ЭМЯ: Автобус баазын нэг жолооч  халдвартай нь тогтоогдсон
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод  аймгийн салбар лабораториудад нийт 19680 шинжилгээ хийгдсэн. 600 гаруй хавьтлын давтан шинжилгээ хийгдсэнээс 12 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тав нь халдвартай нь тогтоогдсон хүний ойрын хавьтал, 2 нь ХӨСҮТ-ийн  2 ариутгагч байна.  Дүүргүүдээр хэлвэл Баянгол 26,  Сонгинохайрхан 14, Баянзүрх 24, Сүхбаатар 14, Хан-Уул 16, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Гурав нь гэр бүлийн хүмүүс, нэг нь эмнэлгийн ажилтан байгаа.  Нийт батлагдсан тохиолдол 193 боллоо.  Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 45 боллоо. Энэ хүний тандалт судалгааны ажил хийгдэж байгаа. Дотоодын халдварын тохиолдол нийт 386 болсон.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 831, эдгэрсэн 365  хүн байна. ХӨСҮТ-д  249 хүн, Цэргийн төв эмнэлэгт 208 хүн, нийт 457 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 374 хүн, хүндэвтэр  75, хүнд 5, маш  хүнд 3 хүн  байна.

Өчигдөр  7 тохиолдлын голомтод ажиллалаа. Батлагдсан тохиолдлууд ойрын хавьталаа мартах нуух зэргээс болоод хожуу оношлогдох  тохиолдол байна. Автобус баазын нэг жолооч  халдвартай нь тогтоогдсон. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарласан байсан. Энэ хүний ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тусгаарлах, шинжилгээ хийх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна.  Автобус баазын 400 гаруй хүний нэрсийг гаргаж түргэвчилсэн шинжилгээнд хамруулаад урд шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамруулж байна.  Ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулсан" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus