Жо Байден Цагаан ордны эмэгтэйчүүдээс бүрдсэн  анхны албыг байгууллаа

АНУ-ын 46 дахь  ерөнхийлөгч Жо Байден олон талаараа анхдагч болж, их гүрний түүхийн хуудаснаа олон арилшгүй, тод мөрийг үлдээж байна.  Тухайлбал, түүний сонгосон Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй, өнгөт арьстан  дэд ерөнхийлөгч болсон. Мөн  түүхэндээ анх удаа 80 гаруй сая хүний санал авсан нэр дэвшигч болсон. Тэрээр ням гаригт дан эмэгтэйчүүдээс бүрдсэн олон нийттэй харилцах албаа танилцуулсан нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол байв. Жо Байден “Цагаан ордны түүхэнд анх удаа эмэгтэйчүүдээс бүрдсэн олон нийттэй харилцах албыг танилцуулж байгаа нь маш том бахархал юм. Туршлагатай, мэргэшсэн хамт олон улс орноо өмнөх шиг нь сайжруулахын төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм. Өмнө нь бид Байдены Засгийн газрын Үндэсний аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтнуудыг танилцуулж байсан. Энэ удаа олон нийттэй харилцах албаны  гишүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Жо Байден болон Камала Харрис нарын Засгийн газрын  эмэгтэйчүүдээс бүрдсэн олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгчөөр Обамагийн Засгийн газрын хэвлэлийн албаны нарийн бичгийн даргын орлогч, Цагаан ордны олон нийттэй харилцах албаны орлогч дарга асан Жэн Псаки ажиллах юм.  Тэрээр Барак Обама, Жон Керри, Жо Байден гэсэн гурван ерөнхийлөгчийн сонгуулийн штабд ажилласан арвин туршлагатай нэгэн.

2. Харин Байдены кампанит ажлын үед болон түүнийг дэд ерөнхийлөгч байхад олон нийттэй харилцах албаны  даргаар ажиллаж байсан Кейт Бедингфилд түүний Засгийн газрын олон нийттэй харилцах албаны захирлын хариуцлагатай албыг хашихаар болжээ. Тэрээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жон  Эдвардсын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв.

3. Бедингфилдийн орлогчоор мөн  Байдены сонгуулийн штабд ажиллаж байсан Пили Тобар томилогдсон байна.  Тэрээр цагаач иргэдийн эрхийг хамгаалдаг “Америкийн дуу хоолой” байгууллагад дэд захирлаар  ажиллаж байсан юм.

4. Хэвлэлийн төлөөлөгчийн нэгдүгээр орлогчоор, Харрисын сонгуулийн штабын дарга, Байдены кампанит ажлын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Карин Жан-Пьер томилогджээ.  NBC, MSNBC гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрийн тоймч, MoveOn.org сайтын олон нийттэй харилцах албаны дарга байсан тэрээр Обамагийн кампанит ажлын албанд үүрэг гүйцэтгэж байсан юм.

5. Байдены кампанит ажлын зөвлөх Симона Сандерс дэд ерөнхийлөгч Камала Харрисын хэвлэлийн төлөөлөгчөөр  ажиллана. Тэрээр CNN-ий улс төрийн тоймч бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн шударга ёсыг хамгаалах холбооны гишүүнээр ажиллаж байсан билээ.

6. Харрисын олон нийттэй харилцах албаны захирлаар Байдены кампанит ажлын ахлах зөвлөх Эйшли Этине ажиллана. Тэрээр Обамагийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байв.

7. Байдены кампанит ажлын ахлах зөвлөх Элизабет Александр  тэргүүн хатагтай Жилл Байдены олон нийттэй харилцах албаны даргаар сонгогджээ. Тэрээр Обама болон Байдены хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн Байденыг сенатч байхад олон нийттэй харилцах албаны даргаар нь ажиллаж байлаа.

Жо Байдены засаг захиргааны хамгийн чухал үүргийг гүйцэтгэх эдгээр долоон эмэгтэйн ихэнх нь өнгөт арьстан юм.  Камала Харрис тэднийг “Туршлагатай, авьяастай, ямар ч  саад бэрхшээлийг даван туулаад гарах чадалтай” хэмээн тодорхойлжээ. Тэрээр “Цар тахал, эдийн засгийн хямрал, уур амьсгалын доройтол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэсэн олон сорилттой бид тулгарсан. Энэ сорилтыг туршлагатай, чадварлаг,  хамт олны тусламжтайгаар даван туулна. Цагаан ордны түүхэн дэх хамгийн чадварлаг, шударга, ил тод баг байна гэдэгт найдаж байна” гэж ярьсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.