“Энхсаран” сувиллын асуудал юу болов?

Өнөөдрөөс яг сарын өмнө Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Ингээд улсаараа бүтэн сарын турш хөл хорионд оров. Улаанбаатар хотод эх уурхай тусдаа бие даасан хэд хэдэн багц тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний нэг нь "Энхсаран" сувилал юм.

Дэлхий нийтэд цар тахал гарч, гадаад орнуудаас ирсэн иргэдээ тусгаарлаж эхлэх үед нисэх буудалд ойрхон, байгалийн таатай орчинд үйлчилгээ сайтай "Энхсаран" сувиллыг сонгож ажиллуулсан байдаг. "Энхсаран" сувилал нь 2009 оноос уламжлалт сэргээн засах, эмэгтэйчүүдийн өвчний тусламж үйлчилгээ үзүүлэх сувиллын газар болон өргөжсөөр өдийг хүртэл эмнэлэг, сувиллын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн байна. Өвөлдөө 70 хүн, зуны улиралд 150 хүн хүлээн авах хүчин чадалтай гэх танилцуулгатай. Гэвч “Энхсаран” сувилалын хувьд тусгаарлагдаж буй иргэдийн зүгээс байнга санал гомдол гаргаж байв. Хоол нь амтгүй, халаалтгүй, бясаатай, халуун хүйтэн усгүй, хулганатай гээд маш олон асуудлууд “Энхсаран” сувилалд хаяглагдаж, гадаад орнуудаас ирж байгаа иргэдийн хувьд “хар жагсаалт”-д орсон тусгаарлалтын байрны тоонд ороод байв. Гэсэн ч тус сувилал  нэг иргэнээс 1,060,000 авч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм. 

Ийнхүү асуудал даамжирсаар тус байранд халдвар хамгаалалт, тусгаарлалтын горим алдагдсанаас үүдэн коронавирусын халдвар тархсан нь бодит үнэн. Тэгвэл үүнд хэн хариуцлага хүлээх вэ? гэх асуулт өнгөрсөн өдрүүдэд хариулт нэхсээр ирсэн. 

Иймээс “Энхсаран” сувилалтай холбоотой, дарга удирдлагуудыг нь шалгаж буй асуудал ямар шатандаа явж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гарсан” хэмээлээ.

Хэрэв эрх бүхий байгууллагаас тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг санаатайгаар зөрчсөн, бусдад тархаах нөхцөл бүрдүүлсэн бол хуулийн дагуу дараах хариуцлагыг хүлээнэ. 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг;

3.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus