багийн хувьд 10 тоглолт хийсэн байгаа. Тэр ч утгаараа бидэнд жаахан хүнд байлаа. Сүүлийн тоглолтууддаа Азид нэг, хоёрт жагсдаг шилдэг багуудтай учраа таарсан нь биднээс илүү их тэвчээр шаардсан.

-Тамирчдын сэтгэл зүйн хувьд арван тоглолт өдөр дараалан хийнэ гэдэг маш хүнд. Энэ тал дээр багтайгаа хэрхэн ажилласан бэ?

-Дасгалжуулагчийн хувьд тамирчдынхаа сэтгэл зүйг бэлэн байлгах үүрэгтэй. Тамирчдаа хэсэг амраагаад урам өгнө. Тоглолтын зөвлөгөөгөө өгнө. Хожигдол биш, бидэнд туршлага болно гэдгийг илүү ухааруулахыг хичээж байлаа. Тэдэнд минь бүрэн бололцоо бий. Цааш цаашдаа ч илүү анхаарч ажиллана.

-Катарын багтай тоглосон тоглолт дээр хожих боломж байсан юм шиг харагдсан?

-Ялангуяа Катартай бид 5, 6 дугаар байрын төлөөх хариуцлагатай тоглолтыг хийсэн. Ямарч байсан гуравдугаар үеийг дуустал нэлээд ойрхон, барьж тоглоё гэсэн тактиктай байсан. Тактикаа хэрэгжүүлсэн ч тамирчид маань нэлээд хүчээ шавхаж, ядарсан болохоор хамгаалалтад шилжсэн.

Өндөр зэрэглэлийн багууд хамгаалалтыг задалж, довтолж чадаж байсан. Манай баг нуруу намтай байсан тул түүнийгээ нөхөх гэж их ажиллан, тэр хэрээрээ ядарсан. Катарын баг сүүлийн үеүдэд довтолгоог их өндөр хувьтай гүйцэтгэж бид хожигдсон.

-Азийн наадамд манай сагсан бөмбөгийн багийг бусад багууд тооцоолдог болчихпоо. Цаашид ямар такгик боловсруулж тоглох вэ?

-Ер нь бол хамгаалалт, довтолгооны маш олон аргуудтай болох хэрэгтэй байна. Нэг юм уу, хоёр хувилбараар бид хэзээ ч явахгүй юм байна. Ялангуяа дасгалжуулагч нарт минутын амралт цөөхөн байдаг учраас тамирчид талбай дээрээ довтолгоо, хамгаалалтын солигдож байгаа хувилбар дээр маш хурдан шилжиж ажиллаж чаддаг түвшинд очих ёстой юм байна гэж бодсон.

-Бусад орны тамирчид байнга бэлтгэлтэй байдаг. Манай тамирчдын хувьд тэр боломж хэр байдаг вэ?

-Азийн наадамд явахын өмнө нэг сар тасралтгүй бэлтгэл хийсэн. Сүүлийн долоо хоногт байрлаж бэлтгэлээ хийсэн. Гадны тамирчид суурь бэлтгэлээрээ манайхнаас
давуу.

Бүтэн жилийн бэлтгэлтэй мэргэжлийн түвшний багууд ирсэн. Манай тамирчид ажлын хажуугаар бэлтгэлээ хийгээд явдаг учраас сүүлийн тоглолтуудад ядарч цуцах асуудал гарсан. Тиймээс өөрсдөдөө байгаа бүх хүчээ дайчлан шаардлагатай болсон.

-Тэгэхээр цаашдаа монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ шатанд гаргаж, хөгжүүлэхийн тулд юунаас эхлэх ёстой юм бэ?

-Сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн тулд мэдээж мэргэжлийн чиглэл рүү явах ёстой. Ингэхийн тулд ганц Монголын сагсан бөмбөгийн холбоо биш мэргэжлийн сагсан бөмбөгийн клубууд ажиллах ёстой. Мэргэжпийн клубууд ажилласнаар тамирчид мэргэжлийн тамирчид болох эхлэл тавигдана.

Зөвхөн сагсан бөмбөг тоглоод амьдралаа аваад хэмжээний болох ёстой юм. Тэгэхгүй бол зөвхөн улсын шигшээ баг, улсаас гаргаж байгаа цалингаар амьдарна гэхэд боломжгүй. Тийм учраас мэргэжлийн клубууд байгуулагдаасай гэж хүсч байна. Үүний эхлэл ч тавигдсан.

-Тамирчдын зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Эрэгтэй шигшээ багийн хувьд Монголын Сагсан бөмбөгийн холбоо бүх зардлыг нь гаргаад авч явсан. Харин эмэгтэй шигшээ багийн хувьд манай холбоо санхүүгийн хүндрэлтэй байсан учраас өөрсдөе зардлаа даагаад тэмцээнд оролцсон Нийтдээ 60 гаруй сая төгрөгийн зардал гарсан.

-Үндэсний сагсан бөмбөгийн холбоо сагсчдын зардал бэлтгэл дээр тусалсан гэж яригдаад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Биднийг тэмцээн уралдаанд оролцоод явж байх хооронд янз бүрийн мэдээлэл гарч байлаа. Санхүүгийн асуудлыг нэлээд сөхөж ярьж байсан. Тийм асуудал байхгүй гэдгийг би албан ёсоор хэлнэ.

Энэхүү тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн холбоо Олимпын хороо FIBA-гийн гишүүний хувьд эрэгтэй ба эмэгтэй тамирчдынхаа зардлыг шийдвэрлэсэн. Харин эмэгтэй багийн хувьд санхүүгийн боломж хүндрэлтэй байсан учраас оролцуулах эсэх дээр эргэлзэж байлаа.

Харин тамирчид маань тодорхой хэмжээний зээл авч тэмцээндээ оролцохоор болсон. Зөвхөн эмэгтэй тамирчдын хувьд явах зардлаа өөрсдөө гаргасан нь үнэн. Гэхдээ наймд шалгарснаас хойш тэнд байрласан хоол унд байр, бэлтгэл сургуулилт, онгоцны тийзний сунгалт гээд бүхий л зардлыг холбооноос гаргасан.

-Жүдо, чөлөөт, буудлагын шигшээ багийн тамирчид цалинжаад явдаг. Харин сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын хувьд цалинждаггүй учраас ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийдэг нь тамирчдын амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болов уу?

-Би энэ зүйлийг байнга ярьдаг. Дахиад ч ярина. Хамгийн учир дутагдалтай, шүүмжпэлтэй ханддаг асуудал маань энэ шүү дээ. Сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд шигшээ багтай ажиллаж байгаагийн хувьд мэдэж байна. Тамирчид маань ажил, сургуулиа орхиод тэмцээнд сар гаруй хугацаанд явахад ажлаас нь цалинтай чөлөө олгодоггүй.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас чөлөөний бичгүүд өгдөг боловч байгууллага шийдэж өгдөггүй. Ингээд явахад тамирчдын санхүүгийн байдал хүндэрдэг. Энэ асуудал тамирчдад хамгийн их хүндрэл, дараа болж байна даа.

Тийм ч учраас би өөрөө шигшээ багтаа ажиллахын хажуугаар 2013 оноос “SBL Хасын хүлгүүд” гээд клубыг байгуулаад ажиллаж байна. Манай клуб тамирчдаа цалинтай болгоод ажиллаж байна. Мэргэжлийн чиглэл рүү бага ч гэсэн дөхүүлэх гэсэндээ тэр шүү дээ. Бусад оронд бүгд мэргэжпиин тамирчид байдаг.

Зөвхөн спортоороо амьдардаг. Сагсан бөмбөг тоглохоосоо өөр жил хийдэггүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Манай сагсчид яг үнэндээ өдөр нь ажлаа хийгээд оройн цагаар бэлтгэл сургуулилтдаа хамрагдаад явж байна. 1994 оноос хойш Монголд Сагсан бөмбөгийн Лигийн тэмцээн гэж болдог болсон. Энэ тэмцээнд хөрөнгө оруулдаг хүмүүс нь багийн эзэд.

Манай тамирчид аль нэг клуб багт хамрагдана. Тэдэнд цалин мөнгийг нь багийн эзэд нь өгдөг. Хэрвээ манай тамирчид ахуй амьдрал, мөнгөнд санаа зоволгүй бүх цаг, хөдөлмөрөө спортод зориулах юм бол тэдэнд маш их боломж байгаа. Клубууд тамирчдаа 11 юмуу 12 сар цалинжуулаад, дээрээс нь улсаас тамирчдаа цалинжуулаад эхлэх юм бол тамирчдын санхүүгийн хүндрэл арилна.

-Инчёоны наадамд үзүүлсэн амжилтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд легионер тамирчид авчирсантай холбоотой гэх мэт тайлбарыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хийж байна. Энэ тухайд?

-Үүнийг яривал их олон юм ярих болно. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо легионер тамирчин авчраад хоёр жил болсон, тэр нь тамирчдад нөлөө үзүүлсэн байж болно.

Гэхдээ зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн юм шиг ярьж болохгүй л дээ.  1994 оноос хойш энэ спортын төлөө зүтгэж яваа итгэл, зүтгэлийг үгүйсгэж болохгүй. 1994 онд гэхэд л гадаад тоглогчийг тоглуулж байсан шүү дээ.

Олон улсын тэмцээнд оролцох эрхийг Монголын сагсан бөмбөгийн холбоо өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд эзэмшдэг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн бөгөөд Монголын олимпын хорооны гишүүн байгууллага учраас олон улсын тэмцээнд оролцох эрхийг дан ганцаар эзэмшдэг.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо монгоын сагсан бөмбөгийг хөгжүүлэх гээд тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа нь үнэн. Гэхдээ зааг хязгаар байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

-Монголын сагсан бөмбөгийн холбоо Лигийн тэмцээнээ яагаад зохион байгуулахгүй өнжөөд байгаа юм бэ. Шалтгаан нь юундаа байгаа юм бол?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн холбоо Лигийн тэмцээн зохион байгуулаагүй. Энэ хугацаанд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо лигийн тэмцээнийг зохион байгуулж байсан. Улаанбааатар хотод хоёр сагсан бөмбөгийн ордон байгаа.

Нэг нь Спортын төв ордон, нөгөө нь Буянт ухаа спорт цогцолбор. Лигийн тэмцээнийгзохион байгуулах, үзэгч олныг хамруулахын тулд Спортын төв ордонд зохион байгуулах болдог. Гэтэл спортын төв ордон хоёр жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээн зохион байгуулах эрхийг өгөөгүй.

-Сагсан бөмбөгийн хөгжилд клубын эзэд, спонсорууд бас маш чухал үүрэгтэй?

-Тийм ээ. Сагсан бөмбөг энэ зэрэгтэй хөгжөөд явж байгаад спонсорууд бас маш чухал үүрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ клубуудыг, эдгээр тамирчдыг тэмцээн уралдаанд оролцох боломжийг олгож байгаа лигийн багийн эзэд маш том үүрэгтэй. Эдэнгүйгээр хоёр холбоо байгаад ч нэмэргүй.

-Саяхан хүртэл сайтуудаар Монголын сагсан бөмбөгийн холбоо хуул ь эрхзүйн чадамжгүй холбоо гэсэн мэдээлэл явсан. Энэ тухайд?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо төрийн бус байгууллага. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн.

-Сагсан бөмбөгийн хоёр холбоо хоорондоо нэгдэх гэж байгаа тухай ч яригдсан?

-Олон удаа энэ нэгдэх оролдлогууд явагдсан.

-Тамирчдын хувийн дугаарыг мөнхөлж, өмсгөлийг худалдаанд гаргаад эхэлсэн. Энэ ажил хэр үр дүнтэй явж байна вэ?

-Яг клубын зарчмаар ажиллаж байгаа газрууд энэ ажлыг хийх ёстой. Өнгөрсөн жилээс эхлээд "SBL Хасын хүлгүүд"-ийн Санчир Билгүүн, Сэргэлэн гэх мэт тамирчдын өмсгөлүүд зарагдаад эхэлсэн. “Хасын хүлгүүд” клубын футболкууд мөн худалдаанд гарсан.

Цаашаа өргөжүүлэх л хэрэгтэй юм. Гадны тамирчдын өмсгөлийг биш монголынхоо тамирчдын өмсгөлийг өмсөөд, өөрийнхөө тамирчдаар бахархах үндэсний бахархлыг бий болгох үндсэн зорилготой юм даа.

-Цаашдаа Олимпын наадамд оролцох эрх авах маш том зорилгыг өмнөө тавьж байгаа байх. Олимпын сагсан бөмбөгийн төрөлд оролцох эрх авахын тулд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой байдаг юм бэ?

-Хамгийн эхлээд ирэх 2015 онд болох зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Эндээс бид Азийн аваргад орох эрхээ авах ёстой. Ер нь бол бүсчлээд явбал зүүн Ази хамгийн өндөр шалгууртай, хамгийн сайн багууд байдаг.

Ингээд цаашаа Дэлхийн аварга, Олимпод орох эрх авах ёстой юм. Саяын наадамд үндсэндээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүх л багууд оролцсон. Бид эдэнтэй бүгдтэй нь тоглоод үзчихлээ. Тэгэхээр ямар ч байсан бид Монголын багийг басч болохгүй юм байна гэдгийг харуулж чадсан.
 
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.