Улс тунхагласны ойн өдөр өнөөдөр тохиож байна
 Монголын түүхэнд  1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тодоор бичигдэж үлдсэн юм. Энэ бол Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн өдөр.


 

1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

Үндсэн хууль нь эцсийн дүндээ эрх чөлөөг эрмэлзэх хүний төрөлхийн зан чанараас үүдэлтэй бөгөөд ихэнх судлаачдын санал нэгддэг нийтлэг ойлголтын хувьд “Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” хэмээн тодорхойлдог.

Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ.Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.

Түүх сөхвөл анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж,  тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” хэмээн заасан байдаг.

Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.