Д.Галминж: Монголд 30 мянган ажлын байр нэмэгдэж, АНУ-ын зах зээл ''нээгдэх'' хуулийг Байден батлах хүлээлттэй байна

Түрүүч нь Д.ГАЛМИНЖ: БАЙДЕН, ТРАМП ХОЁРЫН УЛС ТӨРИЙН ИДЕОЛОГИ ТЭС ӨӨР

“Зууны мэдээ” сонин “Ярилцах цаг” булангийнхаа зочноор энтрепренер, улс төр судлаач Д.Галминжийг урилаа. Тэрээр АНУ-ын Конгресст туршлага судалсан.  Конгрессмен, улстөрчидтэй хумхаа өвчний эсрэг хамтран тэмцсээр ирсэн бөгөөд Вашингтон Д.С-д Бизнес, төрийн бодлогоор магистрын зэрэг хамгаалж буй юм.

 

- Дэлхийд маш том сорилт болж буй COVID-19 цар тахлын дэгдэлттэй АНУ ямар бодлогоор тэмцэж ирэв. Ялангуяа, эдийн засгийг дэмжих, халамжийн бодлого ямар байсан вэ?

-COVID-19-ийн тусламж, эдийн засгийн аюулгүй байдлын тухай хуулийг Конгресс баталж, Ерөнхийлөгч Д.Трамп 2020 оны гуравдугаар сарын 27-нд гарын үсэг зурснаар 2.3 триллион ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Зарим хүмүүс АНУ-ын Засгийн газрыг хэмжээлшгүй их мөнгөтэй учраас  иргэддээ мөнгө тарааж байна гэсэн хандлагаар харж байна. Тэгвэл үгүй юм.  Хэвлэж, тараасан мөнгийг иргэд цаашид нэмэгдэх татвараар дамжуулан буцааж төлөх нь энгийн ойлголт шүү дээ. Коронавирусын уршгаар АНУ-д Main st буюу жижиг бизнесүүд-бар, ресторан болон Wall st буюу хөрөнгийн зах зээлд эдийн засгийн хямрал бий болсон. Тиймээс Засгийн газарт асар их хэмжээний мөнгө хэрэг болно. Тэр ганц хувилбар нь хувийн хэвшил болох Холбооны нөөцийн банк юм. Энэ банкинд триллионоор хэмжигдэх ам. доллар бэлэн байхгүй учраас  хэвлэхээс өөр сонголт үлдээгүй. Өөрөөр хэлбэл, Сангийн яамтай хамтран хэвлэлийн машинаа ажиллуулж  триллионоор нь хэвлэж зээлэх явдал юм. Гэхдээ зуутын дэвсгэртийг  12 цент зэргээр хэвлэхэд хүртэл өртөг гарч байна.

АНУ-ын төсвийн алдагдал нь 2019 оны санхүүгийн жилд 26 хувиар өсч 984 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн долоон жил дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Асар их хэмжээний мөнгийг богино хугацаанд хэвлэж байгаа нь Гиперинфляцийг бий болгох эрсдэлтэй. АНУ хамаагүй хүчирхэг улс төрийн болон эдийн засгийн системийг суурилуулсан гүрэн учраас арай ч Венесуэлийн жишээг давтахгүй.  Гэсэн ч эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мөнгө хэвлэхээс өөр зөв сонголт байгаагүй. Хэвлэсэн 2.3 триллион ам. доллароос 350 тэрбумыг бизнесүүдийг дэмжих зорилгоор зээл тусламж хэлбэрээр хүргэсэн. Нөгөө талдаа бизнесүүд хаалгаа барьснаар ард иргэд ажлын байргүй болох үед нь Засгийн газраас долоо хоног бүр ажилгүйдлийн тэтгэмж болох 960 орчим ам.долларыг өгч эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна.  Мөн америк иргэн бүрт 1200 ам.долларын чекийг шуудангаар илгээсэн нь цагаа олсон тусламж байсан гэж харж байгаа. COVID-19 цар тахлын тархалтыг зогсоох үүднээс мужийн болон орон нутгийн засаг захиргаа ард иргэдийг хоол хүнсээ цуглуулах гэх мэт онцгой нөхцлөөс бусад үед гэрээсээ гарахгүй, дэг журам сахихыг уриалж, тушаалыг амжилттай хэрэгжүүлж байсан.

Харин бусад улс орнуудын  цар тахлын үед авч байгаа арга хэмжээг харвал, Хятад 169 тэрбум ам.доллар, Энэтхэг 23 тэрбум ам.долларыг карантинд байгаа ядуу иргэдээ хооллоход зарцуулж, Итали 28 тэрбум ам.долларыг ажилгүйдлийн тэтгэмж болон бизнесүүдэд зээл олгох хэлбэрээр тусламж үзүүлсэн. Англи болон Дани улсууд ард иргэддээ ажилгүйдлийн тэтгэмж олгож, Итали болон Испани моргежийн төлбөрийг тодорхой хугацаанд царцаагаад байна.

- Цар тахлын үед бүтэн жил шахам баримталж ирсэн Д.Трампын бодлогыг Жой Байден хэрхэн үргэлжлүүлж байна вэ. Эдийн засгийг дэмжихээс гадна цар тахлын дараа хэрхэн хөл дээр нь босгох вэ гэдэгт улс орнууд анхаарлаа хандуулж байна?

-АНУ-ын ерөн-хийлөгчийн эрх мэдлийн шилжилт 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт хийгдэнэ. Байден болон Харрис нар ажлаа хүлээж авсан эхний өдрөө цар тахалтай тэмцэх, эдийн засгийн арга хэмжээ авч сайжруулах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг зогсоох,  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажил хэргүүдэд шамдан орохоо мэдэгдсэн. Цаашид Байден ямар бодлого тууштай баримтлах нь хэлэхэд арай эрт байна.

- Манай улс саяхнаас хатуу хөл хорио тогтоолоо. Эдийн засгийн арга хэмжээ ч иргэдийн сэтгэлд хүрэхгүй байгаа. Улсын төсвөөс шалтгаалж байгаа зүйл ч бий байх. Энэ цаг үед эдийн засгийг дэмжих, дундаж давхаргыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ямар бодлого оновчтой вэ?

-COVID-19-ийн үед Монголын  жижиг дунд бизнес эрхлэгчид буюу энэ ангилалд  60 мянга орчим аж ахуйн нэгж, 600 мянга гаруй ажилтнуудын асуудал яригдана гэж ойлгож байгаа. Хөл хорионы үед эдийн засгийг дэмжихийн тулд хамгийн эхэнд зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй. Мөн түрээсийн болон татварын төлбөрүүдийг бууруулж, үйл ажиллагааг нь халдвар хамгааллын хүрээнд хэвийн явуулах боломж олгох нь зүйтэй. Ер нь манай ард иргэдийн ихэнх нь хадгаламжгүй хэрнээ эсрэгээрээ бүгд зээлтэй. Нийт иргэдийн 90 гаруй хувь зээлтэй гэсэн мэдээлэл бий. Тиймээс Засгийн газраас иргэдийн тасалдсан орлогыг  хэрхэн нөхөх, үйл ажиллагаа, орлого нь жигдэртэл зээлийн хүндрэлийг нь хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт төвлөрөх нь зүйтэй.

Том бизнесүүдийн хувьд хэвийн байдалд ороход нь бодлогоор дэмжих шаардлагатай. Тэд улсын төсвийг бүрдүүлж байгаа шүү дээ.  Жишээлбэл, АПУ 400 тэрбум гаруй төгрөгийг төсөвт бүрдүүлдэг ч хөл хорионы үед үйл ажиллагаа нь хүндэрснээ мэдэгдсэн.

Цар тахлын дэгдэлт үргэлжилж байгаа ч дэлхийн улс орнууд ирэх жилийн аялал жуулчлалын тэсрэлтэд бэлтгэж байна. Гэтэл манай улс үүнд ямар бодлогоор хэрхэн бэлтгэж буй нь тодорхой бус. Ямар ч мэдээлэл алга. Би андуураагүй бол зурагтаар “Солонгост тавтай морил” гэсэн сурталчилгаа явж байгааг гайхаж байна. Нэг үгээр бид энэ цаг үед тэсэх, дасан зохицох, дэвшил болгон ашиглаж хөгжлийн шинэ түвшинд гарах бодлого баримтлах ёстой. Гэтэл ердөө хамгаалах арга хэмжээтэйгээ зууралдаад нэг жил гаруй боллоо. Дасан зохицох нь битгий хэл тэсэх гэдэг зүйл ч алга.

- АНУ дэлхийн эдийн засгийн гол тоглогч. Энэ утгаараа шинэ Ерөнхийлөгчийн баримтлах бодлого Монголд хэрхэн нөлөөлөх бол. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-АНУ-ын улс төр, эдийн засгийн амьдрал дэлхий дахинаа үргэлж анхаарлын төвд байдаг. Учир нь энэ гүрэн дэлхийн эдийн засгийн 24 хувийг дангаараа бүрдүүлж байна шүү дээ. Манай улсын хувьд АНУ-тай 1987 оноос хойш дипломат харилцаатай явсаар өдгөө 33 жилийн нүүр үзсэн байна.  Түүхийг эргээд харахад АНУ нь тухайн үед манай улсын статусыг дэмжих үүднээс өөрсдийн үүрэг ролийг гүйцэтгэж ирсэн. Монгол Улстай дипломат харилцаатай явсаар ирсэн энэ түүхэн хугацаанд АНУ-ын засгийн эрхэнд аль ч намын удирдагч гарч ирсэн бидний харилцаанд харшлаагүй гэж хэлж болно. 2011 онд Барак Обамагийн засаглалын үед Жой Байден дэд ерөнхийлөгч байхад манай улсад айлчлаад буцахдаа хоёр орны эдийн засгийн  хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлж байсан.

 2019 онд Х.Баттулга Ерөнхийлөгч АНУ-д албан айлчлал хийгээд буцахдаа маш чухал Вашингтоны тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэ нь хоёр улсын харилцааг “стратегийн өндөр түвшинд хүрснийг” баталсан баримт бичиг төдийгүй Монголын хувьд Америк нь тав дахь, харин АНУ-ын хувьд манай улс 17-дох стратегийн түвшинд хүрсэн улс болсноороо онцлог юм. Тодорхой хэлбэл, ямар ч үед хоёр улс нийтлэг эрх ашгийнхаа хүрээнд нөөц бололцоогоо ашиглан, харилцан туслалцах урт хугацааны гэрээ гэсэн үг. Нэг зүйлийг дурдахад АНУ-ын Конгресст “Гуравдагч  хөршийн худалдааны гэрээ” хуулийн төсөл оччихсон байгаа. Энэхүү хуулийн төслийг 2018 онд Тед Йохо болон нэр бүхий есөн төлөөлөгч өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлд Жой Байден гарын үсэг зурж хууль болгоно гэсэн хүлээлт, итгэл үнэмшил байна. Хууль батлагдсанаар Монгол Улсад 30 мянга гаруй ажлын байр бий болж, бид АНУ-ын зах зээл рүү өөрсдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулж, кашмераа  сурталчилж, таниулах эдийн засгийн өндөр үр өгөөжтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bebe 2020-12-23 02:57:05
    Savkhin edlel, turuuvch, beelii.
    173.245.54.240
    Мэдэгдсэн Хариулах
  • sudlaach 2020-12-13 02:38:10
    Amerikiin zah zeel ruu oroh oor ymar buteegdhuun bna. Noos nooluur l gesen yum yrihiin naadh chin zugeer l heden hulgaichuudiin l biznes shdee oor yuch bish.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах