Хязгаарлалтад ороогүй 13 байгууллагын 22357 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өнгөрөгч 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний ээлжит /2020.11.29/ мэдээллийг танилцуулав.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 953 тээврийн хэрэгсэл гарч, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, нийслэлд 20 шинжилгээний цэгийг шинээр байгуулан, хөдөө орон нутаг руу зорчих иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ.

Шинжилгээний цагаа аваагүй, маргаашийн шинжилгээний цаг авсан хүмүүс ихээр ирж, бөөгнөрөл үүсгэж байна. Энэ талаар цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа. Шинжилгээ авах ажил 10 өдөр зохион байгуулагдах бөгөөд 20 цэг дээр 280 эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажиллаж байна.

Нийтийн тээврийн 84 чиглэлд, 458 автобус үйлчилгээнд гарч амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг багасгах, иргэдийн хөдөлгөөний тоо цөөрүүлэх чиглэлд ажиллаж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг дундын болон эцсийн цэгт ариутгаж, хяналтын ажилтанг тогтмол ажиллуулж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 6841 аж ахуй, нэгж байгууллагын 1,853,200 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Нийслэл, дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчид 1699 тонн хог хаягдлыг цэвэрлэж, 2446 кг хог хаягдлыг зохих журмын дагуу устгасан байна.

Мөн 243 борлуулалтын цэг дээр 1860 тонн сайжруулсан түлшийг тээвэрлэсэн бол зорилтот бүлгийн 500 айл өрхөд 500 тонн сайжруулсан түлшийг хүргэлээ. Нийслэлийн шуурхай штабын 11-324207, 11-321731 утсанд нийт 283 санал хүсэлт ирсэн. Тусгай 13 чиг үүргийн байгууллагын 22357 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus